Линдсей ”Machete” киногоор эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Линдсей ”Machete” киногоор эргэн ирлээ

Холливуудын шоучин охин Линдсей Лоханы шүүх хурал өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр Лос-Анжелос хотноо болж, шүүх хурлыг даргалсан шүүгч Elden S.Fox жүжигчнийг албадан эмчилгээг хугацаанаасаа өмнө дуусгах шийдвэр гаргасан. Тэрбээр ирэх арваннэгдүгээр сар хүртэл долоо хоногт хоёр удаа эм болон алкоголын сорил өгч, Лос-Анжелос хотоос гарахгүй байх ёстой юм. Харин дээрх шийдвэрийг үл биелүүлэн, тогтсон хугацаанд сорилоо өгөөгүй, мөн сорилын дүн амжилтгүй гарсан тохиолдолд 30 хоног шоронд хорих юм. Түүнтэй холбогдох хэргийн дараагийн шүүх хурал ирэх арваннэгдүгээр сарын 1-нд болно.
Ийнхүү эрх чөлөөтэй болсон тэрбээр "Machete" киноныхоо нээлтийн ажиллагаанд оролцлоо. Тэрбээр төдийлэн олны анхаарлыг татахыг хүсээгүй нам гүмхэн байсан ба “Би зүгээр л карьераа эргүүлж олж авамаар байна” хэмээн “Vanity Fair” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурьдсан нь үнэн болтой.
Энэхүү кинонд бүтээсэн дүр нь нэлээд хар бараан амьдралыг харуулдаг ба ихэнхдээ нүцгэн гардаг гэнэ. Сексийн хэсгүүд архи ууж согтуурах ээжтэйгээ ам зөрөлцөх хэсгүүд гээд уг кинонд хүнд зураг авалтууд их байсан тухай киноны багийнхан ярьсан байна. Харин түүний дараагийн уран бүтээл нь 1972 онд “Deep Throat” нэртэй киногоороо нэрд гарч байсан порно од Linda Lovelace-ны амьдралаар хийж буй "Inferno" нэртэй кино гэнэ. Энэхүү киноны  гол дүр болох Linda Lovelace-ны дүрд тэрбээр тоглож байгаа юм.
Тус киноны найруулагч Wali Razaqui “Бид Lindsay-г сонгосноо хамгийн зөв сонголт гэж бодож байгаа. Тэр энэ дүрийг гайхалтай бүтээж чадна гэдэгт бид итгэлтэй байна. Киноны гол дүр болох Linda Lovelace-ны амьдрал хэл ам, элдэв шүүмжлэлээр дүүрэн байсан нь Lindsay-гийн амьдралтай адил гэхэд болно” хэмээн “Los Angeles Times” сонинд өгсөн ярилцлагандаа хэлжээ.
Өнгөрсөн хэдэн жилийн турш, хэл амны бай болж ирсэн жүжигчин бүсгүй одоо үнэхээр цоо шинээр амьдарч эхлэхээр шийдсэн тухай түүний ээж ярьсан байна. “Багаасаа амжилтад хүрч, хүүхэд нас гэж зүйлийг бараг мэдрэлгүй өссөн тэрбээр их мөнгөнд толгойгоо мэдүүлж, амьдралдаа алдаа хийсэн” хэмээн тэр хэлжээ.
Линдсей мөн хувийн амьдралынхаа тухай “Хүн бүр миний аавыг надаас болж үзэн яддаг болсон. Яг үнэндээ аав л намайг кино урлагтай холбож, намайг буруу зүйл хийж эхлэхэд хаацайлж нуулгүй олонд дэлгэж байсан. Аав аа, намайг уучлаарай” хэмээн ярьсан байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж