2024 оны УИХ-ын сонгуульд оролцох 19 нам, хоёр эвслийн мөрийн хөтөлбөрийг олон нийтэд ил болгосон. Нэр дэвшигчдийн сурталчилгаа ид өрнөсөн энэ үед улс төрийн нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрөөс цувралаар онцлон танилцуулж байна. Энэ удаа төрийн алба үйлчилгээний салбарт хийх ажлуудыг хүргэе.
ТӨРД 3-ААС ДЭЭШ ЖИЛ АЖИЛЛАВАЛ ЦАЛИН ХӨЛСӨНД НИЙЦСЭН ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОНО
МАН:
Багш, эмч, төрийн албан хаагчдын ажлын бодит үнэлэмжийг нэмэгдүүлж, ажлын хариуцлага, үр дүнг сайжруулна. Төрийн албаны хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж, нийгмийн баталгааны зохистой бодлогыг баримтална. Төрийн албан хаагчийн тасралтгүй сурч хөгжих тогтолцоог бүрдүүлэн, төрийн албаны сургалтын байгууллагын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлнэ. Төрийн албанд таваас дээш жил үр бүтээлтэй ажиллаж, сүүлийн гурван жилд нь “маш сайн” үнэлэгдсэн төрийн албан хаагчийг “1+2” буюу гадаадад хэлний бэлтгэл болон ахисан түвшний сургалтад хамруулах бодлого баримтална. Төрийн албан хаагч нь улс төрөөс ангид, дарамтгүй ажлаа хийх боломжийг бүрдүүлнэ. Төрийн түрээсийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлж, гурваас дээш жил үр бүтээлтэй ажиллаж буй төрийн албан хаагчдын цалин хөлсөнд нийцсэн ипотекийн зээл олгох бодлого баримтална. Татварын хөнгөлөлтийн зургаа хүртэлх сая төгрөгийг орон байрны урьдчилгаанд тооцуулах, батлан даах боломжийг бүрдүүлнэ
Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх ажлыг үргэлжлүүлэн шат дамжлагыг бууруулж, иргэд, бизнест төвөггүй, хялбар үйлчилгээг үзүүлнэ. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулж, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлнэ. Төрийн албыг цомхон, чадварлаг болгох, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах замаар төсвийн урсгал зардлын өсөлтийг хязгаарлаж, төсвийн алдагдлыг бууруулна. Төрийн захиргааны албан хаагчийн тоон өсөлтийн зохистой харьцааг тогтооно. Төрийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэхдээ танил талдаа давуу тал олгохгүй байх, явцуу сонирхол, намын харьяаллаар иргэдэд ялгавартай хандахгүй байх зарчмыг бүрэн хэвшүүлнэ. Төрийн албан хаагчдын ажлын үр дүнг үнэлэх гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоог нэвтрүүлнэ. Монгол эрдэмтдийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн оновчтой шийдэл, бүтээлийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлнэ.
ТӨРИЙН АЛБАНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ ТООГ БУУРУУЛНА
АН:
Төрийн албан хаагчдын ангилал, зэрэглэл, ажлын байранд тавигдах шалгуур, шаардлагыг тодорхой болгож, нам дагасан томилгооноос салгана. Салбарын мэргэшсэн албан хаагчдыг улс төрөөс ангид, тогтвортой ажиллуулах хууль, эрх зүйн баталгааг бүрдүүлнэ. Төрийн үйлчилгээнд хувийн хэвшил, иргэний оролцоот үнэлгээ, хариуцлагын тогтолцоог нэвтрүүлнэ. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд сайн засаглалын орчин үеийн менежментийг нэвтрүүлж, цалин, урамшууллын тогтолцоог стандартжуулна. Төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны давхардлыг арилгах, нэгтгэх замаар бүтэц, зохион байгуулалтыг оновчтой, цомхон болгоно. Төрийн албаны удирдах албан тушаалтны тоог бууруулж, дарга нарын тансаглалыг таслан зогсооно. Төрийн байгууллага, удирдах албан тушаалтан жил бүр иргэдэд нээлттэй, ил тод ажлын тайлангийн сонсгол хийх үүргийг хуульчлан баталгаажуулна. Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтан ёс зүйн зөрчил гаргасан бол олон нийтээс уучлал гуйх үүргийг хуульчилж, огцруулах, чөлөөлөх хууль зүйн үндэслэлийг тодорхой болгоно. Төрийн байгууллага, нийгэм, эдийн засаг, соёлын хүрээнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, бүх түвшинд жендэрийн бодлого хэрэгжүүлнэ. Төрийн бодлогыг хуульчилсан эрх зүйн зохицуулалтын үр нөлөөг бодлогын судалгааны хүрээлэнгээр дамжуулан үнэлдэг болгоно. Төрийн албаны мерит зарчмыг хадгална.
Иргэд, аж ахуйн нэгжийн төрөөс авах үйлчилгээг бүрэн цахимжуулна. Цахим өргөдөл, гомдлын “11-11” төвийн үйл ажиллагааг сэргээж, сайжруулна. Төрийн байгууллагад байгаа мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжээс шаарддаг байдлыг бүрэн халж, иргэд нэг удаа бүртгүүлээд төрийн цахим үйлчилгээг шуурхай авдаг болох хөтөлбөр хэрэгжүүлнэ. Мэдээллийн технологи, харилцаа холбооны хамрах хүрээг тэлэн орон нутагт өндөр хурдны интернэтийн сүлжээг хүртээмжтэй болгож, төрийн үйлчилгээг цаг алдалгүй, шуурхай авах боломжийг бүрдүүлнэ. Хувь хүний мэдээллийн аюулгүй байдал, цахим болон тоон гарын үсэг, мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хангах цахим засаглалын хууль, эрх зүйн орчныг сайжруулна.
УЛС ТӨРИЙН НАМЫН КОММУНИСТ ТОГТОЛЦООГ БҮХ ТҮВШИНД УСТГАНА
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ:
Төрийн алба мэргэжлийн, нээлттэй, хариуцлагатай, цомхон байх өөрчлөлтийг орон нутаг, засаг захиргааны нэгжийн шинэчлэлтэй уялдуулан хийж, улс төрийн намын коммунист тогтолцоог бүх түвшинд устгана. Төрд авлига үүсгэж болох бүх нөхцлийг төрөөс ангижруулж, цахимжуулна, хувийн хэвшил, ТББ-аар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлнэ. Төрийн үйл ажиллагааг ил тод болгох замаар авлигатай тэмцэж, төрийн мэдээллийн нээлттэй санг үүсгэн, иргэд төрийн үйл ажиллагаа, төсвийн хуваарилалт, шийдвэр гаргах үйл явцтай холбоотой мэдээллийг авах боломж бүрдүүлнэ. Төрийн албаны үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, төрийн үйлчилгээг хялбар болгоно. Хүлээлтийн хугацааг эрс багасгаж, хэрэглэгчдэд ээлтэй болгоно. Бодлого боловсруулахад иргэдийн дуу хоолойг тусгах зорилгоор олон нийтийн хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулж цахим тогтолцоог ашиглан, иргэдийн оролцоог хангаж, төрийн шийдвэр гаргах үйл явцыг хүртээмжтэй болгоно.
Холбоотой мэдээ