Евро 2024: Испани тоглолт таардаггүй Италийн учрыг олж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2024.06.20-нд нийтлэгдсэн

ЕВРО-2024

Евро 2024: Испани тоглолт таардаггүй Италийн учрыг олж чадах уу?

Евро 2024: Испани тоглолт таардаггүй Италийн учрыг олж чадах уу?

Евро 2024 тэмцээний хэсгийн шатны хоёрдугаар тойргийн ээлжит тоглолтууд өнөөдөр/2024.06.20/ болно. Үүнтэй холбогдуулан та бүхэндээ тоглолтын өмнөх мэдээллийг хүргэе.


СЛОВЕНИ – СЕРБИ /21.00 цаг/

Нээлтийн тоглолтод хүчирхэг Данитай тэнцэж, урам авсан Словенийн шигшээ баг энэ удаад Сербийг хожно гэж талбайд гарна. Тоглолтын өмнө Словенийн довтлогч Андраз Шпорар "Бид тэмцэж чадна гэдгээ харуулсан. Бид урд шугаманд аюул тарихад том зай хэрэггүй. Бид богино зайд, хурдтай шилждэг. Сербийн хамгаалагчид биднээс удаан. Үүнийгээ бид давуу тал болгоно" гэв.

Харин Серби нээлтийн тоглолтод Англид тахим буулгасан. Гэхдээ тэд сайн эсэргүүцэл үзүүлж, илт давуу хожигдоогүй. Тиймээс Словенийг хожих төлөвлөгөөтэй тоглоно. Тус багийн хагас хамгаалагч Саша Лукич "Бид багаараа сайн тоглосон. Английн эсрэг тэднийг хожиж чадна гэдгээ харуулсан" гэсэн бол Никола Миленкович "Одоо бид Англитай тоглосноосоо илүү зоригтой талбайд гармаар байна" гэв.

Сербийг хуучин Югослав байх үед дээрх хоёр баг учраа тааран тоглож, 3-3 гэсэн харьцаатай тэнцэж байжээ.

ДАНИ – АНГЛИ /00.00 цаг/

Дани нээлтийн тоглолтод хүссэнээрээ тоглож чадаагүй. Угтаа тоглолтыг сайн эхлүүлсэн ч тэнцээтэй л үлдсэн. Гэхдээ бүтэн тоглолтын турш өрсөлдөгчөө илүүрхсэн. Тэгвэл энэ тоглолтод ч Английг хязгаарлах төлөвлөгөөтэй тоглоно. Английн Брентфордод тоглодог Дамсгор "Бид тоглож чаддаг гэдгээ аль хэдийнэ харуулчихсан. Гэхдээ ирэх тоглолтод хамгийн шилдгээрээ тоглох хэрэгтэй. Учир нь Английг 90 хувьтай тогловол хожихгүй. Харин 100 хувь тогловол хожих боломжтой" гэжээ.

Гэхдээ "Гурван арслангууд"-ын чанарыг шалгах баг Дани байж чадах болов уу? Өмнө нь хоёр баг Евро 2020 тэмцээнд учраа таарахад нэмэлт цагт Англи хожсон түүхтэй. Ирэх тоглолтын талаар Трент Александр-Арнольд "Энэ хэмнэлээ л хадгалмаар байна. Бид юун дээр анхаарах ёстойгоо мэднэ" гэв.

Дани, Англи хоёр нийт 22 удаа учраа тааран тоглоход Англи 13, Дани дөрвөн удаа тус тус хожжээ.

ИСПАНИ – ИТАЛИ /03.00 цаг/

Испанийн шигшээ багийн шинэ эрин үе эхэллээ гэж Европ, дэлхий даяар цуурч байна. Тэд эхний тоглолтдоо өнөөх Хорватыг 3-0 гэсэн харьцаатай хожсон болохоор ингэж хэлэх нь ч аргагүй. Гэхдээ өнөөдөр дахин нэг хүнд сорилтод орно. Тэр нь аваргаа хамгаалагч Италийн шигшээ. Испанийн хаалгач Унай Симон багийнхаа талаар "Одоо бид, хэвлэл мэдээлэл, фэнүүд гээд бүгд хийж, бүтээж буй зүйлдээ сэтгэл хангалуун, бахархлаа хуваалцаж байна. Бид бүгд нэг чигт зорьж байна. Хүн бүр финалд хүрч, түрүүлэхийг хүсч байна" гэлээ.

Тэгвэл Албанид барьц алдсан ч дарж авсан Италийн шигшээгийн хагас хамгаалагч Давиде Фраттеци "Одоо бол Испани хувь тоглогчдынхоо чадвараар биднээс илүү. Бид Итали маягийн хөлбөмбөгийн тоглолтоо авчрах хэрэгтэй байна. Бид хамтдаа тэмцэх хэрэгтэй" гэжээ.

Евро болон дэлхийн аваргын хүрээнд Испани, Итали хоёр нийт арван удаа учраа таарахад Италийн шигшээ баг ердөө ганц ялагджээ. Өөрөөр хэлбэл, тэд 2012 оны Еврод 0-4 гэсэн харьцаатай хожигдсоноосоо өөрөөр Испанид бөхийж байгаагүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж