ТОЙМ: Сонгуулийн мөнгө Зукербергийн халаас руу цутгаж байна!

Хуучирсан мэдээ: 2024.06.24-нд нийтлэгдсэн

ТОЙМ: Сонгуулийн мөнгө Зукербергийн халаас руу цутгаж байна!

ТОЙМ: Сонгуулийн мөнгө Зукербергийн халаас руу цутгаж байна!

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт 2024 оны зургаадугаар сарын 28-ны Баасан гаригт болно.  Угтаа сонгуулийн санал хураалт болоход ердөө дөрөвхөн хоног үлдээд байна. Сонгуулийн сурталчилгаа хуульд зааснаас зургадугаар сарын 26-нд дуусна. Энэ удаагийн сонгуулиар 2.2 сая иргэн саналаа өгнө. Тодруулбал, 18-25 насны 350 мянга, 26-35 насны 536 мянга, 36-45 насны 521 мянга, 46-55 насны 390 мянга, 56 ба түүнээс дээш насны 434 мянган иргэн байна. Тэдний тал хувийг 26-45 насныхан эзэлж байгаа аж.


НЭР ДЭВШИГЧДИЙН ГОЛ БЭРХШЭЭЛ ЗАРДАЛ МӨНГӨ

Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн үр дүнд УИХ анх удаа 126 гишүүнээс бүрдэх юм. Мөн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж байгаа нь бас нэг онцлог. Тиймээс 78 гишүүнийг тйоргоос, 48 гишүүнийг жагсаалтаар сонгохоор хуульчилсан. Түүнчлэн Монгол Улсыг 13 том тойрогт хувааснаар нэр дэвшигчдээс гарах зардал, мөнгө нэмэгджээ. Тиймээс МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ахмад настнуудаас хандив гуйхад хүрч байгаагаа хэлж байв.

Зардал мөнгө нэмэгдсэн шинэ залуучууд болон хөрөнгө мөнгө муутай нэр дэвшигчдэд халтай байна. Баян нэр дэвшигчдийн хувьд бүгдийг мөнгөөр шийднэ гэсэн тооцоотой байгаа бололтой.

Хэдийгээр СЕХ-оос нам эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 6.4 тэрбум төгрөг, тойрогт нэр дэвшигчийнх 1.5 тэрбум төгрөг байхаар тогтоосон ч албан бус зардал нь тэрнээс ч их гарч байгаа гэх. Нэр дэвшигчдийн мөнгөний дийлэнх нь Зукербергийн халаас руу орж байна.

Сурталчилгаатай холбоотой хамгийн чухал гэж болох өөрчлөлт “нэгдсэн самбар” гэж хэлж болно. Өмнө нь хоёр алхаад л хоёр хүний хэвлэсэн зураг газраар болон замын хажуугийн шонгуудад өлгөж, хотын гудамж зурагт хуудас, сурталчилгааны эрээн мяраанд дарагддаг. Хэн мөнгөтэй нь хамгийн олон хүнд хүрдэг, зaй талбай том ашигтай байрлалтай газарт өөрийн зургийг байрлуулдаг байсан. Тэгвэл энэ удаагийн сонгуульд нэгдсэн самбар ашигласан болсон нь хотын өнгө үзэмжинд сайнаар нөлөөлж байгаа юм.

НАМЫН ДАРГА НАРЫН ДУНД МЭТГЭЛЦЭЭН  ЗОХИОХ ХҮЛЭЭЛТ ӨНДӨР БАЙНА

Нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн дунд тухайлсан багц асуудлаар мэтгэлцээн зохион байгуулж байгаа. Гэхдээ иргэдийн хувьд намуудын нэр дэвшигчдээс илүү  МАН, АН, ХҮН болон бусад улс төрийн намуудын дарга нарын дунд мэтгэлцээн зохион байгуулахыг шаардаж байгаа. Үндэсний эвсэлийн дарга Н.Номтойбаяр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй мэтгэлцэхэд бэлэн гэдгээ зарласан бол бусад намын дарга нар  мэтгэлцээн хийх тухайд одоогоор байр сууриа илэрхийлээгүй байгаа юм

Холимог тогтолцоогоор сонгууль явуулж байгаа тул сонгогчид хоёр саналын хуудсыг бөглөнө. Эхний саналын хуудаснаас тухайн тойрогт нэр дэвшин өрсөлдөж буй нэр дэвшигчдийн нэрсээс тухайн тойргийн мандатын тооны дагуу дугуйлна. Харин хоёр дахь саналын хуудсанд Дээд шүүхэд бүртгэлтэй, СЕХ-нд бүртгүүлсэн, нам, эвслүүдийн нэрсийн жагсаалт бий. Гадаад оршин суугаа сонгогчид зөвхөн хоёр дахь саналын хуудсыг бөглөнө. Ингэснээр тэд жагсаалтаас УИХ-ын гишүүн болох боломжтой нэр дэвшигчдийг сонгох юм. Сонгуулийн ерөнхий хороо гадаад улсад байгаа иргэдийн санал тоолох ажиллагааг өөрийн байранд санал авах өдрийн 22.00 цагаас ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг байлцуулан ил тод, нээлттэй явуулдаг. Улмаар саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж тоолон дүнг мэдээлэхээр хуульчилсан. Түүнээс өмнө гадаад улсад байгаа иргэдийн өгсөн саналыг мэдэх боломжгүй.

СОНГУУЛИЙН ДУУЛИАН

 Өвөрхангай аймгийн Сант суманд зургаадугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө эрдэнэт хүний амь нас хохирсон эмгэнэлт хэрэг явдал гарсан. Энэ гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй иргэн П.Отгонбаатар нь УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын штабтай гэрээ байгуулан ухуулагчаар ажиллаж байсан тул түүнд ёс зүйн хариуцлага хүлээлгэж, нэр дэвшигчээс эргүүлэн татах улс төрийн шийдвэрийг МАН сонгуулийн штаб гаргасан. Гэвч нэр дэвшигч Г.Сайханбаяр нь УИХ-ын сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Улмаар өнөөдрийг хүртэл сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлж буй. Хэдийгээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан УИХ-ын нэгдүгээр тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн сурталчилгааг зогсоох, эргүүлэн татах асуудлаар албан ёсоор СЕХ-нд очиж, албан бичиг хүргүүлсэн боловч хууль эрх зүйн хувьд нэр дэвшигчийн нэрийг албан ёсоор татах үндэслэл болохгүй юм.

Хүн амь насаа алдсан харамсалтай үйл явдалд МАН болон Ардчилсан намын дарга нар харамсаж, байгаагаа илэрхийлж, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Лу.Гантөмөртэй уулзахаар тус намын байранд очсон. Улмаар сонгуулийн хугацаанд шударгаар өрсөлдөж дахин ийм харамсалтай үйл явдал тохиолдохгүй байхын тухайд хаа хаанаа хариуцлагатай ажиллахыг уриалсан юм. Энэ үйл явдал УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгааны хугацаанд гарсан харамсалтай үйл явдлын нэгээр нэрлэгдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж