Эдийн засагч Р.Даваадоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнгөрсөн онд эдийн засаг багагүй өсөлттэй гарсан. Энэ онд эдийн засгийн өсөлт тогтвортой үргэлжлэх боломж хэр харагдаж байна?
-Энэ оны эхний таван сарын үзүүлэлтээр төсөв болон гадаад худалдаа ашигтай гарсан. Энэ нь гэхдээ зөв бодлого явуулаад гадаад худалдаа өссөн гэсэн үг огт биш. Ковидын тэг зогсолт бараг гурван жил үргэлжилсний эцэст хориогоо цуцлах шийдвэр гарч Хятадын үйлдвэрлэл эрчимтэй сэргэж, төр нь ч харамгүй гараа сунгаж хөнгөлттэй зээл аж ахуй нэгжүүддээ олгож байна. Энэ нь “бай”-гаа нь байгаа онож дэлхийн хоёр дахь том эдийн засаг эрчимжитэй өсөж байна. Иймээс түүхий эдийн үнэ ханш өндөр, эрэлт сайн байх нь аргагүй юм. Ийнхүү нүүрсний гол экспортлогч орнуудад маш эерэг үзүүлэлт авчирлаа.
Дэлхийн нүүрсний худалдаа 2019 оны түвшинг давлаа. Индонези улс экспортоо 399 сая тонноос 521 сая болгон нэмэгдүүлсэн бол Австрали мөн өнгөрсөн онд борлуулалтаа 202 сая тонн болгон нэмэгдүүлжээ.
Монгол Улсын гадаад худалдаа ашигтай гарах гол шалтгаан бол нүүрсний экспорт юм. Хэрэв төмөр замаа барьчихсан бол өнөөгийн түвшнээс хол давуу нүүрс экспортлох боломж алдагджээ. Цаашид ийм таатай байдал хэр зэрэг үргэлжлэхийг таамаглах тийм ч хэцүү биш. Хэрэв урьд нь хямд зардлаар хямралыг даван туулах боломжтой байсан бол одоо шинээр нэмэгдсэн татвар, хориг арга хэмжээ, ложистикийн зардал өссөнтэй холбоотой байдал хүндэрч байна. Өөр нэг зүйл бол Энэтхэг, Хятад хоёр улсын эрчим хүчний бие даасан бодлого бөгөөд тэд өөрсдөө нүүрсний үйлдвэрлэлээ идэвхтэй нэмэгдүүлж, нөөцийг бий болгож эхэлжээ. Тэд импортоос бага хамааралтай байхыг зорилтоо болгосон. 2024 оны зургадугаар сар гэхэд энэ байдал сайжрах урьдчилсан нөхцөлийг шинжээчид хараахан олж хараагүй байна. Нүүрсний экспорт жил ирэх тусам буурч байгаа нь гаднаас олдог 10 ам.доллар бүрийнхээ 6-г нүүрснээс олдог Монгол Улсын хувьд сайн мэдээ огт биш.
-Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч үнэ буурсан. Нүүрсний үнийн хэлбэлзэл хэвийн түвшинд очсон үү?
-Монгол Улсын 2024 оны эхний тавдугаар сард гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 6.4 тэрбум ам.доллар, импорт 4.4 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл хоёр тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Нүүрс өмнөх жилийн мөн үед 23.1 сая тонн экспортолж байсан бол энэ оны байдлаар 31.7 сая тонн хүрч 8.6 сая тонноор нэмэгдсэн ч борлуулалтын үнийн дүн 3.6 тэрбум ам.доллар буюу ойролцоо байна. Энэ нь нүүрсний үнэ буурч байгааг харуулах үзүүлэлт.
-Монгол Улс энэ онд 27 их наяд төгрөгийн орлого олохоор төсөөлсөн. Хэдийнэ хагас жил өнгөрчээ, орлого хэдэн хувийн биелэлттэй байна вэ?
-Татварын орлогоор 23.9 их наядыг олно гэсэн тооцоололтой байгаа. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний тавдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 12.1 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл хоёр их наяд төгрөгийн ашигтай гарчээ. Ийм хэмжээнд гарах эерэг үзүүлэлт бодлогын арга хэмжээ огт биш харин өмнө хөршийн эдийн засгийн сэргэлттэй шууд холбоотой. Харин бид олсон хэмжээгээрээ зарлагаа огцом өсгөж байгаа нь буруу бодлого юм. Төсвийн зарлага 27.4 их наяд. 2021 онд 13,951.8 тэрбум төгрөг байсан шүү дээ. Ердөө гурван жилд 13.5 их наяд төгрөг буюу хоёр дахин нэмэгджээ.
Хөрөнгийн зардлын хэмжээ 2021 онд 3,5 их наяд 2024 онд 6.2 их наядад хүргэж 2.7 ихнаяд төгрөгөөр, урсгал зардал 2021 онд 11 их наядаас 2024 онд 21.3 их наяд хүргэж 10.3 их наядаар тэлжээ.
Төсөв гэдэг бол эрх баригчдын зарцуулж байгаа мөнгө. Энэ мөнгө найман жилийн хугацаанд 6 дахин нэмэгдсэн байхад эргээд ард түмний амьдрал дээрдэж сайжирч чадсан уу. Бодит байдал дээр иргэдийн амьдрал туйлын хүнд, хэцүү байна. Төсөв дээр ингэж их хэмжээний мөнгө нэмэгдэнэ гэдэг нь ард иргэд, аж, ахуй нэгжээс авдаг татварын хэмжээ улам бүр өсөж, дааж давшгүй ачаа нуруун дээр нь ирнэ гэсэн үг.
-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өндөр хэвээр байгаа ч инфляцийн түвшин буурсан гэх урвуу хамаарлыг та хэрхэн тайлбарлах вэ?
-Инфляци өнгөрсөн сар 5.7 хувьд хүрсэн гэсэн мэдээ харсан. Энэ бол шууд хүнс болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурч байгаа гэсэн үг огт биш. Монгол Улсын хэрэглээний сагс нийт 12 бүлгийн 329 бараа, үйлчилгээнээс бүрддэг. Сарын инфляци гэдэг нь өмнөх сараас үнэ хэдэн хувиар өссөнийг харуулна. Оны эхнээс гэвэл нэгдүгээр сарын 1-нээс хойш үнэ хэдэн хувиар өссөнийг харуулна. Харин жилийн инфляци гэдэг нь үнэ өмнөх оны мөн үеэс хэдэн хувиар өссөнийг харуулах үзүүлэлт юм. Иймээс сарын инфляцийн дүнгээр үнэ буурсан гэдэг дүгнэлт хийж болохгүй. Нэмүү өртөг бүтээгээгүй байхад мөнгөний нийлүүлэлт ихсэх нь хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөж байгаа. Хэрвээ инфляц нь тийм дор байгаа юм бол бодлогын хүүгээ яагаад 11 дээр бариад байгаа юм бэ гэх асуулт гарна. Mөнгөний нийлүүлэлт (M2) 2024 оны тавдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 39.1 их наяд төгрөг болж, ганц жилийн дотор 8.6 их наяд төгрөгөөр өсчээ. Өссөн шалтгаан нь төгрөгийн хадгаламж 4.9 их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 1.8 их наяд төгрөгөөр өссөнтэй холбоотой.
Иргэд аж ахуй нэгжүүд тийм баян хадгаламжиндаа мөнгө хийх хэмжээнд хүрээгүй.
Үүнийг доорх хоёр жишээгээр тайлбарлаж болно. Нэгдүгээрт, жилийн өмнө иргэдийн зээл 13 их наяд байсан бол энэ оны таван сарын байдлаар 18.6 их наяд болж өссөн байна. Өөрөөр хэлбэл, иргэд зээлээс зээлийн хооронд амьдарч байхад хэний хадгалмж ингэж өсөх вэ. Лав л иргэдийнх биш. Эрх баригчдынх л байж таарна. Хоёрдугаарт, өнгөрсөн жил УИХ дээр Татварын ерөнхий газар нэгэн аймшигтай тоо дэлгэсэн. 2022 оны эцсийн байдлаар бүртгэлтэй 218965 аж ахуй нэгжээс 155450 нь татварын тайлангаа ирүүлжээ. Энэ нь 63 мянган аж ахуй хаалгаа барьсан тул тайлангаа ч ирүүлээгүй гэсэн үг. Нэмээд 70561 нь Х тайлан ирүүлжээ. Өөрөөр хэлбэл, 134076 аж ахуй нэгж хаалгаа барьсан байв.
Тэгэхээр бор зүрхээрээ яваа аж ахуй нэгжүүдийн харилцахын мөнгө нэмэгдэхгүй. Харин эрх баригчидтай холбоо сүлбээтэй аж ахуй нэгжүүд овоо мөнгөжсөн байх гэсэн дүгнэлт хийж болно.
-Энэ жил түүхэнд байгаагүй өндөр төсөв баталсан. Төсвийн үр ашигтай хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт юу хийгдэв?
-Би Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалт “найрын ширээний ууц” болчихно гэж зүүдэлж ч явсангүй. Дэндүү харамсалтай. Юун нөгөө “ногоон автобус” гэж хэлье дээ. Сонгуулийн өмнө төсвийн хөрөнгө оруулалтыг гурван их наядад хүргэх учир шалтгаан бол сонгуулиар зарцуулах тэрбумаа олж авах зорилготой байсан гэдгийг анзаарлаа. Ер нь 1.5 тэрбум төгрөг сонгуулийн сурталчилгаандаа зориулах хоёр төрлийн л хүн бий. Нэг нь галзуу, нөгөөх нь хулгайч хүн байдаг юм байна гэдгийг ойлголоо. Би эхний байдлаар таван асуудлыг АТГ шалгуулахаар шилжүүлсэн. Дараагийн хөрөнгө оруулалтын асуудлыг бэлтгэж дуусгасан. УИХ сонгууль давхцсан учир түр азнаад байна. Одоо нэр дэвшигчдийн нэр хүндэд халдах учраас ямар ч байсан сонгууль өнгөрөөх нь зөв байх. Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, зарцуулалт нь батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжихгүй, олон нийт хяналт тавих боломжгүй байгааг далимдуулан татвар төлөгчдийн мөнгийг онц ноцтой их хэмжээгээр үнэгүйдүүлж, үрэн таран хийж байна. Зөвхөн 2024 оны төсвийн хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалт, төсвийн зарцуулалттай танилцаж хэд хэдэн аймгаар явж бодит байдалтай нь газар дээр нь очиход гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд нийтлэг болсон байгааг очиж танилцан баталгаажууллаа. Энэ нь нийт өрх гэр, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж улмаар Монгол Улсын хөгжилд саад учруулж байгаа хорт хавдрын нэг болсон төдийгүй үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн байгааг баталгаажуулж Монгол Улсын Ерөнхийлөгчид хяналт тавиач гэж ил захидал хүргүүлээд байна. Миний хувьд, төсвийн хөрөнгө оруулалтын шамшигдуулалтыг нам харгалзахгүй илчилж тэмцсээр ирсэн, цаашид ч тэмцэнэ. МАН нь ч бай, АН нь ч бай татвар төлөгчдийн мөнгөөр найрлах ёсгүй.
-Яг одоо бол Монгол Улсад сонгуулийн дараа амьдрал үргэлжлэх эсэх нь олон хүнд сонин биш байх шиг байна. Магадгүй сонгуульд ялалт байгуулах нь чухал байгаа байх. Ийм үед та сонгуулийн дараах зургаан сарын нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна?
-Сонгуулийн өмнөх жил төсвийн мөнгөөр үнэхээр туйллаа. Өндөр насны тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлсэн. Хүүхэд бүрд 100 мянган төгрөг үргэлжлүүлэн олгох шийдвэр гарсан. Малчдын шинэ хоршоо гэж их наядаар хэмжигдэх хөтөлбөр хэргжиж баруун солгойгүй мөнгө цацаж байна. Нэмээд, орон нутагт хөнгөлттэй ипотекийн зээл олгоно. Эхний гурван жилд гурван хувийн ипотекийн зээл олгож, урьдчилгаа төлбөрийн 60 хувийг төр батлан даана. Төрийн албан хаагчдад хөдөө, орон нутагт ажилласны нэмэгдэл олгоно. Үндсэн цалингийн 40 хувь/суманд/ 105.2 мянган албан 20 мянган /аймгийн төвд/ хаагч хамрагдана. Төрийн албан хаагчдад орон нутагт тогтвортой ажилласны тэтгэмж олгоно. 3-5 жил тутам ажиллаж буй зургаан сарын үндсэн цалинг олгоно. Малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс хариуцна. Өөрийн хүсэлтээр ноос, сүү, газар тариалан, арьс ширний урамшууллаас ЭМД болон НДШ төлөх боломжтой, бас НӨАТ төлөхгүй. Энэ их татвар төлөгчдийн мөнгөний хайр найргүй тэлэлт, галзуурал Монгол Улсад түүхэнд байгаагүй эдийн засгийн хямрал авчирна. Одоохондоо нүүрсний борлуулалтандаа дулдуйдаж байгаа төдий юм. Зөвхөн сонгогдохын төлөө улс орноо дампууруулах үйл явц нүдэн дээр өрнөж байна. Сөрөг хүчнээ харчих. Ус балгасан мэт дуугүй сууж байна.
-Макро эдийн засгийн түвшинд гарч болохуйц хүндэрлийг өрх гэрийн үүд хаалгаараа оруулахгүй байх тал дээр юуг анхаарах ёстой вэ?
-Юун эдийн засгийн өсөлт өрх гэрийн үүдээр орох. Эдийн засгийн хямрал удахгүй айл гэрийн хаалгыг тогшино. Бодлогын алдаа өрх гэрийн хүнс, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөөр айл гэрийн хаалгыг тогшино. Ингэхээр ард түмний амьдрал туйлын хүнд болох нь. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэг жилийн дотор 50-60 хувиар өсчихлөө. Дөрвөн жилийн хугацаанд хоёр дахин өссөн. Гэтэл ард түмний орлого өсөөгүй. Төсвөөр дамжуулж эрх мэдэлтнүүдийн хэрэглэдэг төсөв харин гурав дахин данхайсан. Ард түмний амьдрал эсрэгээрээ, гурав дахин хүндэрсэн.
Төв банкны бодлогын хүү нь хүртэл 11 хувь болсон. Бодлогын хүү өндөр байх нь аж ахуйн нэгжид ирэх зээл үнэтэй бас багасна гэсэн үг.
Ямар ч аж ахуйн нэгж 20 хувийн хүүтэй зээл аваад ашигтай ажиллаж чадахгүй. Эргээд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийх нь үнэ өсдөг ийм л чөтгөрийн тойрогт орчихлоо.
Иргэдийн цалин, тэтгэврийг нэмсэн гэх байх. Гэхдээ ингэж нэмлээ гээд гол асуудлыг шийдэж чадахгүй. Яагаад гэвэл асар их хэмжээний мөнгө нийлүүлэхээр буцаад бүтээгдэхүүний үнэ өсөөд, нэмсэн тэтгэврийн хэмжээ нь өсөлтөө гүйцэж чадахгүй. Монгол Улс өнгөрсөн 34 жилд хүнд байдалд орж байсан л даа. Гэхдээ эдийн засаг нь өсөх ийм сайхан боломжийг ашиглаж чадалгүй өрөндөө баригдаж, иргэдийг мод бариулж, аж ахуй нэгжүүдээ дампууруулж байсан түүхийг би лав мэдэхгүй юм байна.