Ж.Роберт Оппенхаймер одоогоос 60 жилийн өмнө атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүст "Намайг уучлаарай" гэж нулимс дуслуулан хэлж байсныг гэрчлэх бичлэг Хирошима хотоос олдсон байна. Оппенхаймер бол дэлхийн хоёрдугаар дайны үед атомын бөмбөг бүтээх АНУ-ын төслийг удирдаж байсан онолын физикч юм. Түүний гар бие оролцон бүтээлцсэн атомын бөмбөг Хирошима, Нагасаки хотыг сүйрүүлсэн байдаг. Оппенхаймер дараа нь 1960 онд Японд аялахдаа тус хотуудад очоогүй бөгөөд хийсэн хэрэгтээ маш их шаналж байсан гэдэг.
Атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүс 1964 онд АНУ-д айлчилж байсан. Тухайн үед тэдэнтэй хамт явсан орчуулагч Тейчлер Йоко 2015 онд тэр талаараа дурсан ярьсан байдаг. Эл бичлэг нь Хирошимад төвтэй ашгийн бус байгууллагын архивт байжээ.
Орчуулагч Тейчлер хэлэхдээ "Хирошиамд төрсөн физикч Шоно Наомигийн хамт би Оппенхаймертай уулзахаар өрөөнд орсон. Тэр үед Оппенхаймер уйлж байсан. Тэрээр Наомид ‘Намайг уучлаарай’ гэж дахин дахин хэлж байсан" гэжээ.
Шоно Наоми нь Хирошима хотын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн онолын физикч юм. Шоно ахлах сургуулийн төгсөгчдийн мэдээллийн товхимолд уулзалтын талаар "Оппенхаймер Хирошима, Нагасакигийн талаар ярихыг хүсэхгүй байгаагаа хэлсэн. Эдгээр хотын нэрийг дурсах үед хийсэн үйлдэлдээ гэмших сэтгэл нь асар хүнд байгааг мэдэж болно" гэж бичиж байжээ.
Чикагогийн ДеПаул их сургуулийн профессор Миямото Юки "Оппенхаймер үнэхээр хохирогчидтой уулзсан нь гайхмаар. Гэхдээ түүний цөмийн зэвсгийг устгах кампанит ажил үргэлжлээгүй нь харамсалтай. Цөмийн зэвсгийг устгах ажил нь амьд үлдэгсдийн хувьд чухал зүйл байсан" гэжээ.
Оппенхаймер 1967 онд нас барснаар түүний цөмийн зэвсгийн эсрэг кампанит ажил нь зогссон байдаг. Олон америк хүн Оппенхаймертай санал нэг байсан ч кампанит ажил цааш үргэлжлээгүй ажээ.
Эх сурвалж: NHK Japan