Евро-2024 тэмцээний хэсгийн шатны гуравдугаар тойргийн тоглолтууд орон нутгийн цагаар өчигдөр/2024.06.23/ эхэллээ.
ШВЕЙЦАРЬ 1 – 1 ГЕРМАН
Хожсон нь хэсгээ тэргүүлэх чухал тоглолтод хоёр баг эвийн гэрээ байгуулснаар Герман хэсгээ тэргүүлж, Швейцарь хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарлаа. Тоглолтын эхлэлд Германы хагас хамгаалагч Роберт Андрих алсын цохилтоор гоол оруулсан боловч түүний гоолын эхлэлд Мусиалаг Швейцарийн хамгаалагч дээр алдаа гаргасан гэж шүүгч үзэн гоолыг нь тооцсонгүй. Үүнээс удалгүй Швейцарийн довтлогч Ндойе гоолдож, талбайн эздийг сандаргав.
Франфурт хотод чуулсан Германы дэмжигчид багтаа эргэлзэж эхэлсэн. Нэг болон хоёрдугаар үед Германы довтолгоо эрчтэй үргэлжилж байсан ч гоол оруулах аргаа олсонгүй. Мусиала, Виртц хоёрыг суулгаж, Лерой Зане, Фулкруг гэсэн довтолгооны хослолыг гаргав. Тоглолтын төгсгөлд Швейцарийн шигшээ баг дахин нэг гоол оруулсан ч отон тоглолт байжээ. Улмаар шүүгчийн сунгасан нэмэлт цагийн төгсгөлд Раумын хөндлөн дамжуулалтыг Фулкруг мөргөж, Германы шигшээ баг тэнцээний гоолыг оруулсан юм. Ийнхүү тоглолт өндөрлөсөн.
Тоглолтын дараа Швейцарийн дасгалжуулагч Мурат Якин "Хэсэгтээ хожигдсонгүйдээ баяртай байна. Гэхдээ нэгдүгээр байраар шалгарч чадсангүй ч зүгээр. Бид багаараа хөдөлмөрлөж, зөв санаатай байна. Систем, стратеги ажиллаж, талбайд гарсан тамирчид тун сайн байна. Тамирчдадаа баяр хүргэе. Тактикийн тоглолт байлаа. Бид тэмцсэн, их гүйсэн ч хүчтэй өрсөлдөгчийн эсрэг хэцүү байлаа. Гэхдээ багийнхаа тоглосон тоглолтод баяртай байна. Том сорилт байлаа" гэв.
Харин Германы дасгалжуулагч Юлиан Нагельсманн "Төгсгөлд хүртэх ёстой оноогоо хүртлээ. Мэдээж довтолгооны хөлбөмбөгт эрсдэл үүрч, гоол алдах тохиолдол байдаг. Бид эргэн ирж чадлаа. Бид энэ тэнцээг хүртэх эрхтэй. Швейцарь бол гайхалтай өрсөлдөгч. Сонирхолтой тоглолт байлаа. Тактикийн хувьд бид сайн байсан. Сэлгээгээр талбайд гарсан тамирчид чухал гоол оруулж байгаа нь сайн хэрэг. Бид өрсөлдөгчийнхөө гарааг судалж, сэлгээгээрээ тоглолтыг өөрчлөхийг хүссэн" гэжээ.
ШОТЛАНД 0 – 1 УНГАР
Шотланд энэ тоглолтод хожиж байж, дөрвөн оноотой гуравдугаар байраар хасагдах шатанд шалгарах боломжтой байсан. Харин Унгар хожвол энэ тэмцээний анхны хожлоо аваад зогсохгүй гуравдугаар байраар дараагийн шатанд шалгарах багахан боломжийн эзэн болох байв.
Тоглолтын гол үйл явдал 62 дахь минутад тохиосон. Тодруулбал, Унгарын довтлогч Барнабаш Варга хөндлөн дамжуулалтаас ирсэн бөмбөгийг мөргөх гэж үсэрсэн ч Шотландын хаалгач Ангус Ганнд цохиулж, газар унасан. Эмч нар, албаныхан цаг алдалгүй талбай руу гарч, тоглолт нэг хэсэг завсарлав. Варгаг эмч нар талбайгаас гаргаж, эмнэлэгт хүргэснээр тоглолт үргэлжилсэн.
Хожих ёстой Шотландын довтолгоо ширүүсч, Унгар ч сайн хамгаалж, сиймхийгээр нь сөрөг довтолгоо явах арга эрэлхийлж байв. Энэ нь тоглолтын төгсгөлд хэрэгжиж, 90+10 дахь минутад сэлгээгээр талбайд гарсан Кевин Чобот гоол оруулснаар Унгарын шигшээ баг ялалт байгуулжээ.
Унгарын дасгалжуулагч Марко Росси "Шотланд бага зэрэг илүү бөмбөг эзэмшсэн. Ялангуяа нэгдүгээр үед. Хоёрдугаар үед бид нар орон гаран тоглолоо. Бид илүү олон боломж үүсгэсэн гэдгээрээ тоглолт эн тэнцүү боллоо. Тэд бөмбөг илүү эзэмшсэн ч агуулгаараа бид энэ хожлыг хүртэх эрхтэй" гэв.
Түүний хэлснээр Варгагийн хацрын яс цөмөрч, эмнэлэгт хүргэгдснээр энэ удаагийн Еврог үргэлжлүүлэх боломжгүй болжээ.
Шотландын дасгалжуулагч Стив Кларк "Бид нээлттэй тоглож, эсрэг багаа сөрөг довтолгоо явуулах боломжийг олголоо. Гэхдээ бид боломж үүсгэсэн. Заавал хожих ёстой гэдэг дарамтад тоглох нь боломж үүсгэх бүрт хэцүү болгож байсан. Бөмбөг ч бидний талд унасангүй. Хөлбөмбөгийн бурхан бидний талд байх хэрэгтэй байсан ч өнөөдөр байсангүй "гэлээ.
Холбоотой мэдээ