Айлчлал: Монголын компаниуд гарцтай болж байна

Хуучирсан мэдээ: 2024.06.25-нд нийтлэгдсэн

Айлчлал: Монголын компаниуд гарцтай болж байна

Айлчлал: Монголын компаниуд гарцтай болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд найрамдах Узбекистан улсын Ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёевын урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлал гурав дахь өдрөө /2024.06.25/ үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд оролцогчдоос байр суурийг тодрууллаа.


Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.РЭГДЭЛ: 

-Хоёр улсын цаашдын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэх олон баримт бичиг, хэлэлцээрт айлчлалын үеэр төлөөлөгчид гарын үсэг зурлаа. Энэ удаагийн төрийн айлчлал их онцлог. 1992 онд Монгол-Узбекистан дипломат харилцаа тогтоож, түүнээс хойш төрийн өндөр түвшний айлчлалыг өнөөдөр анх удаа хийж байгаагаар түүх болон үлдэж байгаа. Тэгэхээр энэ удаагийн уулзалтаар хоёр орны харилцаанд шинэ түвшинд чанарын өөрчлөлт гарах болов уу гэж хүлээж байна.

Тухайлбал, шинжлэх ухаан, боловсролын салбарт Узбекистан Монгол хоорондоо нягт хамтарч ажиллаж байсан. Өнөөдөр нийгэм, эдийн засгийн зах зээлийн шилжилтийн орчинд манай хоёр улсын хооронд эдийн засгийн өргөн боломж байгаа нь харагдаж байна. Ганцхан жишээ нь Узбекистан жимс жимсгэний маш их нөөцтэй бол Монгол Улс узбекүүдийн сонирхдог бэлчээрийн малын мах, хөдөө аж ахуйн гаралтай боловсруулсан бүтээгдэхүүн харилцан худалдах, зах зээлээ тэлэх боломжтой.

Эдийн засгийн харилцааны хувьд 2023 онд анх удаа 10 сая ам.долларт хүрсэн. Хоёр улсын хувьд энэ маш бага буюу чамлалттай тоо.

Тэгэхээр өнөөдрийн айлчлалаас хойш эдийн засгийн харилцаа өргөжиж, тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Тэр тусмаа дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улс анх удаа Ташкент хотод Элчин сайдын яамаа нээж байна. Элчин сайдын яамаа нээнэ гэдэг нь Монгол Улс Төв Азийн орнуудтай харилцах харилцаандаа өндөр түвшинд анхаарал хандуулж байгаагийн илрэл.

Монголын хувьд Төв Азид Киргиз, Узбекистан хоёрт Элчин сайдын яамтай болж байна. Ийнхүү ЭСЯ байгуулснаар улс хоорондын харилцаа холбоо улам өргөжиж, тэр дундаа хүмүүнлэгийн харилцаа маш сайн хөгжих байх гэж бодож байна.

ТАШКЕНТ-УЛААНБААТАР ОЙРЫН 5 ЖИЛД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨЛГИЙ ХОТУУД БОЛОХ БОЛОМЖТОЙ

Улаанбаатар хотын орлогч О.НОМИНЧИМЭГ: 

-Энэ оны эхээр нийслэлийн зарим удирдлага Ташкент хотод ирээд ямар чиглэлд хамтарч ажиллавал үр өгөөжтэй байх вэ гэдэг эхний шатны уулзалтуудыг хийсэн.

Бид Ташкенттай бизнес, аж ахуй нэгжүүдийг дэмжих, аялал жуулчлал гэсэн хоёр чиглэлд хамтарна.

Ташкент нь хүнс, аж үйлдвэрийн зах зээлтэй олон сая хүн амтай хот учраас худалдааны салбарт голлож анхаарах хэрэгтэй гэж үзсэн. Аялал жуулчлал бол гарцаагүй хөгжих ёстой салбар. Энэ хүрээнд өнөөдөр Ташкент хотын засаг захиргаатай Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газраас хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагаа дээр хэлсэнчлэн үндсэндээ хоёр чиглэлд голчилж байна. Нэгдүгээрт, бизнес эдийн засгийн чиглэл буюу хоёр улс, хот хоорондын эдийн засгийг тэлэх хамтын ажиллагааг сайжруулах. Бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдийг дэмжих тал дээр хамтын ажиллагааг төлөвлөж, цаашдын таван жилд шургуу ажиллах зорилт тавьж байна. Хоёрдугаарт, аялал жуулчлалыг хамтдаа дэмжин хөгжүүлэх. Ташкент хот бол аялал жуулчлалын том өлгий нутаг. Тэгэхээр аялал жуулчлалыг системтэйгээр яаж хөгжүүлж болох вэ, хэрэгцээтэй аялал жуулчлалд тулгуурлаж хөгжих үйлчилгээнүүдийг хамтдаа хөгжүүлэх тал дээр илүү анхаарч хамтарч ажиллах зорилтуудыг тавиад байна.

Ташкент ногоон байгууламж ихтэй хот юм. Хэдийгээр хуурай, халуун, цөлөрхөг улс шиг мөртлөө суурин байршлууд нь ногоон байгууламж ихтэй айл бүр нь хашаандаа модтой, гудамж талбай ч ялгаагүй байна. Тиймээс бид энэ хотын ногоон байгууламжийн усалгааны систем, баримталж байгаа бодлого, юуг анхаарах нь зүйтэй талаар тус Ташкентын удирдлагуудтай ярилцах зорилготой байна.

УЗБЕКИСТАН БИЗНЕСИЙНХНЭЭ ДЭМЖСЭНЭЭР УЛС БОГИНО ХУГАЦААНД ХЭРХЭН ХӨГЖИЖ БОЛДОГИЙГ ҮЛГЭРЛЭЛЭЭ

Монголын үндэсний худалдаа аж үлдвэрийн танхимын ерөнхийлөгч Д.ЭНХТҮВШИН: 

-Хоёр улсад эдийн засгийн асар том боломж бий. Монгол Улсын Ерөнхийлөгч тус улсад айлчилж байгаа нь энэ том боломжийн суурь болж байна. Аж ахуй нэгжүүдийн хувьд айлчлалаас өмнө бизнесийн үйл ажиллагаа эхлүүлсэн жишээнүүдтэй. Тухайлбал, Монголын 19 компани Узбекистанд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр аж ахуй нэгжүүд болон бизнесийнхэн эрхэлж буй үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд болон шинээр хамтарч ажиллахаар энэ удаагийн айлчлалаар тус улсад ирээд байна. Хамтын ажиллагааны гэрээнүүд ч эхнээсээ зурагдаж байна.

Ер нь бол тус улсын зах зээл маш сонирхолтой. Мөн бидний хувьд соёл болон бусад салбарын ойлголцлын түвшинд ижил төстэй олон зүйл бий.

35 сая гаруй хүн ам буюу Монголоос 10 дахин их хүнтэй зах зээл, дээр нь асар хурдтай эдийн засаг нь хөгжиж, танигдахгүй хэмжээнд хүрсэн гээд онцлог тал олонтой. Цар тахлын хоёр жилийг хасвал тавхан жилийн дотор улс богино хугацаанд хувийн хэвшлээ дэмжиж, хүн бүрд хүртээмжтэй эдийн засгийг бий болгож болдогийн үлгэр жишээг энэ улс үзүүлж байна. Тэгэхээр энэ чиглэлээр зөвхөн узбекийн аж ахуй нэгжүүдээс гадна Монголын бизнесийнхэнд таатай нөхцөл бүрдэж байгаа.

Узбекистан гадаадын хөрөнгө оруулалтад маш нээлттэй. Аль нэг улсыг ялгаварлах бодлого байхгүй учир тал талын хөрөнгө оруулалтыг жигд оруулж ирдэг.

Монголын аж ахуй нэгжүүд Узбекистанд орж ирвэл энэ боломжийг бусад орнуудтай харьцуулахад илүү уян хатан авах боломжтой харагдаж байна. Тодорхой салбарууд дээр тулгуурлах нь илүү ашигтай. Монголчуудын хувьд мал аж ахуй, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуур, аялал жуулчлалтай холбоотой салбарууд. Түүнээс гадна шинэ салбарууд болох мэдээллийн технологи, банк санхүүтэй холбоотой гэхчлэн хамтын ажиллагаа эрэлхийлж байгаа аж ахуй нэгжүүд байна. Нөгөө талаас узбекчүүд жимс жимсгэнэ, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлүүд болон зарим нэг салбарын тухайд үлгэр жишээ авахаар салбар их байгаа юм. Урт хугацааны бодлогуудаа тодорхой болгосноо хөрөнгө оруулалтуудыг хэрхэн татаж болдог гэдгийг узбек харуулж байна. Жишээлбэл, эрчим хүчний салбар дээр үнэ,шинэ эх үүсвэрүүдийн бодлогоо тодорхой болгосноор асар их хөрөнгө оруулалтыг улсдаа татаж чаджээ. Энэ мэт сурах зүйл, харилцан хөгжих салбар, нэгж олон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж