Ирж яваа цаг

“Төрийн цагдаа, шүүх бүгд МАН-ын талд ажиллаж байна. МАН-д хадаг барьж очсон нь томордог, эсрэгээрээ МАН-ыг шүүмжилсэн нь өмч хөрөнгөө хураалгуулдаг болсон”. Яг өнөөдөр М.Тулгат шиг эрх баригчдыг ингэж ил цагаан шүүмжилдэг улстөрч цөөрсөн.

Майнбаярын Тулгат Монголд төдийгүй Ардчилсан нам дотроо “ховордсон” баруун төвийн үзэл баримтлалтай либералист. Ямар сайндаа л Монголд сүүлчийн либералист үлдвэл тэр нь өөрөө байна гэдэгтээ хэзээ ч эргэлздэггүй.

Тэр байнга жижиг төр, баян иргэдийн тухай “номлоно”. Эрчим хүчний реформ хийхгүйгээр эдийн засаг тэлэх боломжгүйг хэлнэ. Төсөв томорч, төрийн эрх мэдэл нэмэгдэхийн хэрээр хувийн хэвшил жийгдэж, жижиг дунд үйлдвэрүүд дампуурч байгаад бухимдана. Монгол Улсын төсөв хулгайчдын “халаас” болсонд бүр их дургүйцнэ.

Хүчтэй, боловсролтой, ашиг орлоготой, хөрөнгөтэй, хөдөлмөрч, чадварлаг монгол хүмүүсийг биш бусдаас хараат, халамж горьдсон, сул дорой монгол хүмүүсийг “бүтээж” байгаад, монголчуудыг хэтийдсэн их халамжаар угжиж, монгол хүний үнэ цэнийг үгүй болгож буйд эгдүүцнэ.

Түүнд олон мөрөөдөл, олон зорилго бий. “Оюутолгой” шиг олон том ордыг ашиглалтад оруулж, эдийн засгаа илүү тэлэхийг хүсдэг.

Уул уурхайн салбарт ажиллаж байсны хувьд энэ салбарын асуудал, бэрхшээлийг тэрбээр сайн мэднэ.
Дэлхийд цахилгаан машины эрэлт, нийлүүлэлт нэмэгдсэн, түүнийг дагаад зэс, газрын ховор элементын үнэ тогтвортойгоор дээшилж байхад байгалийн баялгаа “хав дараад” суух биш эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэсэн санал дэвшүүлнэ.

Газрын ховор элементээр Монгол Улс шинэ тоглогч болох боломжтойг, багагүй нөөцөө хэр зохистой ашиглахын маш ойлгомжтойгоор тайлбарлана.
Жишээ нь, сүүлийн үед Хятад-АНУ худалдааны дайнаас болж барууны орнууд газрын ховор элемент нийлүүлэх өөр нийлүүлэгчийг эрж хайх болсон. Энэ “алтан” боломжийг  монголчууд алдаж болохгүй гэдэг.

Түүнтэй аль ч сэдвээр мэтгэлцэхэд урамтай байдаг.  Эдийн засаг, уул уурхай, улс төрийн бүх л мэдээлэл дээр хэзээний анализ судалгаа хийчихсэн байдаг. Бүр муухан сэтгүүлчээс илүү чамбай нийтлэл бичнэ.

Хөрөнгө оруулалтын орчныг хэрхэн бүрдүүлэх, эрчим хүч, тээвэр ложистикийн хүчин чадлыг яаж нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийг ямар байдлаар хөгжүүлэх вэ гэсэн түүний зөвлөгөөг сонсвол авах санаа цөөнгүй.

Дэлхий дахин өнөөдөр хиймэл оюун ухаан, хиймэл дагуулын тухай ярьж байна. Сансар огторгуйгаас хөрөнгө мөнгө босгож байна. Атал монголчууд морь, мал яриад хөмөрсөн тогоондоо үлдэж болохгүй.

Энэ бол М.Тулгатын хамгийн их ярьдаг сэдэв. AI, AGI, ASI гээд хиймэл оюун ухааны эрин үед шилжихэд монголчуудад юу, юу хэрэгтэйг  тайлбарлана.
Хиймэл оюун ухаан нь “Big data” дээр тулгуурлан ажилладаг юм байна л даа. Харин Монголд  дата өгөгдлийн хуримтлал үүсдэггүй, дата сервер нь хүрэлцдэггүй гэнэ. Мөн эрчим хүч их шаарддаг болохоор цахилгаанаа “аргалж” өвөлждөг улсын хувьд эх үүсвэрээ нэмэгдүүлэхээс өөр аргагүй аж. Эрчим хүчний эс үүсвэрийг нэмэхийн тулд энэ салбарт реформ хийхийг эрх баригчдад сануулна.  Тэр эрчим хүчний салбар дахь төрийн оролцоог бууруулж, гадаадаас хөрөнгө оруулалт татвал дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй гадагшаа нийлүүлэх гарц гаргалгаа ч хэдийнэ олоод харчихсан явна лээ.

М.Тулгат бол үзэл санааны улстөрч. Ардчилсан нам албан бусаар хоёр хуваагдаж, хоёр тамгатай, хоёр даргатай болох үед тэр бууриа сахиж үлдсэн ардчиллын цөөн залуусын нэг. Мөнгөтэй, нөлөөтэй ах нарыг аялдан дагаагүй, баруун төвийн үзэл баримтлал дээрээ үнэнч зогссон. Ардчилсан нам С.Эрдэнэ, Х.Баттулга гэх хоёр хүний “зодоон” болох ёсгүй, ардчиллыг хэн нэгэн өмчлөх эрхгүй гэсэндээ тэр л дээ. АН-д гэнэтхэн хайртай болж, албан тушаалд гүйгээд очсон, нэр дэвшсэн, жагсаалтад бичигдсэн хүмүүс алсаас анхааралтай ажиглаад, аль ялсан талд нь очихоо хүлээгээд сууж байсан болсон явдал, бодит үнэн. Харин  М.Тулгатаас ийм бэртэгчин зан гараагүй. Тэр Ардчилсан намыг хэн нэгэн хувь хүний халаасны компани болгохгүй төлөө тэмцсэн, зүтгэсэн. Түүний тэмцлийн үр дүнд АН өнөөдөр нэг дээвэр дор эвлэж, нэгдээд явж байна.

Майнбаярын Тулгатын байнга ярьдаг бас нэгэн сэдэв нь нийгмийн даатгалын тогтолцоо. Монголын нийгмийн даатгал иргэд, аж ахуйн нэгжүүдэд том дарамт болдог хэр нь тэр хэмжээгээрээ ирээдүйн баталгаа болж чаддаггүй. Нэг ёсондоо, нийгмийн даатгалын тогтолцоо нь дахин хуваарилалтын зарчмаар явагддаг. Тэгвэл М.Тулгат үүнийг өөрчлөхийг зорьдог.  Иргэдийнх нь  нийгмийн даатгалын шимтгэл бодит хуримтлал болдог, ирээдүйн баталгаа нь байдаг тийм тогтолцоотой, ийм ээлтэй улс болгохыг хүсдэг.

Гадаадын ахмадууд гадагш дотогш аялах хөрөнгөтэй байхад манай ахмадуудыг зуухан мянган төгрөгийн “насны хишиг”-ээр нь хуураад сууж болохгүй л гэдэг хүн.

-Тэгвэл эрх баригчид яагаад үүнийг өөрчлөхгүй байгаа юм бэ?

-Нийгмийн даатгалын сангаар төсвийн алдагдлыг нөхөж ирсэнтэй холбоотой. Үүнийг өөрчлөх сонирхол МАН-д алга. Банкнуудын лобби ч явдаг байхыг үгүйсгэхгүй. Баялагтаа эзэн монгол гээд пиардаад байна, уг нь энэ тэтгэврийн санг хөрөнгийн зах зээлтэй холбосноор иргэд уул уурхайг хувьцааг худалдаж авна, олон нийтийн хяналт орж ирнэ.

Тэр ингэж хариулсан. Хүний хөгжлийн индексээр Монгол Улсаа дэлхийд эхний 50-д багтаах гоё зорилготой. Түүнийхээ төлөө УИХ-ын ес дэх удаагийн сонгуульд Баянзүрх дүүрэгт АН-аас нэр дэвшиж байна. Түүний тухай нэг зүйлийг амлаж чадна. Тэр хэзээ ч авлига авахгүй, автобусны мөнгө хулгайлахгүй. Банк тонохгүй, замын мөнгө тоншихгүй.

Хэзээ нэгэн цагт Монгол Улс ардчиллаараа гоёсон, эдийн засаг нь тэлсэн байна гэдэгт би эргэлзэхгүй байнх. Учир нь,ирж яваа цагийн өнгийг М.Тулгатын мөрөөдөл, зорилгоос харж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж