Ерөнхийлөгч Путины шадар сайд Александр Новак "Сибирийн хүч 2" хийн хоолойн талаар мэдээлэл хүргэлээ. Путин болон Ши Жиньпин нар өнгөрсөн тавдугаар сард төрийн уулзалт хийх үеэрээ "Сибирийн хүч 2" хийн хоолойг барих төлөвлөгөөг ойрын хугацаанд батлахаар тохиролцсон гэж Александр Новак мэдээлжээ.
Тэрбээр "Бид ойрын хугацаанд төлөвлөгөөгөө бэлэн болгож, 50 тэрбум шоо метр хий дамжуулах хүчин чадалтай хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байна" гэв.
Шинжээчид өнгөрсөн тавдугаар сард Хятад, Оросын удирдагч нар "Сибирийн хүч 2" хийн хоолойн гэрээнд гарын үсэг зурсан гэж таамаглаж байсан. Учир нь төрийн айлчлалын дараа хийн хоолой барих тодорхой мэдээлэл ил болоогүй байсан юм. Тэгвэл Александр Новак төөрөгдлийг арилгаж, гэрээ байгуулагдаагүй байгааг онцоллоо. Гэхдээ гэрээ байгуулагдахад саад хийж буй нэг том асуудал байгааг "Financial Times" сонинд эх сурвалж мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хятад Оросоос хий худалдан авахдаа импортын үнээр бус Оросын дотоодын тарифаар худалдан авахыг хүсч байна.
Хятад олон улсын нэмэгдэл үнэгүйгээр Оросын хийг худалдан авах хүсэл нь Газпром компанийн ашигт шууд сөргөөр нөлөөлнө. Хэрэв үнийн асуудлаа хоёр орон шийдвэрлэж чадахгүй бол "Сибирийн хүч 2" хийн хоолойг барих гэрээ, төсөл бүр мөсөн зогсох эрсдэлтэй юм. Хятад улсын хувьд хийн хоолойн 50 тэрбум шоо метрийн хүчин чадлын багахан хэсгийг ч хамаагүй худалдан авахад бэлэн байгаа аж. Орос 2022 онд Украинд түрэмгийлснээс хойш Европын орнуудад хий худалдаалахаа зогсоосон явдал нь Газпромд хэдийнээ хүнд цохилт болсон. Үүний адил боломжит худалдан авагчийнхаа хүсэлтийг дагах уу, ашиг орлогоо алдахгүйн тулд шинэ худалдан авагч хайх уу гэх асуулт Газпром төдийгүй Москвагийн эрх баригчдын гол асуулал болж байна.
САЙН БА МУУ ТАЛ
Орос 2022 онд Украиныг түрэмгийлэхээс өмнө Газпром компани Европын холбоо болон Их Британи руу жилд 140 тэрбум метр гаруй хий шахдаг байжээ. Энэ нь Оросын хий дамжуулах хоолойн монопол компанийн хамгийн том, хамгийн ашигтай гадаад зах зээл байсан юм. Гэвч түрэмгийллийн дараа барууны хориг арга хэмжээ, Европын орнуудыг худалдан авч буй хийн төлбөрөө рублиэр төл гэж шаардсан Москвагийн шаардлага болон Хойд урсгалын хоолойн дэлбэрэлт зэрэг асуудлууд Газпромын нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлсөн. Хэрхэн сөргөөр нөлөөлснийг Оксфордын Эрчим хүчний судалгааны хүрээлэн (OIES)-гийн гаргасан тайлангаас харж болно. Тус судалгааны хүрээлэн Оросын газрын тос, байгалийн хийн олборлолт болон экспорт 2023 онд хэр байгааг судалсан. Үүнд Орос 2023 онд Европын холбооны орнууд болон Их Британид дөнгөж 22-25 тэрбум шоо метр хий экспортолсон байна.
Өмнө нь, жилд 140 тэрбум шоо метр хийг экспортолдог байсан орны хувьд 2023 оны үзүүлэлт нь хамаагүй муу байгааг тодотгов.
Үүгээрээ хийг голчлон шахдаг Газпром компанийн 2023 оны ашиг нь сүүлийн 20 жилд байгаагүй хамгийн доод түвшин байгааг мэдэж болно. Мөн тус компани 7 тэрбум ам.доллартой тэмцэх алдагдал 2023 онд хүлээсэн аж. Түүнчлэн Орос жилд 40 тэрбум шоо метр хийг Украинаар дамжуулан Европ руу шахах таван жилийн гэрээг Киевийн эрх баригчидтай байгуулж байжээ. Тус гэрээний хугацаа энэ оны сүүлээр дуусах бөгөөд Киевийн эрх баригчид дахин Оростой хамтран ажиллах хүсэлгүй байна.
Турк болон Зүүн Европ руу хий нийлүүлдэг "Турк урсгал" хоолой бий. Европ руу чиглэсэн энэхүү хий дамжуулах хоолойн хувьд эрсдэл бага аж. Учир нь "Турк урсгал"-аар дамжуулан хий авдаг Европын орнууд Оростой харилцаа сайн байдаг ба төлбөрөө рублиэр төлөх Москвагийн нөхцөлийг зөвшөөрсөн юм. Гэсэн хэдий ч Газпромын нийлүүлж буй нийт хийн хэмжээний 60 хувийг "Турк урсгал" хоолой бүрдүүлж байгаа нь Газпромыг дөнгөн данган ашигтай нь золгуулж байна.
ЧИГЛЭЛЭЭ ЗҮҮН РҮҮ
Ашиг, орлогоо нэмэгдүүлэх гэсэн Газпромд одоо нэг л сонголт үлдээд байна. Энэ нь барууны болон Европын орнууд бус зүүн жигүүрийн Ази тивийн орнуудад хий нийлүүлэх юм. Тэр дундаа дэлхийн хамгийн олон хүн амтай орнуудын нэг болох Хятадад хий нийлүүлэх явдал нь Оросын байгалийн хийн зах зээлийг сайжруулж чадна. Оросын төрийн мэдлийн Газпром компани арав гаруй жилийн өмнө мөн адил Хятадад 38 тэрбум куб хүртэлх хийг тээвэрлэх хүчин чадалтай "Сибирийн хүч" дамжуулах хоолойг санал болгож байжээ. Гэхдээ тус хоолой бүрэн хүчин чадлаа ашиглахын тулд 2025-26 оныг хүртэл хүлээх шаардлага гарч байсан юм.
Мөн Алс Дорнодын Сахалин арлаас Хятад руу 10 тэрбум шоо дөрвөлжин хийг шахах боломжтой хийн хоолой байгаа ч энэ нь Европ руу нийлүүлэхээ больсны алдангийг хэзээ ч нөхөж чадахгүй. Тиймээс Хятадын эрэлт хэрэгцээг хангахын хажуугаар ашиг орлогоо сайжруулахын тулд Орос шинэ хийн хоолой барих шаардлагатай тулгараад байна. Энэ нь "Сибирийн хүч 2" хийн хоолой юм. Тус хоолойг бүтээн босгох талаар Оросын эрх баригчид удаан хугацаанд хэлэлцэж ирсэн.
Гэхдээ хийн хоолой шинээр барихад 10-12 жил шаардагддаг ба хөрөнгө мөнгө ч их хэрэгтэй тул Орос Хятадын саналд бодлоготой хандахгүй бол болохгүй болжээ.
Нефть, байгалийн хийн бие даасан шинжээч Михаил Крутихин хэлэхдээ, "‘Сибирийн хүч’ дамжуулах хоолой анхнаасаа ашиггүй байсан. Учир нь Хятад улс Оросын экспортолсон байгалийн хийн үнийг Европын дундаж үнээс хэд дахин доогуур үнээр авах гэж байсан. Үүний адил ‘Сибирийн хүч 2’-оор хий дамжуулан авах бол Хятад өмнөхөөсөө ч бага мөнгөөр худалдан авах гэж зүтгэнэ" гэжээ. Тэрбээр мөн Хятадын шаардлагаас болж Орос мухардалд орж буйг нэмж тэмдэглэсэн. Крутихиний үзэж буйгаар Хятад хийн хоолойг Оросын зардлаар барьж, өөрсдийн эрх ашгийг нэн тэргүүнд харгалзан үзэж, Газпромын дампууруулах гэж байна.
Эх сурвалж: The Moscow Times
Холбоотой мэдээ