"Хүннү рок" урсгалыг үндэслэгч, монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулан дэлхий дахинаа өөрийн өнгө төрхийг тодорхойлж буй "Чингис хаан" одонт "The Hu” хамтлаг Монголынхоо үндэсний их баяр наадмаар анхны бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо толилуулах гэж байна. Тодруулбал, үндэсний их баяр наадмын өмнөх өдөр буюу долдугаар сарын 10-ны өдөр "Hit park Ulaanbaatar" -т бүрэн хэмжээний тоглолтоо хийхээ албан ёсоор зарлажээ.
Уг тоглолтын дараагаар "The Hu" хамтлаг долдугаар сарын 20-нд "АРА Фест 2024"-т ирж бүрэн хэмжээний шоу тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа юм.
"The Hu" хамтлагийнхан "Rumble of Thunder" нэртэй хоёр дахь цомгоо худалдаанд гаргаад буй. Шинэ цомогт "Учиртай гурав", "Шихихутаг", "Татар дайчин", "Хар аянга", "Байгаль эх" гэх мэт нийт 13 дуу багтсан. Хамтлагийн залуус 2016 онд байгуулагдсанаасаа хойш богино хугацаанд олон улсад танигдаж чадсан Монголын амжилттай хамтлаг юм. Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн Монгол бахархлын өдөр /2019.11.27/ "The Hu" хамтлагийнханд Монгол төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн Чингис хаан одонг хүртээсэн билээ. Анх 2005 оноос Чингис хаан одонг олгож эхэлсэн бөгөөд энэ жил “Хүннү рок” урсгалаар уран бүтээл туурвидаг “The Hu” хамтлагийн продюсер Б.Дашдондогт тус одонг гардуулсан юм.