Цаг агаарын төлөв байдлаас нийслэл, орон нутгийн сонгогчдын ирц тодорхой хэмжээнд шалтгаалдаг. Тиймээс сонгуулийн өдрүүдэд цаг агаар ямар байх талаар Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын цаг уурч Э.Дариймаагаас тодрууллаа.
-Зургадугаар сарынцаг агаарын төлөв ямар байх вэ?
– Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргаад байна. Өнөөдөр буюу зургадугаар сарын 25-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, зургадугаар сарын 26, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, зургадугаар сарын 28, 29-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, зургадугаар сарын 30, долдугаар сарын 1-нд нутгийн зүүн хагаст, 2-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Ихэнх хугацаанд говь, тал, хэрийн нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +17…+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17…+22 градус, өдөртөө +32…+37 градус, бусад нутгаар шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +21…+26 градус дулаан байх төлөвтэй байна.
-УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 28-нд болно. Тухайн өдөр цаг агаар ямар байх вэ?
-Улаанбаатар хот орчмоор зургадугаар сарын 25-27-нд дуу цахилгаантай аадар бороо орно.
Зургадугаар сарын 28, 29-нд бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Ихэнх хугацаанд салхи секундэд 5-10 метр, шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +20…+25 градус дулаан байна. Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна гэв.