ОХУ-ын эсрэг авч буй шинэ хориг арга хэмжээнүүд нь барууны мөнгөн тэмдэгтийн оронд Хятадын юанийн үүргийг бэхжүүлэхэд тусална гэж "Карнеги Орос Евразийн төв" мэдээллээ. Тус төвийн ажилтан Александра Прокопенко хэлэхдээ "Ам.долларын ноёрхолд бодит аюул заналхийлэл учрах хүртэл багагүй хугацаа зарцуулна. Гэхдээ дэлхийн санхүүгийн системийн хуваагдал руу чиглэсэн хандлагыг одоо өөрчлөх боломжгүй" гэжээ.
АНУ-ын энэ сарын эхээр зарласан шинэ хориг арга хэмжээнд Москвагийн бирж болон валютын гүйлгээг хөнгөвчлөх бусад томоохон байгууллага багтсан. Хоригийн хариуд Москвагийн бирж ам.доллар, евро солилцоог хязгаарлаж, барууны мөнгөн тэмдэгтийн гол эх үүсвэрийг таслан зогсоожээ. Ингэснээр валют солилцоо банк хоорондын болон биржийн бус зах зээл рүү шилжих юм. Үүнээс үүдээд рублийн ханш тогтворгүйтэх магадлалтай. Албан ёсны ханшийг ОХУ-ын Төв банк тогтооно.
"Рублийн ханш хэлбэлзсэн нөхцөлд илүү тогтвортой валют нь ашигтай" гэдгийг Прокопенко хэлжээ.
"Шинэ хориг арга хэмжээ нь юанийг Оросын биржийн арилжаа, тооцооны гол валют болгон хувиргаж байна. Биржийн арилжаанд эзлэх юанийн хувь тавдугаар сард дахин шинэ дээд амжилт тогтоож, 53.6 хувьд хүрсэн. Харин биржийн бус зах зээлд эзлэх хувь нь 39.2 хувьтай байна" гэв.
Хятадын тэргүүлэх банкууд хоёрдогч хориг арга хэмжээний аюулаас зайлсхийж Оросын үйлчлүүлэгчидтэйгээ харилцаагаа тасалсан. Гэвч тэдний орон зайг эзлэхээр бүс нутгийн банкууд эрчимтэйгээр гарч ирсэн аж. Казахстан, Арабын нэгдсэн Эмират зэрэг олон тооны зуучлагчийн схемүүд ч идэвхтэй ашиглагдаж, компаниуд төлбөр тооцоондоо криптовалют ашиглаж эхэлсэн байна.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ