Ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж, үерийн эрсдэл үүсч болзошгүй байна. Энэ нөхцөл байдалд зам тээврийн хөдөлгөөн хэрхэн үргэлжилж буй талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Өнөөдөр 11:30 цагийн байдлаар зам тээврийн 57 осол бүртгэгдсэн. Үүн дотор зам тээврийн ноцтой осол байхгүй байна. Баруун болон зүүн тээврийн товчооны хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Цаг агаарын үзэгдлээс шалтгаалан хөдөлгөөний эрчим нэмэгдсэн. Мөн ойрын өдрүүдэд бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул иргэд, жолоочид аль болох суурин байж, хол замд гарахгүй байхыг зөвлөж байна. Хэрвээ хол замд гарах бол тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаж гарахыг анхааруулж байна" гэв.
Өчигдөр Улаанбаатар хотод орсон борооны улмаас нийслэлийн хэмжээнд борооны ус тогтсон нийт зургаан удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу холбогдох мэргэжлийн байгууллагуудын 32 ажилтан, алба хаагч, 7 автомашин, 4 мотопомпоор 400 тонн усыг соруулж ажилласан байна.
Өнөөдөр /2024.06.21/ бороо үргэлжлэн орно гэдгийг ЦУОШГ-аас мэдээлж буй тул иргэд та бүхнийг,
- Гэр хорооллын айл өрхүүд хашаа, байшин, гэрээ борооны ус орохоос сэргийлж суваг шуудуу татах
- Аж ахуй нэгж байгууллагууд, орон сууцны хорооллууд зоорийн давхрыг ус орохоос сэргийлэн шуудайтай элсээр хамгаалалт татах, усыг соруулах
- Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгах
- Голын усны түвшин нэмэгдсэн байгаа тул зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.