Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр /2024.06.22/ 16:00 цагийн байдлаар нийт 21 дуудлага бүртгэгдсэн байна. Голуудын усны түвшин нэмэгдэж байгаа тул усанд боогдсон, автомашинтай голд суусан дуудлага ирэх болжээ. Тухайлбал "Багануур дүүргийн гуравдугаар хороо Бааст голд “Приус-30” загварын автомашин усанд живсэн, дотроо 1 хүнтэй урсах гэж байна" гэх дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид очиж ажиллажээ. Ослын газар онцгой байдлын албаныхныг очиход “Приус-30” загварын автомашин усанд живсэн, жолооч нь дотроо гацсан байсныг эсэн мэнд гаргаж аюулгүй болгожээ.
Ойрын өдрүүдэд Хэрлэн, Туул, Тэрэлж, Улиастай, Сэлбэ голуудын усны түвшин улам нэмэгдэх тул зөвхөн батөлгаат зам гүүрээр зорчиж аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
Нийслэлийн Онцгой байдлын газарт гэр, хашаанд ус тогтсон 21 дуудлага бүртгэгдсэнээс 15 дуудлагад алба хаагчид очиж ажиллан, 220 тонн усыг соруулан, 6 дуудлагад заавар зөвлөмж хүргэн ажиллажээ.