Испанийн шигшээ баг энэ Еврогоор тун гайхалтай тоглолтыг үзүүлж, үхлийн гэгдэх хэсгээс нэг ч хожигдолгүй гурван хожилтой тэргүүлэн хасагдах шатанд шалгарсан. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэргэжилтнүүд Ла Рохагийн шинэ эрин эхэлж байна гэж бичиж буй. Тэгвэл тус эриний манлай нь Ламин Ямаль билээ. Өдгөө дөнгөж 16 настай тэрбээр хэдийнэ олны анхаарлыг татаж, од болох нь баараггүй гэгдэж байна.
Гэхдээ Ламин Ямаль одоо ч ахлах сургуулийн сурагч бөгөөд сургуулиас нь гэрийн даалгавар болон бусад нэмэлт даалгаврууд өгсөн учир Германд тоглолтгүй, бэлтгэлгүй үедээ хичээл номондоо шамдаж байгаа гэнэ.
Ламин Ямаль "Cope"-д өгсөн ярилцлагадаа "Хэдэн цаг би хичээлээ хийж байна гэж үү? Германд ирснээсээ хойш надад чөлөөт цаг их гарч байна. Өнөөдөр л гэхэд би өрөөндөө байхдаа хоёр цагийг хичээлдээ зарцууллаа. Нико, Фермин хоёр намайг PlayStation тоглоё гэж дуудахад би iPad-аа аваад хэд хэдэн даалгавраа хийсэн. Шалгалтын тал дээр би iPad-аараа сургуулиас над руу илгээсэн даалгаврыг нь хэвлээд хийдэг. Дүн гэвэл тэд нар руу онлайнаар явуулах байх. Гол нь миний Еврод ямар амжилт үзүүлэхээс шалтгаална. Би аль болох тэмцээнээ үргэлжлүүлж, хичээлдээ буцаж очмооргүй байна. Хэрэв бид финалд хүрвэл би хичээлдээ очихгүй ээ. Шууд амралтанд явна" гэжээ.
Испани гоц авьяастан Ламин Ямал Хорватын эсрэг талбайд гарснаар Еврогийн түүхэнд хамгийн залуудаа талбайд гарсан хөлбөмбөгчин болсон. Мөн түүнд хамгийн залуудаа гоол оруулсан гэх амжилтын эзэн болох боломж бий.
Түүнээс Еврогийн түүхэн дэх хамгийн залуу тамирчин болсон талаар нь асуухад "Энэ намайг айлгаж байна гэж үү? Үгүй ээ. Эцэст нь энэ бол зүгээр л нэг мэдээлэл төдий. Намайг айлгахгүй байна. Би өмнөх шигээ л тоглоно. Сайн тоглох тал дээрээ анхаарч, эцэст нь энэ л надад тусална гэж бодож байна. Учир нь би юу ч хийсэн миний наснаас болоод бүх зүйлийг хүмүүс дөвийлгөөд байна" гэв.
Хэрэв Испанийн шигшээ баг Еврогийн финалд хүрвэл Ламин Ямаль зуны амралт дуустал гэртээ, сургуульдаа очихгүй гэнэ.
Холбоотой мэдээ