Авлигачдыг бөхийлгөсөн 5Ш ажиллагаа

Хуучирсан мэдээ: 2024.06.21-нд нийтлэгдсэн

Авлигачдыг бөхийлгөсөн 5Ш ажиллагаа

Авлигачдыг бөхийлгөсөн 5Ш ажиллагаа

Нүүрсчидтэй хийсэн Засгийн газрын тэмцэл 2023 онд 5Ш ажиллагаагаар эрчимжсэнээр тусгай сангуудыг тоносон эрх мэдэлтнүүдийг зээлээ төлөхийг шаардсан олон нийтийн хөдөлгөөн өрнөж, төрийн албанд хууль зөрчин томилогдсон албан тушаалтнууд чөлөөлөгдөж, олон нийтийн өмч рүү гар дүрэн хөрөнгөжсөн хулгайч нар хуулийн хариуцлага хүлээж эхэлсэн  нь “Шилэн”, “Шүгэл”, “Шувуу”, “Шүүр”, “Шилжүүлэн авах” ажиллагааны үр дүн байв.

Жишээ татвал, “Шилэн” ажиллагааны хүрээнд ашигт малтмалын орд газар эзэмшиж буй иргэн, хуулийн этгээдийн нэр, хамаарал бүхий этгээдүүд нь тодорхой болсны зэрэгцээ улсын тусгай хамгаалалттай газарт эзэн суусан “ноёд”-ын нэрс задарсан.

Иргэдэд 0.07 га газар ч олдохгүй байхад эрх мэдэлтэн хийгээд хөрөнгө мөнгөтэй хүмүүс нь улсын тусгай хамгаалалттай газрыг уул, уулаар нь эзэмшин, отог байгуулах нэрээр Богдхан уулаас эхлээд Нүхтийн аманд үнэтэй орон сууцууд босгон хууль зөрчсөн нь тодорхой болсон юм.

Улаанбаатар хот өнөөдөр төлөвлөлтгүй, бетонон ширгэнгэ болж хувирсан нь авлигын үр дагавар гэдгийг Ерөнхий сайд мэдэгдэж, цаашид хууль зөрчин газар олгосон албан тушаалтан бүрт хариуцлага хүлээлгэх болно гэдгийг анхааруулсан. Нөгөөтэйгүүр, замбараагүй газар олголтыг цэгцлэх зорилгоор хууль эрх зүйн орчныг ч өөрчлөөд буй.

Боловсролын зээлийн сан эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр хүмүүсийн саалийн үнээ болж хувирсан нь мөн илчлэгдсэн.

Гажуудлыг засах зорилгоор Засгийн газар Боловсролын зээлийн санхүүжилтээр гадаад улсад сурах залууст тавигдах шаардлага нөхцлийг өөрчилж, сонгон шалгаруулалтыг ил тод болгосноор борчуудын хүүхдүүд ч хамрагдах боломж нээгдээд байна.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал аж ахуйг хөгжүүлэх сангууд ч эрх мэдэлтнүүд болоод хөрөнгөтнүүдийн хөнгөлөлттэй зээл авдаг тусгай сан болж хувирсныг олон нийтэд нээлттэй болгосноор зээлийг эргүүлэн төлүүлэх ажил эрчимжсэн.  Зургаан төрлийн Засгийн газрын тусгай сангийн эргэн төлөлт 91.6 тэрбумд хүрчээ. “Шилэн” ажиллагааны хүрээнд нийтдээ 970.300 мэдээлэл ил болсон юм.

“Шүүр” ажиллагааны хүрээнд 3159 албан тушаалтанд хамаарах 6278 зөрчлийг ирүүлж, 1334 албан тушаалтанд мэдэгдэл хүргүүлэн, 471 албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Өөрөөр хэлбэл, төрийн албанд ажилд ороход арын хаалга үйлчлэхгүй.  Хэн илүү мэдлэгтэй, боловсролтой, туршлагатай нь сонгон шалгаруулалтаар өрсөлдөн төрийн албанд ажиллах боломжтой байхаар зохицуулалт хийгээд буй.

“Шүгэл” ажиллагааны хүрээнд иргэдээс 1015 гомдол санал хүлээн авч, 64 хувийг нь шийдвэрлэжээ. Төрийн үйлчилгээ авахад үүсэж буй хүнд суртал, авлига өгөх эрсдэл үүсгэж буй асуудлын талаар иргэд, хувийн хэвшлээс мэдээлэл авч, хамтран ажилласан юм. Засгийн газраас Шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн нь авлигатай тэмцэхэд чиглэсэн юм.

“Шувуу” ажиллагааны хүрээнд авлига, албан тушаалын хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж байхдаа гадаад орон руу оргон зугатсан этгээдүүдийг эргүүлэн авч ирэх ажиллагаа хийгдсэнээр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунай тэргүүтэй 25 сэжигтэн оргодлыг Монголд авч ирсэн.  Гэхдээ гадаад улсад байгаа сэжигтэн оргодлуудыг Монголд авч ирэх, хууль бусаар гаргасан хөрөнгүүдийг авч ирэхэд зарим талаар хууль эрх зүйн хувьд хүчгүйдсэнийг Засгийн газраас хуулийн төслүүд өргөн мэдүүлж, УИХ-аар батлуулснаар эрх зүйн хувьд нээлттэй болоод буй.

“Шилжүүлэн авах” ажиллагааны хүрээнд Авлигатай тэмцэх газар өнгөрсөн 15 жилийн хугацаанд 10,600 гаруй эрүүгийн хэргийг шалгаж, гэмт хэргийн улмаас учирсан 2.8 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 12 сая гаруй ам.долларын хөрөнгийг буцаан авчирч, улсын орлого болгожээ.

Авлига, хулгайтай хийж буй тэмцэл зогсоогүй үргэлжилж буй. Иймээс гадаад улс руу хууль бусаар олсон орлогоо гаргасан этгээдүүдийн хөрөнгийг царцаах, Монголд авч ирэх ажиллагаа үргэлжилнэ.

Мөн төрд албан тушаал хашиж байж авлига авч, хулгай хийж буй хэнбугайн ч толгойг илэхгүй. Авлига, албан тушаалын хэрэг үйлдсэн бол хүлээх хариуцлагыг чангатгаж, хуулийг баталсан. Тодруулбал, Засгийн газар 2022 онд Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж батлуулснаар авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял авсан тохиолдолд хүлээх хариуцлага чанарсан. Тухайлбал, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдийн нийтийн албанд ажиллах эрхийг нь хасах, өршөөл, уучлал үзүүлэхгүй байх, бүх шатны сонгуульд өрсөлдөх эрхийг хасах, Албан тушаалаа урвуулан ашиглаж, авлигын замаар олсон хөрөнгө, орлогыг  гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхээс үл хамааран хурааж, улсын орлого болгох, Эрүүгийн хуулийн 22-р бүлгийн авлига, албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэдэг эрхзүйн зохицуулалтыг хүчингүй болгох, Авлига, албан тушаалын гэмт хэрэг, тэр дундаа хахууль авах гэмт хэргийн ялын дээд хэмжээ 5-12 жил байсныг 12-20 жилийн хорих ял болгон нэмэгдүүлэх зэрэг авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгасан нь авлигачдыг бөхийлгөсөн зохицуулалт болсон юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж