-Баян, хоосны ялгаа хамгийн их нэмэгдсэн улсаар Монгол нэрлэгджээ-
“Эх орондоо л очих сон” баримтат киног та үзсэн үү. Гадаадад гацсан монгол охин өчнөөн эрсдэл дундуур туучаад ирэхэд эх оронд нь оруулаагүй, хагалгаа хийлгэснийхээ дараа БНСУ-д олон сар гацаж, арайхийж ирээд тусгаарлалтад орж гам алдсанаас болоод зургаан удаа хагалгаа хийлгэн тэмцээд ч өөд болсон нэгэн, гэр бүлийнхэнтэйгээ уулзаж чадалгүй хагацсан олон хүн ямар их зовж шаналсныг бид мартаагүй. Айдсаар удирдах гэж ядсан эрх баригчид хугацаагүй хөл хорио тогтоон, иргэдийг гэрт нь цоожилж, коранавирустэй гэсэн бичгийг айлуудын хаалга дээр хадаж, тусгаарлалт нэрээр балгас болсон буудалд чанаргүй хоол өгч байлган, иргэдийн маршрутыг дэлгэх зэргээр хүний эрхийн мэдрэмжгүй, зохион байгуулах ямар ч чадваргүй гэдгээ гайхуулсан. Ерөөс монголчууд бүгд золиос болсон гэхэд хэтрүүлсэн болохгүй. Өдөр бүр хэдэн арван хүн нас барсан түгшүүртэй хар өдрүүд, “Сонгдо сөрөг” гэж хашхирцгааж байсныг нь санахад л жигшил зэвүүцэл төрөм. Эрх баригчид иргэдээ ёстой л аль чадахаараа тамласан.
Гэтэл Монгол Улс “Ковид”-ыг харин ч бага хохиролтой давж, 2000-хан иргэн нас барсан гэж ярих хүн гарсан нь гайхмаар. 2024 оны дөрөвдүгээр сарын байдлаар Монголд “Ковид”-оос болж 2284 хүн нас барсныг statista.com цахим хуудсанд тэмдэглэжээ. Тэгвэл хүн амынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг, 1.4 тэрбум иргэнтэй БНХАУ-д цар тахлаас шалтгаалж манайхаас хоёр дахин л илүү (5272) хүн нас барсныг дээрх цахим хуудаснаас харж болохоор байв.
Одоогоос гурван жилийн өмнө буюу 2021 оны зургаадугаар сарын 7-14-ний хооронд коронавирусийн тохиолдлын тоогоор Ази, Номхон далайн орнуудыг Монгол “тэргүүлж” байв. Тодруулбал, дээрх хугацаанд манайд хамгийн өндөр буюу 2941, Малайзад 1257, Гүржид 1220 тохиолдол илэрсэн дүн бий. Worldmeters.info цахим хуудсанд дурдсанаар Монгол Улсад коронавирусийн тохиолдол 1 001 496 бүртгэгдсэн нь маш өндөр дүн. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Т.Мөнхсайхан сайдын үед нэг өвчтөнийг 8 саяар эмчилж, амны хаалтыг 20 мянган төгрөгөөр худалдаж авсан” гэсэн удаатай. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч коронавирусээр өвдсөн нэг өвчтөнд 8.08 сая төгрөг зарцуулсан тухай төрийн албаны ажилтан ярьж байв. Гэтэл коронавирусийн эмчилгээний тан зэргийг эмнэлгээс 162 мянган төгрөгөөр авсан шүү дээ, бид. Ер нь бол үүнээс ч хамаагүй хямдаар авах боломжтой. Тэгэхээр нэг хүнийг 8 сая гаруй төгрөгөөр “эмчлээд” ч коронавирусийн тохиолдлыг багасгаж, иргэдийнхээ амь насыг аварч чадаагүй нь эндээс харагдаж буй. УИХ-ын зарим гишүүний мэдээлснээр цар тахлын үед МАН 20 их наяд төгрөг зарцуулсан гэдэг. Энэ бол манай улсын ДНБ-ий 30 орчим хувьтай тэнцэх дүн гээд бод доо.
Энд нэг зүйл онцлоход, Зүүн Ази, Номхон далайн бүс дэх хөгжиж буй орнуудаас цар тахлын үеэр баян, хоосны ялгаа хамгийн их нэмэгдсэн улсаар Монгол нэрлэгдсэнийг Дэлхийн банкны судалгаанд дурдсан юм. Манай улсын дараа Вьетнам, Филиппин, Индонез бичигдсэн аж.
Харамсаж, халагламаар энэ мэт үзүүлэлтээс харахад, цар тахлын үеийн төсвийг тайлагнахыг МАН-аас шаардаж, буруутай хүмүүсийг илрүүлж, хариуцлага тооцох учиртай. Уг нь “Ковид”-ын үеийн тайланг хуульд заасны дагуу ард түмэнд танилцуулахыг УИХ дахь цөөнх шаардсан ч үл тоосоор чуулганаа өндөрлөв. “Муу хүн чөлөөнөөр, чоно борооноор” гэгч болоогүй л юм бол МАН-ынхан “Ковид”-ын төсвийг заавал ил тод тайлагнах ёстой.
Б.СОНОР
Холбоотой мэдээ