Саудын Араб улс ирээдүйн чиг хандлагатай технологид суурилсан "Неом" ухаалаг хотын төслийг 2017 онд анх танилцуулж байв. Уг төсөл нь улсын эдийн засгийг төрөлжүүлэх, тэр дундаа эдийн засгийг газрын тосны хараат байдлаас ангижруулах зорилготой. Төслийг Саудын Арабын засгийн газар, Нийтийн хөрөнгө оруулалтын сан, дотоодын болон олон улсын хөрөнгө оруулагчид 500 тэрбум ам.долларын санхүүжилтээр дэмжсэн. Анх 2025 онд дуусгахаар төлөвлөсөн байсан ч таван жилээр хойшилжээ.
Угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салман 2023 оны долдугаар сард телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ томоохон бүтээн байгуулалтын төслийг тойрсон зарим эргэлзээг дурджээ. Түүний хэлсэн зарим зүйл үнэн болж таарч буйг "BBC" агентлаг онцолсон байна. Тодруулбал, Саудын Арабын 2030 оны алсын харааны гол хэсэг болох "Неом" төслийн төлөвлөгөө анхны хувилбараа бодвол агшиж, хумигдсан бололтой.
Саудын Араб нь "Неом" төслөөс гадна 13 их наяд ам.долларын өртөгтэй өөр 13 "гига" төсөл боловсруулж байна. Үүнд, нийслэл Эр-Риядийн захад орших зугаа цэнгэлийн хот, Улаан тэнгис дэх тансаг амралтын газрууд, аялал жуулчлал, соёлын бусад газрууд багтана. Гэвч газрын тосны үнийн бууралтаас шалтгаалаад загсийн газрын орлого ч багассан тул Эр-Рияд эдгээр төслөө дахин үнэлж, санхүүжилтийн шинэ стратеги хайж олохоос өөр аргагүйд хүрчээ.
Засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр төслүүд яг одоогоор хяналтын шатандаа яваа бөгөөд эцсийн шийдвэр удахгүй гарах аж. Шийдвэр мэдээж олон хүчин зүйл дээр суурилна. Гэхдээ зарим нэг өөрчлөлт орох нь дамжиггүй. Зарим төсөл төлөвлөсний дагуу хэрэгжих ч зарим нь хойшлогдох юм уу төсөв нь танагдана гэжээ.
"Неом" төслийн анхны төлөвлөгөө ёсоор Саудын Арабын баруун хойд хэсэгт орших цөлийн бүсэд 10 футурист хот барина.
Эндээс хамгийн амбицтай том төлөвлөгөө нь "The Line" гэх шугаман хот юм. Тус хот нь "Empire State Building"-ээс өндөр буюу 500 метрийн өндөрт зэрэгцээ орших хоёр барилга бүхий шугаман хот байна. Өөрөөр хэлбэл, "The Line"-ыг асар урт хэвтээ хот гэж нэрлэж болно. 200 метр өргөн, 34 хавтгай дөрвөлжин метр талбайг хамрах эл хот бүхэлдээ сэргээгдэх эрчим хүчээр ажиллана. Авто зам байхгүй учир машин байхгүй, утаа ялгарахгүй. Өндөр хурдны төмөр зам хотын хэсгүүдийг холбоно. Мөн энд есөн сая хүн амьдарна гэж тооцоолжээ.
Анхны төлөвлөгөө ёсоор шугаман хотын урт нь 170 км боловч 2030 он гэхэд ердөө 2.4 км зам л баригдаж дуусах аж. Төслийг анх зарлахад танилцуулсан цэцэрлэгт хүрээлэн, хүрхрээ, нисдэг такси, робот үйлчлэгч, өндөр хурдны галт тэрэг зэрэг зүйлсийн хэд нь 2030 он гэхэд бодитоор бий болсон байх нь тодорхойгүй.
Төслийн зөвлөх асан Али Шихабигийн хэлснээр 2030 оны алсын харааны хүрээнд хэрэгжүүлэх зорилтуудыг зориудаар хэт амбицтай боловсруулсан аж.
Өдгөө "Неом"-ын цар хүрээг багасгах нь Саудын Арабын засгийн газарт тулгарч буй сорилт болоод байна. Анх зарласан санхүүжилт буюу 500 тэрбум ам.доллар нь улсын төсвөөс 50 хувиар илүү дүн юм. Шинжээчдийн үзэж буйгаар төслийг бүрэн гүйцэд хэрэгжүүлэхэд хоёр тэрбум гаруй ам.доллар зарцуулагдана. Саудын Араб улс 2022 оны сүүлчээс нефть олборлолтоо бууруулсан. Үүнээс хойш алдагдал хүлээсээр, энэ онд алдагдлын хэмжээ 21 тэрбум ам.доллар хүрчээ.
"Неом" болон бусад томоохон төсөлд хөрөнгө босгох нь ирээдүйн гол сорилт болно гэдгийг Олон улсын валютын сангийн тэргүүн асан Тим Каллен хэлсэн. Эдгээр төслөөс гадна асар их хөрөнгө оруулалт шаардах арга хэмжээнүүд ч айсуй. Тордуулбал, Саудын Араб 2027 оны хөлбөмбөгийн Азийн цом, 2029 оны Азийн өвлийн наадам, 2030 оны Дэлхийн экспо зэрэг олон улсын томоохон арга хэмжээг зохион байгуулах эрхийг авсан. Мөн 2034 оны "FIFA"-гийн цорын ганц тендерт оролцогчоор тодроод байна. Эдгээр бүх төсөл асар их хөрөнгө оруулалт шаардана.
Олон улсын арга хэмжээнүүд ойртох тусам эрх баригчид төсвийн зарцуулалтаа эрэмбэлэх шаардлагатай болно. Хэт их эго гаргалгүйгээр шаардлагатай бол 2030 он хүртэлх алсын хараагаа өөрчлөхөөс өөр аргагүй болоод буйг мэргэжилтнүүд онцолж байна. "Бид чиглэлээ өөрчилнө. Зарим төслийг сунгана, заримынх нь хэмжээг бууруулна, заримыг нь хурдасгана" гэж тус улсын Сангийн сайд Мохаммед Аль-Жадаан Дэлхийн эдийн засгийн форумын ээлжит бус хуралдааны үеэр хэлжээ.
Эх сурвалж: BBC