Хиймэл дагуулын авсан зургаас үзвэл, Хойд Солонгос өмнөдийн хил дагуу хэсэгчилсэн хана босгосон байна. Хана барьсан хэсэг нь цэрэггүй бүс агаад Өмнөд Солонгостой хийсэн олон жилийн эвлэрлийн гэрээг зөрчиж буй үйлдэл байж болзошгүй. Гэхдээ тус цэрэггүй бүс нь энх тайвны гэрээнд тусгагдаагүй байдаг ба Өмнөд ба Хойд Солонгос хувааж авсан байдаг. Шинжээчдийн үзэж буйгаар, хоёр орны нөхцөл байдал хурцадмал болж буй энэ үед хана босгосон явдал нь маргааныг улам өдөөж магадгүй. Сөүлд төвтэй "NK News" тусгай сайтын сурвалжлагч Шреяс Редди “Хойд Солонгос цэргийн оролцоо, хилийн дагуух бэхлэлтээ чангатгахыг эрмэлзэж байна гэж бид одоогоор таамаглаж байна" гэжээ.
Тусгаарлах хананууд нь тус бүр долоон км урттай ба хилийн дээснээс нэг км зайд оршиж байна.
Яг хэдийнээс баригдаж эхэлсэн нь тодорхойгүй байгаа ч хиймэл дагуулын мэдээллээс үзэхэд өнгөрсөн арваннэгдүгээр сард баригдаж эхэлсэн гэж таамаглаж буй. Мөн гурван хэсэг ханыг цаашид үргэлжлүүлэн барьж магадгүй гэж албаны хүмүүс үзжээ. Сөүлийн Асан Бодлого Судлалын Хүрээлэнгийн цэрэг, батлан хамгаалахын мэргэжилтэн доктор Ук Ян, "Миний хувийн дүгнэлт бол тэд анх удаагаа газар нутгийг тусгаарлах үүднээс хаалт босгож байна. Хойд Солонгос 1990-ээд онд дайн дэгдвэл танкуудыг урагшлуулахгүйн тулд танкны эсрэг хана босгож байсан. Гэвч сүүлийн үед Хойд Солонгос 2-3 метр өндөр хана босгож байгаа бөгөөд тэдгээр нь танк эсэргүүцэх хана шиг харагдахгүй байна” гэж доктор Ян хэлэв. Хиймэл дагуулын зургуудыг хянаж үзсэн тэрбээр "Ханын хэлбэр нь зөвхөн саад тотгор биш, харин бүс нутгийг хуваах зорилготой гэдгийг харуулж байна" гэжээ.
Эх сурвалж: BBC