Евро-2024 тэмцээний хэсгийн шатны сүүлийн тойргийн тоглолтууд үргэлжилж байна.
ХОРВАТ 1 – 1 ИТАЛИ
Маттиа Закканьи гэх Лациод тоглодог, 29 настай итали хагас хамгаалагч Хорватын шигшээ багийг гэрт нь буцаалаа. Энэхүү тэмцээнээр Модрич, Перишич, Манжукич, Субасич, Чорлука, Ракитич, Брозович, Ковачич, Ловрен, Крамарич нараар эхэлсэн Хорватын хөлбөмбөгийн алтан үе төгсөж байх шиг.
Хорватын алтан үеийнхэн 2018 оны дэлхийн аваргаас мөнгөн медаль, 2022 оны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн амжилттай.
Тун ширүүн өрсөлдөөнтэй, үзүүштэй тоглолт Лейпциг хотод болсон. Тоглолтын эхний үед Италийн шигшээ хаалга руу олон цохьсон ч Хорват илүү бөмбөг эзэмшиж байв. Мөн хоёр багийн хаалгач болох Жанлиужи Донаррумма болон Доминик Ливакович нар гайхалтай байсныг дурдах нь зүйтэй. Хоёулаа л гоол байж болзошгүй олон аюултай довтолгоонуудыг зогсоосон.
Хоёрдугаар үед Хорватаас эхний гоолыг оруулав. Андрей Крамаричийн цохьсон бөмбөгийг Италийн хамгаалагч Давиде Фраттеци гараараа саатуулж, улмаар Хорват торгуулийн цохилт олж авсан. Модричийн торгуулийн цохилтыг Доннарумма хаасан ч гүйцэт цэвэрлээгүй бөмбөг эргэн Модрич дээр ирэн гоол оруулжээ. Ийнхүү Хорват 1-0 гэсэн харьцаатай хожиж, Италийн шигшээ хасагдах шатанд шалгарах эсэх нь эргэлзээтэй болсон.
Спаллетти ч довтолгооны сэлгээнүүдээ оруулсан. Талбайд орж ирсэн Кьеза ч бужигнуулж, Италийн довтолгоо эрчимжив. Гэхдээ гоол оруулах аргаа олж чадаагүй л байлаа. Ийнхүү үндсэн цаг дуусч, шүүгч долоон минутыг нэмж сунгасан. Энэ үед Калафьоргийн дамжуулалтаар Закканьи гайхалтай гоолыг оруулж, тооны харьцаа тэнцсэнээр Италийн шигшээ хэсгээсээ шалгарч, Хорватын шигшээ гэртээ харихаар болжээ.
Италийн ахлах дасгалжуулагч Лучано Спаллетти "Иймэрхүү шийдвэрлэх тоглолтууд төгсгөл хэсэг рүүгээ улам сонирхолтой болдог. Хүмүүсийн итгэл алдарсан үед тамирчид бага зэрэг эрсдэл гаргаж, тоглолтдоо анхаарлаа төвлөрүүлдэг. Хорватын шигшээд баяр хүргэе. Эхний үед бид тааруу байлаа. Хэрэв жаахан хичээсэн бол амжилтад хүрэх байсан. Ялна гэсэн сэтгэхүйгүй ийм үр дүнд хүрэхгүй. Би тамирчдаасаа илүүг хүлээж байна. Гол нь тэнцвэрээ олох хэрэгтэй байна" гэв.
Харин Хорватын дасгалжуулагч Златко Далич "Албанийн эсрэг сүүлийн минутад, өнөөдөр сүүлийн минутад. Залуустаа баяр хүргэмээр байна. Тэд хичээл зүтгэл, золиос гаргаж чадлаа. Гэхдээ энэ бидний тэмцээн биш байжээ. Бид хоёр ч торгуулийн цохилт алдлаа. Нэмэлт цагт хоёр ч гоол алдлаа. Бүх нөхцөл байдал бидний гарт байсан. Биднийг дэмжсэн хүмүүстээ баярлалаа. Хүлцэл өчье. Үүнээс болж би үнэхээр сэтгэлээр уналаа" гэжээ.
АЛБАНИ 0 – 1 ИСПАНИ
Хэрэв гайхамшиг тохиож Албани хожвол гуравдугаар байраар хасагдах шатанд шалгарах боломжтой байсан юм. Харин Испанид юу ч тохиосон хасагдах шатанд шалгарах байв. Тоглолтын өмнө Испанийн шигшээ баг гарааны 11 тоглогчийнхоо арвыг нь сольж, ганцхан хамгаалагч Лапорте дараалан тоглов.
Нэгдүгээр үе эхлээд удаагүй байхад Ферран Торрес гоол оруулж, ерөнхийдөө тоглолтын хувь заяаг шийдчихсэн. Үлдсэн хугацаанд Албани алдах зүйлгүй урагш шахаж, довтолсон ч амжилтад хүрсэнгүй. Тоглолт Испанийн ялалтаар өндөрлөжээ. Ийнхүү В хэсгээс Испани болон Италийн шигшээ багууд хасагдах шатанд шалгарлаа.
Тоглолтын дараа Испанийн дасгалжуулагч Луис де ла Фуенте "Тэнгэрт дүүлэхгүй газартаа баймаар байна. Тоглолт бүр ширүүн өрсөлдөөнтэй, тоглоход хэцүү байна. Бүх гурван тоглолтдоо хожиж, хаалгандаа гоол алдсангүй. Энэ эрчээрээ л байх хэрэгтэй. Хасагдах шатанд Европын шилдэг 16 баг байх болно. Өөрсдийгөө фаворит гэж бодохгүй байна. Нэг өдөр хамгийн дээр нь байсан ч дараагийн удаад юу ч биш болж болно" гэв.
Албанийн дасгалжуулагч Силвиньо "Тоглогчдоороо, улсаараа бахархаж байна. Бид хоёр дахь удаагаа л Еврод орж байна. Гурван гайхалтай багтай сайн тоглолоо. Энэ тэмцээний талаар бодож би олон өдөр нойргүй хоносон. Гэхдээ үнэхээр сайн тоглож, эх орноо бахархуулж чадлаа. Бид ийм тэмцээнд олон орох хэрэгтэй" гэжээ.
Холбоотой мэдээ