УИХ-ын нэгэн гишүүн "Өвөл болохоор хүйтэн болдог" гэж хэлсэн үгээрээ өнөөдөр ч иргэд, олон нийтийн сэтгэлд ойр дотно үлдсэн байдаг. Яах аргагүй үнэн үг хэлсэн болохоор ёгтлол, ёгөөдөлд түүний хэлсэн үг хавчуулагдах нь их. Нээрээ л "Өвөл болохоор хүйтэн болдог" гэдэг шиг зун болохоор бороо ордог гэдгийг төр засгийн удирдлагуудад хэрхэн ойлгуулах ёстой гэдгийг хэлж мэдэхгүй л байна. Монголчууд гурав хоногийн ой санамжтай гэдэг. Гэлээ гэхдээ жил бүрийн зун бороо ордог, бороо орохоор үер буудаг гэдгийг хэрхэн яаж ойлгуулах вэ. Нийслэл Улаанбаатар хотод жил бүрий зун ордог бороо ордогоороо орж, харин дарга нар нь ярьдаг үлгэрээ ярьсаар л сууна. Яагаад нүдэнд харагдаж, гарт баригдах өөрчлөлт шинэчлэл хийж болдоггүй юм бол.
Асуудлын учир шалтгаантай тэмцэх биш асуудалтай нь тэмцэж аргацааж ирсээр байгалийн үзэгдэлд балагаа таниулсаар удлаа. Улаанбаатар өвөл нь утаанбаатар, зун нь усанбаатар болж байна !!!
Өнгөрсөн жил хүний амь нас, эд хөрөнгө сүйдсэн үерээс бид ямар сургамж авч ямар өөрчлөлт шинэчлэл хийв гэдгээ ний нуугүй ил цагаан ярих цаг нь ирлээ. Өнгөрсөн жилийн үеэрт эвдэрсэн зам талбайг хагас дутуу зассан ч өнөөх ус зайлуулах шугам хоолой тавиагүй учраас энэ жилийн бороонд ч эвдэрч сүйдсэн бодит жишээ олон байна. Сонгуулийн өмнөх шоу юу энд тэндгүй хэдхэн хоногийн дотор тавьсан гялгар гялтгар замнаас нь хэд нь ус зайлуулах хоолоотой байна вэ. Өнгөрсөн жилийн үерийн гол буруутан болж чичлүүлсэн S OUTLET дэлгүүр, Шунхлай ШТС-ыг буулгасан. Харин Авлига хорооллыг буулгахад бяр хүрэхгүй байх шиг байна. Энэ бүхний эцсийн үр дүнд үер болдогоороо болж нийслэл Улаанбаатар хотынхон усанд живдэгээр живж байна. Үнэндээ дөрөвхөн өдрийн шиврээ борооны ая даахгүй живж, урсах дөхөж байгаа нийслэл Улаанбаатар хотыг одоо усанд автахаас шуудаатай элснээс өөр найдах зүйл үлдээгүй нь инээдэм гэх үү эмгэнэл гэх үү!!!
Нийслэлчүүдийг усанд урсахаас ууттай элс л аврах юм байна
Өнөөдөр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн Улаанбаатар хотод үерийн далан, суваг, шуудуу сэтрэх, гуу жалгаар халих эрсдэлтэй 23 байршилд 13 мянган шуудай элс бэлтгэсэн гэдгийг Нийслэлийн онцгой байдлын газрын нарийн бичгийн дарга, дэд Хурандаа Д.Оюунбат бахархалтайгаар хэлж байна. Ний нуугүй хэлэхэд нийслэлчүүдийг усанд урсахаас ууттай элс, улаан гараараа зүтгэж байгаа Онцгой байдлын хэдэн аврагчид л аврах юм байна. Улс, нийслэлийн удирдлага нь урагшгүй байгаа цагт Улс, нийслэлийн онцгой байдлын албаны албан хаагчид тэдний нохойд барьдаг мод хэвээр л байх болно. Үүрэхийг нь та нар үүрч янцаглахыг нь би янцаглъя гэдгийн үлгэр үргэлжлэх болно.
Бүхэл бүтэн улсын нийслэлд амьдарч байж дэлхий нийтийн хөгжлөөс өдрөөс өдөрт алсарч байгаадаа гутарч байна. Гуравхан өдрийн бороо бүү хэл гурван сарын турш бороо ордог, борооны бүхэл бүтэн улиралтай хотод амьдардаг иргэд биднийг хараад хөх инээд нь хүрдэг байх аа. Амьдрах гэж хөгөө чирч байна даа хэдүүлээ. Төрийн мөнгө гэж байхгүй. Харин татвар төлөгч иргэд бидний л мөнгө гэж бий. Тийм учраас төрийн мөнгө, төсвийн мөнгийг гарын салаагаараа урсгаж нүгэлийн нүдийг гурилаар хуурдаг үлгэр,үйлдлээ одоо зогсоо.
Үнэндээ өвөл нь хөлдсөн мөсөө хүрз жоотуугаар ухаж, хэдэн машинаар зөөж, зун нь голын лаг хагшаасаа зөөж, шороон далан босгож, хүчитгэдэг, үерийн усаа автомашинаар соруулдаг ийм эмгэнэлтэй, инээдтэй дүр зургаасаа бид хэзээ салах вэ. Өчигдөр байсан, өнөөдөр байна, маргааш ч ийм дүр зурагтай эвлэрсээр байх уу. Хэзээ бид улсаараа нийтээрээ нийгмээрээ өөрчлөгдөх вэ.