Төрийн гурван өндөрлөг анхны айлчлалаа хаана хийхээс гадаад харилцаандаа баримтлах бодлого нь тодорхой харагддаг. Л.Оюун-Эрдэнийн хувьд Гүйцэтгэх засаглалын тэргүүн болсныхоо дараа гадаадад хийсэн анхны төрийн айлчлалаа гуравдагч хөршөөс, Японоос эхлүүлж байв. Нэмж тодотгоход Л.Оюун-Эрдэнийн анхны гадаад айлчлал Токиогийн олимптой давхцсан, тэрбээр 2021-2025 онд хэрэгжүүлэх дараагийн дунд хугацааны хөтөлбөрөө тохироод ирж байв.
Нэг хэсэг Оросоос хойш очих газаргүй шахам болох дөхсөн Монголын гадаад харилцаа 2021 оноос эрс сэргэж, гурван жилийн хугацаанд дэлхий нийтийн анхаарлыг татсан өвөрмөц, онцгой зочин гийчдийг Монголдоо залж авчирсан юм. Нөгөөтэйгүүр хоёр хөрш төдийгүй гуравдагч орнуудтай хийсэн стратегийн түншлэлээ ахиулах, харилцан ашигтай хамтран ажиллахаар гадаадад ч цөөнгүй айлчлал хийсэн.
Монголын гадаад бодлогын амин сүнс нь олон тулгуурт харилцаа. Мэдээж, хоёр хөршөөсөө давж нүүхгүйгээс хойш тэдэнтэй эв найрамдалтай эн зэрэгцэн орших нь Монголын нэг номерын асуудал. Мөн тусгаар улсын хувьд хэнийг гэртээ урьж, хаашаа айлчлахаа Монгол хэнээр заалгахгүй. Гуравдагч орнуудтай найрсаг харилцаатай байх нь үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд нэн чухал. Товчхондоо, яг ийм бодлогыг монголчууд өнгөрсөн гурван жил гадаад харилцаандаа баримтлаж ирлээ.
Үүгээрээ ч Монгол Улс дэлхийд үүд нь нээлттэй, эвийг эрхэмлэгч, энхийг сахиулагч, ардчилсан улс болохоо зарлаж чадсан. Иймээс дэлхий нүд, чихээ хандуулсан олон онцгой айлчлалууд Монголд тохиосон.
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Улаанбаатарт тав хоног саатахдаа “Монгол дэлхий дахины ардчилал, хөгжлийн их сорилтод нээлттэй байж ирсэн”-ийг хэлсэн үгэндээ онцолсон билээ. Энэхүү айлчлал хоёр их гүрний дундах Монголыг дэлхийн анхаарлын төвд аваачсан юм. Нөгөө талаар Монгол Улс хүний шүтэх, эс шүтэх эрхийг хангасан ардчилсан орон болохыг ч харуулсан.
Монголыг дэлхийд эерэгээр сурталчилсан айлчлал ганц энэ биш. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутарреш, Францын удирдагч Э.Макрон, БНСУ, Япон, Хятад, ОХУ-ын Гадаад харилцааны сайд нар, Польш, Киргизийн төрийн тэргүүн нар Улаанбаатарт зочилсон нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гадаад бодлогын үр дүн юм.
Түүнчлэн Л.Оюун-Эрдэнэ Монголын гадаад харилцааг идэвхжүүлэх цөөнгүй улсад албан ёсны айлчлал хийсний нэг нь АНУ байв.
Жилийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д айлчлахдаа “Гуравдагч хөршийн бодлого”-оо өргөжүүлснээ Цагаан ордноос зарласан агаад гадаад харилцааны тэнцвэрийг хадгалахад энэ бодлого нэн чухал болохыг тодотгож байлаа. Энэхүү айлчлалаар АНУ, Монгол хоёр “Стратегийн гуравдагч хөршийн эдийн засгийн замын зураглал”-ыг шинэчлэн байгуулсан юм.
Тэрбээр АНУ-д хийх айлчлалаасаа өмнө Бээжингийн өвлийн XXIV олимпийн нээлтийн ажиллагаанд оролцсон агаад “Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 гаруй хувийг дангаараа эзэлдэг Гашуунсухайт-Ганцмод боомт болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсон.
Тэрчлэн, Сингапур, ХБНГУ-д айлчилж, Монголын гуравдагч хөршийн харилцаагаа бататган ирсэн байдаг.
Хэдий газарзүйн байрлалынхаа онцлогоор эдийн засгийн албан бус хоригтой байдаг ч Монгол Улс өнгөрсөн гурван жил дэлхийн улс орнуудтай улс төр-эдийн засгийн харилцаагаа нэмэгдүүлэх, цаашлаад үндэсний аюулгүй байдлаа хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн гадаад бодлого нь түүхэнд үлдэхүйц, шинээр сэргэсэн он жилүүд байсан гэж хэлж болно.
Б.БАТ
Холбоотой мэдээ