Монголд улс төрийн хэлмэгдүүлэлтийн IV үе эхэлчихжээ

сонгууль-2024

Монголд улс төрийн хэлмэгдүүлэлтийн IV үе эхэлчихжээ

Монголд улс төрийн хэлмэгдүүлэлтийн IV үе эхэлчихжээ

Уг нь ардчилсан төр засаг хуулийн засаглалыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хуулиар хамгаалах, хувийн хэвшилд суурилсан зах зээлийн эдийн засгийн орчин, нийгмийг цогцлоон хөгжүүлэх үүрэгтэй. Харамсалтай нь Ардчилсан Монгол оронд улс төрийн хэлмэгдүүлэлтийн дөрөвдүгээр үе эхэлчихжээ. Наад захын жишээ нь, манайд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тохиолдол өндөр хувьтай байгааг НҮБ-ын хүний эрхийн байгууллагаас анхааруулсан. 2020 онд баривчлах ажиллагааны 99.3, 2021 онд 98.3 хувийг шүүхийн шийдвэргүйгээр гүйцэтгэсэн нь гайхмаар өндөр тоо. Мөн сүүлийн жилүүдэд Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөний индексүүд уруудсаар байна.

Саяхан “Монполимет” ХХК-ийн захирал Ц.Гарамжавыг барьж хориод олон нийтийн шаардлагаар нэг өдрийн дараа сулласан. Түүнийг баривчилсан шалтгаан нь Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар ашиглаж АНУ-д хаус авсан, МАН-аас өөр намуудыг энэ сонгуулиар санхүүжүүлэх гэсэн учраас барьж хорьсон гэх мэдээлэл бий.

Уг нь энэ хүн Хөгжлийн банкны хэлэлцүүлгийн үед авсан зээлээ хүүтэй (Засгийн газар валютын ханшийг “хазаарлаж” чадаагүй ч бүх эрсдэлийг өөрсдөө үүрсэн) нь төлж, үйлдвэрээ барьсныг мэдээлсэн шүү дээ. Тиймээс үүнийг сонгуультай холбоотой улс төрийн акц буюу улс төрийн чанартай хэлмэгдүүлэлт гэж үзэх үндэслэлтэй.

“Монполимет” ХХК-ийн Тосон үйлдвэрийг Авлигатай тэмцэх газраас 2024 оны зургадугаар сарын 5-нд тоног төхөөрөмж, техникүүдийг нь битүүмжилснээс хойш 300 гаруй ажилтантай тус үйлдвэр сул зогсолт хийсээр, цаашид хэр хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байгаа юм. Энэ нь тус компанийнхантай хамтран ажилладаг, бүтээгдэхүүнийг нь авдаг улсын, хувийн олон аж ахуйн нэгжид ихээхэн хүндрэл учруулж байгааг олон нийтийн сүлжээгээр дамжуулан илэрхийлсээр буй ч үл тоосон хэвээр байна. Үүнээс гадна “Алтайн хүдэр” компанийн захирал Р.Базарааг барьж хориод сулласан. Гэм буруутай нь батлагдаагүй хэнийг ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан “матарлаж”, нэр хүндэд нь халдах ёсгүй юм, уг нь.

Түүнчлэн “Ачит ихт” компанийн оффист нэгжлэг хийн, цахилгааныг нь тасалж, дансыг нь хаагаад удлаа. “Эрдэнэт үйлдвэр”-ийн хаягдал овоолгыг ашиглан катодын зэс үйлдвэрлэн экспортолдог, Лондоны металлын биржид бүртгэлтэй “Ачит ихт” компанийнхан анх 34 хувиа улсад санал болгоход “Ийм олон сая долларыг шороонд зарцуулж байдаг та нар тэнэг байх аа. 34 хувь эзэмшвэл түүнтэй дүйхүйц хөрөнгө оруулах шаардлага гарна. Тэгж шатахгүй, хувь эзэмшихгүй” гэсэн байдаг. Гэтэл өдгөө татвар, хураамжаа төлөөд явж буй эл компанийг улсын баялгийг шамшигдуулсан мэт харагдуулж, ашиг олох нь гэж илүү үзэж буй аятай л байна.

Бас байсхийгээд л компаниудад бүрэн эрхт төлөөлөгч томилдог жишиг тогтлоо. Тэр нь очсон даруйдаа ашигтай ажиллуулдаг юм байх. Энэ бол төр хамаг эрх мэдлийг өөртөө хамж авч байгаагийн наад захын жишээ.

Өнгөрсөн жилийн байдлаар 8.3 тэрбум төгрөгийн өртэй байсан “Багануур” ХК энэ жилийн эхний улиралд өрөө төлж барагдуулсан гэж “Эрдэнэс Монгол”-ын пэйж хуудсанд байршуулсан рийлд (reel) дурдана лээ. Өчнөөн жил өртэй явсан компани сонгуулийн өмнө богино хугацаанд өргүй болжээ. Энэ мэтчилэн суртал ухуулга цацаж, төр өмчтэй байвал ашигтай ажилладаг гэсэн мессеж өгч буй нь асар аюултай. Ер нь хамгийн ашиггүй, өндөр зардалтай, дарга, сайд нар дураараа дургидаг “газар” бол төрийн өмчит компаниуд гэдгийг судлаачид, олон улсын байгууллагынхан анхааруулсаар буй.

Өнөөдрийн байдлаар хувийн хэвшлийнхэн ДНБ-ий 80 орчим хувийг бий болгож байна. Гэтэл төр нь баялаг бүтээгчдээ байсхийгээд л дарамтлах учиргүй. Дотоодын хөрөнгө оруулагчдаа дарамталж байгаа төр засагт гадаадын хөрөнгө оруулагчид итгэж орж ирэхгүй. Дээрх жишээнүүдээс харахад зарим цагдаа, прокурор, шүүхийнхэн эрх баригчдын улс төрийн захиалгыг гүйцэтгэж буй нь тодорхой байна. Хэн нэгнийг барь гэвэл бариад, хураа гэвэл хураагаад, нураа гэвэл нураадаг болжээ гэсэн үг.

Монгол Улсад улс төрийн хэлмэгдүүлэлт ийнхүү дөрөв дэх удаагаа давтагдаж байна. Түүх сөхвөл, тухайн үеийн коммунист нам 1922-1939 онд оросуудтай хамтарч улс төрийн хэлмэгдүүлэлтээр 30 гаруй мянган иргэнээ хоморголон цаазалж байв. 1956-1990 оны сэхээтний төөрөгдлийн он жилүүдийг улс төрийн хэлмэгдүүлэлтийн гуравдугаар үе шат гэдэг. Энэ хэлмэгдүүлэлт нь Монголын шинэ үеийн сэхээтнүүдийн эсрэг хандаж, тэдний үндэс угсаагаа сэргээх эх оронч үзлийг нь мохооход чиглэж байв.

1962 онд Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэлээ, үндсэрхэг үзэл гаргалаа, марксизм-ленинизмийн жанжин шугамаас ухарлаа хэмээн Д.Төмөр-Очир, Ц.Лоохууз, Б.Сурмаажав нарын 300 гаруй сэхээтнийг хамруулан нутаг заан цөлсөн байдаг. Ийнхүү Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт эхний үедээ алан хядах замаар хэрэгжсэн бол хоёрдугаар үеэсээ аажмаар төрхөө өөрчлөн, нам захиргааны арга хэмжээ авч шийтгэх, хүний нэр төр, нандин чанар буюу хүний эрх, эрх чөлөөнд халдан гүтгэх, үзэл бодлоор хавчин гадуурхах, нэр хоч өгөх, нутаг заан цөлөх хэлбэртэй болсон байдаг. Энэ үед хууль хяналтын байгууллагууд буюу цагдаа, прокурор, шүүхийн оролцоотойгоор хэлмэгдүүлэлтээ хэрэгжүүлсэн гэдэг. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн дөрөвдүгээр үеийг таслан зогсоохгүй бол дундаж давхаргыг бий болгодог, эдийн засгийг чирч явдаг хувийн хэвшилгүй болох аюул нүүрлэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж