Сөүлд ажилладаг Оросын дипломатч энэ долоо хоногийн эхээр авто осол гаргажээ. Тэрбээр согтууруулах ундаа хэрэглэж, жолоо барьсан байх магадлалтай тул согтолтын зэргийг тогтоох шинжилгээ өгөхийг цагдаа нар хүссэн байна. Гэвч тухайн дипломатч цагдаа нар эрхийг нь зөрчиж байна гэж буруутган, согтолтын зэрэг тогтоолгохоос татгалзсан байна. ОХУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж байсан дипломат 20:46 цагийн орчимд Сөүл хотын төвд орших Сосомун-донгийн гудамжинд өөр машинтай мөргөлдсөн. Тухайн хүн өөрийн дипломат халдашгүй эрхтэй гэж маргалдсан.
Дипломат халдашгүй байдлын улмаас цагдаа нар түүнийг саатуулж чадаагүй. Хэргийн газарт Оросын Элчин сайдын яамны төлөөлөгч хүрэлцэн ирж, дипломатчийг дагуулан явжээ. Сөүл хотын эрх баригчид Оросын дипломатчийг согтолтын зэрэг тогтоох шинжилгээ өгөхөөс татгалзсаных нь төлөө хариуцлага тооцох эсэхийг хэлэлцэж байна. Мөргөлдсөн машин нь такси байсан ба жолооч бэртэж гэмтээгүй. Гэхдээ машин нь эвдэрсэн байна. Тус хэрэг гарсны дараа Өмнөд Солонгосын иргэд Оросын элчин сайдын яамд дургүйцлээ илэрхийлсэн илгээмж, захидал илгээж эхэлжээ. Мөн осол гаргасан дипломатчийг эх орон руу нь буцаахыг шаардсан байна.
Эх сурвалж: Yonhap News