Өмнөд Солонгосын батерейны үйлдвэрт хэд хэдэн лити батерей дэлбэрсний улмаас томоохон хэмжээний түймэр гарчээ. "Aricell" үйлдвэр нь нийслэл Сөүлээс өмнө зүгт 45 км зайд орших Хвасон хотод байдаг. Даваа гаригийн өглөө гарсан галын улмаас 16 хүн амиа алдаж, долоон хүн гэмтэж бэртсэн гэж "BBC" агентлаг мэдээллээ.
Өмнөд Солонгос улс лити батерей үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг. Тус улсад цахилгаан тээврийн хэрэгслээс эхлээд зөөврийн компьютер хүртэлх олон төрлийн эд зүйлд ашиглагддаг лити батерейг үйлдвэрлэж байна.
"Aricell" үйлдвэрийн хоёрдугаар давхарт ойролцоогоор 35 мянган батерей хураагуурын элемент байжээ. Мөн давхарт батерейнуудыг шалгаж, савладаг. Хэд хэдэн батерей хураагуурын элемент дэлбэрсний улмаас гал гарсан. Гэхдээ анхны дэлбэрэлт чухам юунаас үүдэлтэйг хараахан тогтоогоогүй байна. Дахин дэлбэрэлт болж магадгүй тул үйлдвэр рүү ороход хүндрэлтэй байгаа аж.
Тухайн үед 100 орчим ажилчин ажиллаж байжээ.
Литиум нь устай хүчтэй хариу үйлдэл үзүүлдэг тул гал сөнөөгчид галыг унтраахын тулд хуурай элс ашиглах шаардлагатай болсон. Галыг унтраахад олон цаг зарцуулжээ. Лити батерейнууд нь гэмтсэн эсвэл хэт халсан тохиолдолд тэсрэх эрсдэлтэй байдаг. Гал нь унтарсан ч гэлээ химийн урвалын улмаас дахин тэсрэх эрсдэл мөн байдаг ажээ.
Эх сурвалж: BBC