Евро 2024: Испанийн шинэ эрин эхэлж, Англи эргэлзээ төрүүлэв

Хуучирсан мэдээ: 2024.06.21-нд нийтлэгдсэн

ЕВРО-2024

Евро 2024: Испанийн шинэ эрин эхэлж, Англи эргэлзээ төрүүлэв

Евро 2024: Испанийн шинэ эрин эхэлж, Англи эргэлзээ төрүүлэв

Евро 2024 тэмцээний хэсгийн шатны хоёрдугаар тойргийн ээлжит тоглолтууд өчигдөр/2024.06.20/ боллоо.


СЛОВЕНИ 1 – 1 СЕРБИ

Лука Йовичийн эцсийн мөчид оруулсан гоолын ачаар Сербийн шигшээ хожигдох аюулаас аврагдаж, хасагдах шатанд шалгарах боломжоо хадгаллаа. Словенийн шигшээ Жан Карничикийн гоолоор тэргүүллийг авч, тоглолтын турш үр дүнгээ сайн хамгаалсан ч тоглолтын сүүлийн минутад булангийн цохилт алдаж, улмаар Лука Йович мөргөв.

Тоглолтын тухайд Словени хамгаалалтаас сөрөг довтолгоо хурдтай шилжиж, Сербийн хамгаалагчдын шандасыг сорьж байсан бол Сербийн шигшээ гоол оруулах олон боломжуудыг үүсгэсэн ч төгсгөж чадаагүй. Митрович, Влахович, Йович, Тадич гээд аль ч шигшээ багт байхгүй довтолгооны сонголтуудтай тэд үнэхээр учраа олсонгүй. Гэхдээ хожигдсонгүй.

Тоглолтын шилдгээр шалгарсан Жан Карничик "Үнэхээр хэцүү байна. Бид хожил байгуулахад үнэхээр ойрхон байлаа. Бид сайн тоглосон ч үр дүнгээ хадгалж чадсангүй. Талбай дээр байх гайхалтай байлаа. Үзэгчдийнхээ дэмжлэгт талархаж байна Одоо бид хэсгийн фаворит Англитай тоглоно. Бүхнээ дайчилна" гэв.

Сербийн дасгалжуулагч Драган Стойкович "Олон хүний хувьд тоглолт дуусчихсан байсан. Харин бидний хувьд үгүй байсан. Үнэхээр хүнд тоглолт боллоо. Еврогийн тоглолт бүр чухал. Миний хувьд олон боломж үүсгэсэн багийнхандаа баяр хүргэх нь чухал байна. Словени биднийг хожихыг яасан ч зөвшөөрөхгүй. Тиймээс л бид шагналаа авлаа" гэжээ.

ДАНИ 1 – 1 АНГЛИ

Еврогийн өмнө Английн шигшээг Еврод түрүүлнэ гэж олон хүн бодсон, таамагласан. Харамсалтай нь өчигдрийн тоглолтын дараа олон хүний бодол өөрчлөгдөж, Английн шигшээд эргэлзэж эхэлсэн биз. Тоглолтын эхний гоолыг оруулсан Англи тэр цаг үеэс хойш "унтарчихсан". Эхний 20 минутад Английн шуургалсан довтолгоо үнэхээр аюул тарьж, Харри Кэйн хийх ёстой ажлаа хийв. Гэвч энэ үеэс хойш Дани утгаараа илүүрхсэн.

Талбайн төвд Данийн хагас хамгаалагчид Английн дунд болон хамгаалалтын шугамыг нь дээрэлхэж, бөмбөгийг хүссэнээрээ эзэмшиж, боломж үүсгэж байлаа. Деклан Райс, Трент Александр-Арнольд хоёр Английн дундын шугамыг хариуцах хослол биш гэдэг нь харагдсан.

Даниас тэнцээний гоолыг Мортен Юлманд оруулсан. Түүний алсын цохилтоос оруулсан уг гоол энэ Еврогийн шилдгүүдийн нэгт тооцогдоно.

Тоглолтын дараа Гарет Саутгейт шүүмжлэлд өртсөн. Учир нь тэрбээр Энтони Гордон, Коул Палмер, Коби Майну зэрэг өнгөрсөн улирал Премьер лигийн нээлт болсон залуучуудыг талбайд гаргаагүй. Тэдний оронд Олли Уаткинс, Жаррод Бовен, Эзе нарыг илүүд үзсэн юм.

Тоглолтын дараа Данийн довтлогч Андреас Сков Ольсен "Бид сайн тоглолоо. Гайхалтай эрч хүчтэй байлаа. Бид тоглолтын ихэнхи хэсэгт илүүрхсэн гэж бодож байна. Ерөнхийдөө бидний эрч хүч Англиас илүү байлаа. Бид дуэл бүртээ ялж, хожлын боломжуудыг үүсгэсэн. Хүн бүр гайхалтай байлаа. Энэ л бидэнд дутагдаад байсан зүйл. Одоо энэ тоглолтын хэмнэлээ хадгалмаар байна. Өнөөдөр яг цагтаа сайн тоглолтоо үзүүллээ" гэв.

Харин Английн дасгалжуулагч Гарет Саутгейт "Товчхоноор бид төсөөлж байсан шигээ сайн тоглосонгүй. Бид бөмбөгтэй сайн тоглож чадсангүй. Үүнийг сайжруулах хэрэгтэй. Еврогийн хоёр тоглолтод бид өрсөлдөгчдөө сайн дарамталсан гэж бодож байна.Бид зүгээр л санаснаараа тоглож чадсангүй" гэжээ.

ИСПАНИ 1 – 0 ИТАЛИ

Испанийн шигшээ багийн шинэ эрин үе эхэлчихсэн гэж яриад байгаа. Үүнийгээ ч нотлох шиг өчигдөр аваргаа хамгаалагч Италийн шигшээ багийг буулган авчээ. Тоглолтын цорын ганц гоолыг сүүлийн үед тодроод итали хамгаалагч Риккардо Калафьори өөрийн хаалгандаа оруулжээ. Ингэснээр тэрбээр Еврогийн түүхэнд өөрийн хаалгандаа гоол оруулсан анхны Италийн шигшээ багийн тамирчин болсон аж.

Тоглолтын тухайд Испани уламжлалт ёсоор бөмбөг эзэмшиж, Итали яхир хамгаалалтаа толилуулсан. Испаниас Нико Уиллиамсыг тогтоох амаргүй байлаа. Түүний жигүүрээс Испанийн хамгийн аюултай довтолгоонууд эхэлж байв.

Тоглолтын дараа Испанийн дасгалжуулагч Луис де ла Фуенте "Намайг Испанийг удирдсанаас хойшхи хамгийн шилдэг тоглолт энэ байлаа. Бид Үндэстнүүдийн цомд Италийн эсрэг тоглож байсан ч үүн шиг байгаагүй. Үр дүндээ сэтгэл хангалуун, хожсондоо баяртай байна. Үнэхээр шандас сорьсон тэмцээн болж байна. Бид бүх талаараа илүү байлаа. Италийг хүндэлж байна. Тэд өнөөдөр хэцүү сорилтод орлоо" гэжээ.

Тэгвэл Италийн дасгалжуулагч Лучано Спаллетти "Талбайн өнцөг булан бүрт ялгаа их гарлаа. Бид нягт байж чадсангүй. Гарсан ялгаа бүрийг арилгаж чадсангүй. Испани үнэхээр бидэнд аюул тарилаа. Тооны харьцаа 1-0-ээс илүү байх боломжтой байсан. Худлаа хэлээд юу гэх вэ?" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж