Нийслэлийн онцгой байдлын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн онцгой байдлын газрын нарийн бичгийн дарга, дэд Хурандаа Д.Оюунбат хэлэхдээ, нийслэлийн хэмжээнд зургадугаар сарын 18,19-ны өдрүүдэд баруун, зүүн талдаа усархаг түр зуурын бороо, 20,21,22-ны өдрүүдэд үргэлжилж бороо орсон. Энэ хугацаанд НОБГ-т 100 гаруй дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу холбогдох хариу арга хэмжээ авч ажиллалаа. Үргэлжлэн орсон борооны дараа гол горхины хэмжээ нэмэгддэг. Өнөө өглөө 08 цагийн байдлаар Туул голын түвшин үерийн аюултай түвшинээс 82 см давж үерлэсэн байна. Хэрэв 260 см дээш гарсан тохиолдолд үерийн аюултай түвшинд хүрсэн гэж үздэг. Тэгвэл Туул гол энэ хэмжээнээс даруй 82 см-аар давж үерлээд байна. Тиймээс мэргэжлийн байгууллагууд хамтарч ажиллаж байна. Туул гол ийнхүү үерлэсэнтэй холбоотой Тэрэлжийн зарим газарт гол хальж урассан байна. Мөн Хар усантохой, Гачуурт орчимд Туул гол өргөн үерлэж байна. Мөн дунд гол Маршлын гүүрний зүүн талд River Garden орчим усанд автсан байдалтай байна. Түүнээс доош уруудаад Био комбинат орчим үерийн байдал үргэлжилж байна.
Тиймээс тухайн бүсээс шөнийн 03 цагаас өглөөний 10 цагийн орчимд 300 орчим айл өрх, иргэдийг нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлыг хангаж ажиллалаа. Өчигдрөөс хойш хүргэсэн сэрэмжлүүлэг мэдээллийн хүрээнд зарим айл өрх, аж аруйн нэгжүүд өөрсдийн аюулгүй байдлыг хангаж шилжин суурьшсан байна. Нийслэлийн онцгой комисс, Улсын онцгой комисс цахимаар хуралдлаа. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллах нь зүйтэй гэж үзлээ.
Тиймээс өнөөдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Түүнчлэн 23 байршилд 13 мянган шуудай элс бэлтгэсэн байна. Үерийн далан, суваг, шуудуу сэтрэх, гуу жалгаар халих эрсдэлтэй газруудад шуудаатай элс бэлтгэсэн байна. Сэлбэ голын тухайд Туул голыг бодоход үерийн эрсдэл бага байна. Мэргэжлийн байгууллагууд хамтарч лаг хагшаасыг цэвэрлэх, үерийн даланг өргөтгөж, хүчитгэх, бут мод зөөх цэвэрлэх ажлыг хийж байна гэв
Холбоотой мэдээ