Японы Киото хотын нэгэн зочид буудал Израиль жуулчинд үйлчлэхээс татгалзсан нь орон нутгийн албан тушаалтнуудын шүүмжлэлийг хүлээв. Тухайн жуулчин урьдчилан буудлаа захиалсан байсан ч захиалгыг нь цуцалсан тухай мессежийг "Whatsapp"-аар хүлээж авчээ.
"Hotel Material" зочид буудлаас түүнд ирсэн мессеж нь "Танд ийм мэдэгдэл хүргүүлж байгаад уучлаарай. Газын зурвас дахь мөргөлдөөнд оролцож буй Израилийн Батлан хамгаалах хүчний үйлдсэн дайны гэмт хэргийн улмаас бид тэдэнтэй холбоотой байж болзошгүй хүмүүсийн захиалгыг хүлээж авах боломжгүй боллоо" гэсэн байв. Тухайн жуулчинг яагаад Израилийн армитай холбоотой гэж бодсон нь тодорхойгүй.
Гэхдээ тухайн жуулчин Киотогийн өөр зочид буудалд захиалга өгснөөр төлөвлөгөөт аяллаа үргэлжлүүлсэн байна.
Жуулчин мессеж хүлээж авсан даруйдаа Токио дахь Израилийн Элчин сайдын яаманд гомдол гаргажээ. Израилийн Элчин сайдын яам "Hotel Material" зочид буудлыг илт ялгаварлан гадуурхсан үзэл гаргасан гэж буруутгажээ. Элчин сайдын яамны улс төрийн зөвлөх Идо Бромберг хэлснээр жуулчинд мессеж илгээсэн хүн нь зочид буудлын ерөнхий менежер, эзэн, аль эсвэл захирал ч бус доод түвшний ажилтан байжээ.
Элчин сайдын яам энэ асуудлаар Японы засгийн газарт албан захидал хүргүүлж, гомдол мэдүүлсэн. Гэхдээ хоёр улсын хооронд ямар ч дайсагнал байхгүй гэдгийг Бромберг онцлов.
"Японд, тэр дундаа Японы зочид буудлын зах зээлд ийм хандлага байхгүйг бид мэднэ. Японы зочлох үйлчилгээний стандарт хангалттай сайн гэдгийг мэднэ. Тийм учраас тус зочид буудал дахин ийм зүйл давтагдахгүйн төлөө арга хэмжээ авна гэдэгт итгэж байна. Бид үүнийг онцгой ганц тохиолдол гэж харж байна. Токио, Тел-Авив хооронд шууд нислэг байдаг. Япон бол израиль жуулчдын ирэх дуртай газар" гэж Бромберг хэлжээ.
Элчин сайдын яамаар тогтохгүй Киото хотын захиргаа хүртэл тус зочид буудлыг Японы зочид буудлын бизнесийн хууль зөрчсөн гэж хатуухан зэмлэсэн байна. "Бид хотын иргэд болон аялагч жуулчдад аюулгүй, өндөр чанарын үйлчилгээ үзүүлэхийг зорьдог. Үүнтэй нийцэхгүй нөхцөл байдал үүсвэл хатуу хариу арга хэмжээ авна. Хотын захиргааны төлөөлөгч тухайн зочид буудалд биечлэн очиж, хуулийн зөрчлийн талаар мэдээлсэн" гэж хотын захиргаанаас мэдээлжээ.
Эх сурвалж: CNN