Монголбанк 2021 онд Хөгжлийн банкийг дампуурах эрсдэлтэй тулсныг зарласан нь монголчуудын хувьд хамгийн муу мэдээ байв.
Үндэсний үйлдвэрүүдээ дэмжих зорилгоор Хөгжлийн банк нь зээлдэгчиддээ нийт 3.2 их наяд төгрөгийн зээл олгосон ч 1.8 их наядын зээл нь чанаргүй ангилалд шилжсэн нь дампуурах эрсдэлд хүргэсэн юм.
“Кью Эс Си” ХХК, “Эрэл”, “Бэрэн”, “Монгол мах экспо”, “Монгол драй милк”, “Пирамид орд”, Капитал, Чингис хаан банк зэрэг 20 гаруй аж ахуй нэгжүүд Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй нь ийн асуудал үүсгэсэн.
Засгийн газраас Хөгжлийн банкны зээлийг эргүүлэн төлүүлэх чиглэлээр хууль хяналтын байгууллагад хандахаас эхлээд олон арга хэмжээ хэрэгжүүлснээр 2022 оны арваннэгдүгээр сард тус банкинд 915.1 тэрбум төгрөгийн зээлийн өр төлөгдсөн юм. Улмаар зээлийн эргэн төлөлт 1 их наяд төгрөгийг давж, Хөгжлийн банк дампуурах эрсдэлээс аврагдсан. Гэхдээ зээлээ цаг хугацаандаа төлөөгүй, зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй аж ахуй нэгжүүдийн удирдлагад хариуцлага тооцох асуудал орхигдсонгүй. Өнгөрсөн онд Хөгжлийн банкны гэх тодотголтой гурван сар дамнан үргэлжилсэн 80 гаруй оролцогчтой шүүх хурал болж, буруутай этгээдүүдэд ял оноосон.
Одоо ч зарим хуулийн этгээдтэй холбогдох шүүх хурал эцэслээгүй байна.
Засгийн газраас Хөгжлийн банкийг аврах төлөвлөгөөг ийн амжилттай хэрэгжүүлсний зэрэгцээ гадаад зах зээлд гаргасан бондуудын өрийг цаг хугацаанд нь багтаан төлж дуусгасан нь деполт зарлаж болзошгүй байсан эдийн засгийг эрсдлээс аварсан нь бас нэгэн онцлох үйл явдал болсон.
Сангийн сайд Б.Жавхлан “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 13.3 их наядын гадаад зээлийн өр төлбөрийг барагдууллаа. Үүнээс 2.6 их наяд нь хүүгийн төлбөр юм. Ирэх жилүүдэд бондын хугацаатай өр төлбөр байхгүй учраас Монгол Улсын зээлжих зэрэглэл өсөх суурь нөхцөл бүрдсэн. Энэ нь хувийн хэвшлүүд гадаад зах зээлээс бонд босгоход хүү багатай байх таатай орчин бүрдлээ” гэдгийг онцолж байв.
Монгол Улсын Засгийн газар 2012 онд Чингис бонд гаргаснаас хойш 12 бонд гаргасан байдаг. Эдгээр бондуудын нөхцөл нь 3-10 хувийн хүүтэй, 3-10 жилийн хугацаатай. Ингэхдээ 380 саяас 1 тэрбум төгрөг төлөх хуваарьтай. Хөгжлийн зээлээс илүүтэй бондын төлбөрүүд нь дефольт үүсгэх өндөр эрсдэл үүсгэсэн тул Засгийн газар бондын өр төлбөрийн эргэн төлөлтөд анхаарч ажилласан байдаг юм. Тухайлбал, 2012 -2016 оны хооронд нийтдээ 5 бонд гаргахад 3.2 тэрбум ам.долларын өр үүссэн. Эдгээр өрөөр төсөл хөтөлбөр санхүүжүүлэх, мөн тухайн үеийн Засгийн газрын төсвийн алдагдал нөхөх зорилгоор шинэ өр үүссэн байсан.
Тодруулбал, Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар, Гэрэгэ бондын 800 сая ам.доллар, Евро бондын 500 сая ам.доллар, Самурай бондын 200 сая ам.доллар, Хуралдай бондын 600 сая ам.доллар, Мазаалай бондын бондын 500 сая ам.долларын өр үүссэн. 2017 оноос эхний төлбөр төлөх хугацаа таарсан.
Тиймээс 7 бонд гаргасан. Өрийн зохицуулалт хийж ажилласнаар өр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Нийт 6 тэрбум ам.долларын өр төлсөн бол үүн дээр нэмж 2,1 тэрбум долларын хүү төлсөн байдаг.
Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн оны сүүлээр энэ тухай мэдэгдэл хийхдээ “Монгол Улс Самурай бондын 30 тэрбум төгрөгийн өр буюу 200 сая ам.долларыг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлснөөр шинэ оны босгон дээр гадаад өрийн дарамтаас бүрэн гарч чадлаа. Өнгөрсөн аравдугаар сарын 23-нд Хөгжлийн банкны евро бондын 500 сая ам.долларын өрийг мөн өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулсан. Энэ нь Монгол Улс олон улсын өмнө, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж чадаж байгаагийн нотолгоо юм.
Өргүй бол баян, өвчингүй бол жаргал гэж монголчууд бид ярьдаг. Манай Засгийн газрын хувьд цар тахлын үе, мөн дайны цаг үед авлигатай тэмцэж гадаад бондуудын өрийг хугацаанд нь төлж, эх орноо дампуурлаас хамгаалах нь энэ цаг хугацааны түүхэн үүрэг байлаа.
Гадаад өрийн дампуурлаа хүлээн зөвшөөрч Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орох уу, эсвэл эрс шийдэмгий хатуу арга хэмжээ авч өөрсдийн эх үүсвэрээ дайчлах уу гэдэг хоёр сонголт байсан. Хөгжлийн банк болон "Эрдэнэс Тавантолгой" ХК-д авч хэрэгжүүлсэн багц арга хэмжээний үр дүнд монголчууд та бид 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс өнөөдөр гарч чадлаа. Оны эцэст анх удаа Монгол Улсын төсөв болон төлбөрийн тэнцэл хамтдаа ашигтай гарах чиг хандлагатай байна” гэдгийг онцолсон.
Монгол Улсын гадаад валютын нөөц өнөөдөр 5.2 тэрбум ам.долларт хүрсэн бол өнгөрсөн онд ДНБ 68.9 их наяд төгрөг болж, нэг хүнд ногдох ДНБ 5875 ам.долларт хүрсэн нь далд эдийн засгийг ил болгох, авлига хээл хахуультай нам харгалзахгүй тэмцсэний үр дүн байв.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ