"Bridge real state” компанийн захирал н.Баярмаа нь “Зээлсэн мөнгөнийх нь хүүнд байранд суулгана. Байр ашиглалтад орохоор зээлсэн мөнгийг нь урьдчилгаанд нь оруулан тооцно” гэдэг сурталчилгаа хийж иргэдээс доод тал нь 25 сая, дээд тал нь 200 сая төгрөг авсан ч өнөө хэр нь байр нь ашиглалтад ороогүйгээс 280 гаруй иргэд хохирчээ. Энэ талаар хохирогчдын төлөөлөл өнөөдөр /2024.06.24/ “Зууны мэдээ” үндэсний төвд мэдээлэл хийлээ.
Тэд “Bridge real state” компанийн захирал н.Баярмаа нь доод тал нь 25 сая, дээд тал нь 200 сая төгрөгийг иргэдээс гэрээ байгуулж авсан. Гэрээ контракттай, үл хөдлөхийн гэрчилгээтэй компани гэдэг утгаар бид түүнтэй гэрээ хийж мөнгө өгсөн. Жүжигчид болон олны танил хүмүүсээр сурталчилгаа хийлгэсэн бид итгэсэн. Гэвч байр ашиглалтад ороогүй, зээлсэн мөнгөө буцаан авъя гэхэд өгөөгүй. Бид жил тойрон хүлээсэн. н.Баярмаа “Би та нарын мөнгийг өгнө, бодсон ажил байгаа. Санхүүжилт авна” гэж явсаар өнөөдрийг хүргэсэн.
Баянгол дүүргийн цагдаад 280 хүн өргөдөл өгсөн. Гэтэл бүх хохирогч гарын үсэг зурсан байх ёстой, хавтаст хэрэгтэй танилцана гээд бүтэн жил болсон. Саяхан прокурор руу явсан. Хэзээ шүүх рүү хэрэг очих юм бүү мэд.
Мөнгө өгсөн иргэд орон гэргүй машиндаа хоног төөрүүлж, түрээсийн байрнаасаа хөөгдөж явахад н.Баярмаа болон менежерээр нь ажиллаж байсан хүмүүс аялж зугаалаад явж байгаа. н.Баярмаатай хамтарч ажилласан н.Төгөлдөр, н.Цогзаяа, н.Халиун, н.Хулан гэдэг хүмүүс ийнх нь бүх бичиг баримт бидэнд байна. Баярмаа нь энэ хүмүүс рүүгээ хамаг мөнгөө шилжүүлчихсэн, тэгэнгүүтээ өөрөө мөнгөгүй хүний дүрд тоглоод жил тойрон болж байгаа. 280 гаруй хохирогчтой 5-6 тэрбумын хохиролтой хэрэг.
Цагдаа нар нь н.Баярмаатай найзалчихсан. Бид энэ асуудлаар цагдаа дээр очихоор н.Баярмаа нь “Ёо ёо, би энэ хүмүүстэй уулзахгүй, явуул” гээд цагдаадаа хэлээд сууж байдаг.
Энэ компанийн менежерээр нь ажиллаж байсан н.Төгөлдөр гэдэг залуу одоо дахиад үл хөдлөх хөрөнгийн компани байгуулчихсан явж байна. Дахиад бидэн шиг хүмүүсийг хохироовол яах вэ. Яагаад хууль хяналтын байгууллагынхан хэргийг яаралтай шалгаад буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохгүй яваад байдаг юм” гэлээ.
Г.ХОРОЛ