Манай сурвалжлагч С.Ундармаа Узбекистанаас мэдээлж байна.
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёевын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын ач холбогдлын талаар гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд Төв Азийн болон хөгжиж байгаа орнуудтай харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх гэдэг заалтыг тусгасан байдаг. Энэ заалт амжилттай хэрэгжээд явж байна. Бидний хувьд Төв Азийн улс орнуудтай найрсаг харилцаагаа сэргээх, идэвхжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах нь чухал ач холбогдолтой. Яагаад гэхээр эдгээр улс бидэнтэй адил гараатай байсан. Узбекистан-Монголын харилцаа 90-ээд оноос хойш идэвх муутай байсан.
Узбекистан Улсад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анх удаа төрийн айлчлал хийж байна. Тэгэхээр энэ бол харилцааны шинэ түүхэн хуудсыг нээж байгаа өндөр ач холбогдолтой үйл явдал юм.
Нөгөө талдаа Монгол Улсын гадаад бодлого Төв Ази руу чиглэж байна. Төв Азийн бүс нутаг дотор Узбекистан Монгол Улстай найрсаг харилцаатай төдийгүй түүхэн уламжлалт харилцаатай. Мөн дээрээс нь маш том зах зээлтэй учир эдийн засгийн агуулгаараа ч тэр өргөн цар хүрээтэй ажиллахыг хүсдэг улс.
Айлчлал маш үр дүнтэй, хүртээл сайтай, эдийн засгийн хувьд хувийн хэвшил, баялаг бүтээгчдийг дэмжихэд өндөр ач холбогдолтой болж үргэлжилж байна.
Төрийн дээд түвшний айлчлалын үеэр хоёр орны Ерөнхийлөгчийн ярьсан зүйлс заавал хэрэгжих ёстой болдог. Тийм учраас айлчлалын хүрээнд хариуцлагатай судалгаа хийсний үндсэн дээр олон салбарын хамтын ажиллагааг тодорхойллоо. Мөн тодорхой механизмуудыг бий болгосон. Яагаад гэвэл яаж хамтарч ажиллах, ямар бүтээгдэхүүн экспортолж, импортлох вэ, хэр ашигтай бай вэ зэргээс гадна шинэ салбаруудын боломжит судалгааг хийхээр болж байна. Тэгэхээр энэ удаагийн түүхэн айлчлал байгуудагдсан баримт бичгийн тоо, цар хүрээ, төлөөлөгчдийн бүрэлдэхүүний түвшинг харсан ч тэр мөн айлын талын хүлээж авч байгаа нөхцөл байдал, хүсэл эрмэлзэл, харилцаа, хандлагаас дүгнэхэд айлчлал үр дүнтэй болж байна.