Сонгууль ба дэлхийн эдийн засгийн хамаарал!

Хуучирсан мэдээ: 2024.06.25-нд нийтлэгдсэн

Сонгууль ба дэлхийн эдийн засгийн хамаарал!

Сонгууль ба дэлхийн эдийн засгийн хамаарал!

2024 он бол дэлхийн олон улс орны хувь заяаг шийдэх сонгууль болж буйгаараа онцлогтой жил. Ардчилсан нийгмийн бодлогыг тодорхойлж, ард иргэдээ зөв зам руу чиглүүлэх удирдагчийг сонгох нь сонгуулийн үндсэн зорилго юм. Орон нутаг, иргэдийн амьдралыг тодорхойлохоос гадна дотоод, гадаадын эдийн засагт чухал нөлөө үзүүлж чаддагаараа сонгууль чухал ач холбогдолтой. NEWS агентлаг энэ удаагийн "Дэлхийн эдийн засаг" буландаа сонгууль дэлхийн улс орны эдийн засагт хэрхэн нөлөөлж буй талаар хүргэж байна.


СОНГУУЛИЙН МӨНГӨ ЦАХИМ ПЛАТФОРМ РУУ УРСЧ, ЭДИЙН ЗАСАГ ТОДОРХОЙГҮЙ БАЙДАЛД ОРДОГ

Сонгууль ихэвчлэн зах зээлийн тогтворгүй байдлыг бий болгодог. Улс төрийн томоохон үйл явдлуудаас шалтгаалж санхүүгийн зах зээл савладаг. Тэгвэл хөрөнгө оруулагчдын мэдрэмжээс шалтгаалан бодлогын өөрчлөлт бий болдог. Мөн сонгуулийн үр дүнгээс хамаарч хувьцааны үнэ, валютын ханш, түүхий эдийн үнэ хэлбэлздэг.  Тиймээс хөрөнгө оруулагч нар сонгуулийн үр дүнг урьдчилан таамаглах аргагүй учир аливаа шийдвэрт хянамгай ханддаг аж.

Тухайлбал, хэрэв олон нийтэд алдаршсан  нэр дэвшигч аж ахуйн нэгжийн татварыг бууруулахыг санал болгон, сурталчилбал эрчим хүчний салбарын хувьцааны үнэ өсөх магадлалтай.

Мөн эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийн салбарын эдийн засгийн бодлогыг өөрчлөхөд хүргэдэг аж.

Сонгуулийн жилийн хувьцааны зах зээлийн үзүүлэлтүүд

Нэр дэвшигчид болон намууд төсвийн бодлого, татварын тогтолцоо, олон улсын худалдааны харилцааг хамарсан тус тусын бодлоготой. Үүнийг дагаж санхүүгийн зах зээл хэлбэлздэг гэдгийг инфляцаас мэдэж болдог. Энэ оны эхээр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден кампанит ажлынхаа хүрээнд шатахууны үнийг бууруулах зорилготойгоор шатахууны нөөцийг тодорхой бүс мужуудад тараасан. Гэхдээ үүний дараа орон сууцны үнэ огцом өссөн гэж “Associated Press” агентлаг мэдээлж байв.

Сонгууль нь олон улсын худалдаанд ихээхэн өөрчлөлт оруулдаг. Эрх баригчид өөрчлөгдөх нь экспорт, импортын тариф болон дипломат харилцаанд нөлөөлдөг. Энэ нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж, зах зээлд нэвтрэх нөхцөлийг өөрчилж, олон улсын худалдаанаас хамааралтай салбаруудын өрсөлдөх чадварт нөлөөлөх тохиолдол ч бий гэнэ.

Сонгуулийн үр дүнгээс хамаарч бий болсон тодорхойгүй байдал нь дэлхийн эдийн засгийн интеграци, хамтын ажиллагаанд асар их нөлөө үзүүлдэг.

Тухайлбал, Дональд Трамп анхны ерөнхийлөгчийн бүрэн эрхт хугацаандаа хилийн хана босгосноор Мексикийн экспортын үнэ тэр дундаа жимсний үнэ өсчээ. Трамп сонгогдохоос өмнө хэвийн байсан жимс ногооны урсгал огцом өөрчлөгдсөнөөр борлуулагчид алдагдал хүлээсэн юм.

2024 оны Энэтхэгийн ерөнхий сайдын сонгуулиар Нарендра Моди дахин ялсан нь тус улсын зах зээлийн үнэлгээ нэг их наяд ам.доллараар тэлж, таван  их наяд ам.долларыг давсан байна.

Энэ мэтчилэн парламент, ерөнхийлөгч, ерөнхий сайд гээд Засгийн газрын бүтцийн сонгуулиуд болохын өмнө болоод дараа нь эдийн засгийн олон өөрчлөлт, нөлөөлөл бий болдог байна. Хамгийн чухал нь бизнес, хөрөнгө оруулалтын салбар тодорхойгүй байдалд орох нь их байдаг аж.

СОНГУУЛЬ БА ЦАХИМ ОРЧИН

Сонгуулийн явц болон үр дүн нь Facebook, Instagram, twitter  зэрэг медиа платформуудад хамгийн том нөлөө үзүүлдэг аж. Сонгуулийн үеэр улс төрийн кампанит ажлаа олон нийтэд танилцуулах, өөрийгөө таниулах нэр дэвшигчдэд сошиал орчин, тэр дундаа Facebook сурталчилгааны хамгийн том платформ болдог. Цахим хэрэглэгчид улс төрийн талаар мэдээ мэдээлэл хуваалцаж, мэтгэлцэн, үзэл бодлоо илэрхийлдэг. Энэ нь хүмүүс Facebook дээр илүү их цаг зарцуулдаг гэсэн үг бөгөөд тус платформ төдий чинээгээрээ ашиг орлого олдог гэсэн үг.  Зөвхөн Facebook-т гэхэд нэг өдөрт багадаа таван ам.доллар төлж, 100-1000 хүнд өөрийн мэдээллээ түгээх боломжийг нэр дэвшигчдэд санал болгодог. Түүнээс дээшээ хэр их хүнд өөрийгөө таниулж, сурталчлах, хүргэх шаардлагатай байна тэр хэрээр мөнгөө төлдөг гэсэн үг.

АНУ-ын 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигчид цахим платформ сурталчилгаанд 105 сая ам.доллар зарцуулжээ. Үүний 67 сая ам.долларыг Facebook-т зарцуулсан бол 32 сая ам.долларыг Google-д зарцуулсан байна.

Тухайн үеийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нар Twitter-т 5.2 сая ам.доллараас бага мөнгө зарцуулсан. Гэхдээ Дональд Трампийн хувьд Twitter-т сурталчилгаа явуулах мөнгө төлөөгүй гэнэ.

Олон нийтийн эрэлт, хэрэгцээг дагаад цахим платформууд зөвхөн сонгуульд зориулж дүрмээ өөрчлөх нь их. Энэ нь сурталчилгааны үнэ, орлогод ч хамаардаг. Нэг жишээ онцлоход,  2020 онд сонгуулийн сурталчилгааг нэг удаа үзэхэд 1.18 ам.доллар Facebook  олдог байсан бол 2024 онд 5.61 ам.доллар болж өсчээ. Уламжлалт буюу хэвлэл мэдээлэл, сонин, сэтгүүлийн зар сурталчилгааны зардал 2020 оныхоос 7.9 хувиар өсч, 8.86 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүний ихэнхи хэсгийг телевизийн сурталчилгаа бүрдүүлдэг гэсэн судалгаа бий.

Цахим платформууд сонгуулийн үеэр хэр их ашиг орлого олж байгаа болон дүрмээ хэрхэн өөрчилж буйгаас шалтгаалж хөрөнгө оруулагчид ч өөрсдийн дүгнэлтээ гаргадаг. Энэ нь тухайн платформын сонгуулийн дараах хувьцаанд нөлөөлдөг. Тухайлбал, сонгуулийн үеэр Facebook хэр их ашиг орлоготой байгаагаас хамаарч хувьцааны үнэ нь өсөх эсвэл буурах хандлагатай байдаг. Тиймээс харилцан холбоотой санхүүгийн зах зээлүүд сонгуулийн үеэр хэрхэн хэлбэлзэж болохыг нэр дэвшигчдийн сурталчилгаанаас таамаглаж болно.

Эх сурвалж: EMarketer, Open Secrets, Wikipedia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж