Япон, Хойд Солонгосын албаны хүмүүс Улаанбаатарт тавдугаар сарын дунд үед уулзалдсан гэж Өмнөд Солонгосын томоохон хэвлэл мэдээлжээ. Тодруулбал, Улаанбаатар хотын захад Хойд Солонгосын талаас Тагнуулын ерөнхий товчоо болон Гадаад валют хариуцсан асуудал эрхэлсэн байгууллагын гурван албан тушаалтан оролцжээ. Харин Японы төлөөлөгчдийн дунд нэгэн улстөрч байсан гэв. Эдгээр албан тушаалтнууд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх ес дэх удаагийн олон улсын бага хурал болохоос өмнө уулзалдсан байна.
Энэ талаар Японы засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ёшимаса Хаяши хэлэхдээ, "Засгийн газар Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй нууц уулзалтын талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. Бид өмнө нь олон удаа Хойд Солонгосын засгийн газрын эсрэг хориг арга хэмжээ авч байсан ч энэ удаа мэдээлэл өгөхгүй" гэжээ. Японы ерөнхий сайд Фүмио Кишида Хойд Солонгостой хууль бусаар хил нэвтэрч буй дүрвэгсэд болон хулгайлагдсан хүмүүсийн асуудлаар хэлэлцээ хийхдээ Монгол Улстай хамтарч ажиллах сонирхолтой байсан. Энэ хүрээнд ирэх наймдугаар сард Монгол Улсад айлчилж магадгүй. Гэхдээ албан ёсны шийдвэр гараагүй байгаа гэж Хаяши мэдэгдэв.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон өнгөрсөн гуравдугаар сард Японоос дээд хэмжээний уулзалт хийх саналыг Пёньян хүлээн авсан гэж мэдэгдсэн. Гэхдээ хоёр орны харилцааг сайжруулах нь Япон бодит шийдвэр гаргаж чадах эсэхээс хамаарна гэж Ким Ё Жон онцолсон байна. Тэрбээр " Хэрэв Япон улс манай орны бүрэн эрхт байдалд халдсаар байх бол Ерөнхий сайд Фүмио Кишидагийн санаачлага тийм ч ач холбогдолтой байхгүй" гэжээ.
Үүнээс гадна, Японы Монголоор дамжуулан хэлэлцээр хийх сонирхолд саад учирсан бололтой. Тодруулбал, Монгол Улс Хойд Солонгостой хэлэлцээр хийх түвшний сайн харилцаатай байдгийг олон улс хүлээн зөвшөөрдөг. Гэвч энэ сард болсон “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хуралд Хойд Солонгос Монголын урилгад татгалзсан юм. Учир нь Монголд Өмнөд Солонгосын соёл, дэлгүүр, үзвэр үйлчилгээ хэт дэлгэрсэн гэж Хойд Солонгос үзсэн байна. Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт өмнөдийн "CU" болон "GS-25" зэрэг сүлжээ дэлгүүр олширсон тул Хойд Солонгос хамтрахаас татгалзсан байх магадлалтай гэж Японы хэвлэлүүд мэдээлсэн байна.
Эх сурвалж: Tokyo News, Radio Free Asia
Холбоотой мэдээ