Украины арми Крымын Севастополь хотод цохилт өгөх үеэр пуужингийн хэлтэрхийнүүд далайн эрэг рүү явж байсан хүмүүсийн дээрээс унажээ. Үүний улмаас дор хаяж таван хүн амиа алдан, 100 гаруй хүн шархадсан байна. Севастополь мужийн захирагч Михаил Развожаев хэлэхдээ "124 хохирогч байгаагийн тав нь нас барсан. Нас барагсдын гурав нь хүүхэд, хоёр нь том хүн" гэв.
Халдлагыг АНУ-аас нийлүүлсэн, кластер цэнэгт хошуугаар тоноглогдсон АТАКМС оператив-тактикийн пуужингаар үйлдсэн гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам үзжээ. Нийт дөрвөн пуужин харвасан боловч нэг нь агаарын довтолгооноос хамгаалах хүчний цохилтын улмаас нислэгийн замаасаа хазайж, хошуу нь хотын дээгүүр агаарт дэлбэрсэн байна.
Агаарын цохилтын үеэр халдлагаас сэрэмжлүүлсэн агаарын дайралтын дохио дуугараагүй аж. Орон нутгийн оршин суугчид үүнд сэтгэл дундуур байгаагаа цахим сүлжээндээ бичицгээжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлэл өгөхдөө "Ерөнхийлөгч Путин Севастополийн эрх баригчидтай байнга холбоотой байдаг бөгөөд хохирогчдод шаардлагатай бүх тусламжийг үзүүлэх нь Оросын засгийн газрын тэргүүлэх чиглэл" гэжээ.
Крымийн хамгийн том хот болох Севастополь нь дайнаас өмнө жуулчдын очих дуртай газар байсан. Дайн эхэлсний дараа ч оросууд аюулыг үл харгалзан далайн эргийн хот руу хошуурсаар байгаа ажээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ