Өмнөд Солонгосын хүн ам буурсаар байгаа тул "хүн ам зүйн үндэсний онц байдал" зарлаж буйгаа ерөнхийлөгч Юн Сук Ёл Лхагва гаригт мэдэгдлээ. Мөн хэт бага төрөлттэй тэмцэхийн тулд бүхий л хүчээ дайчлан ажиллахаа амлажээ. Энэ байдлыг засахгүй бол Өмнөд Солонгосын хүн ам эцэстээ үгүй болно гэдгийг мөн анхааруулав.
Өмнөд Солонгосын төрөлтийн түвшин буюу эмэгтэй хүний амьдралынхаа туршид төрүүлж буй хүүхдийн дундаж тоо 2023 онд 0.72 болж, шинэ доод түвшинд хүрсэн. Тус улсын хувьд хүн амын зохист тоог хадгалахын тулд төрөлтийн түвшин 2.1 байх ёстой аж.
Засгийн газар сүүлийн 10 жилийн хугацаанд гэр бүлүүдийг хүүхэдтэй болоход нь туслахын тулд янз бүрийн арга хэмжээ авсаар ирсэн. Гэвч орон сууцны үнэ өндөр, боловсролын зардал, ажлын цаг зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалаад залуус гэр бүл зохиож, хүүхэд төрүүлэхээс татгалзсаар байна.
Юн Сук Ёл асуудлыг шийдвэрлэхийн тулд үндсэн гурван чиглэлийг тодорхойлжээ. Эдгээр нь ажил, амьдралыг тэнцвэржүүлэх, хүүхдийн халамжийг нэмэгдүүлэх, орон байрыг сайжруулахад чиглэнэ. Мөн эцэг эхийн тэтгэмжийг нэмэгдүүлэх, хүүхэд асрах амралтын хугацааг сунгах зэрэг багтжээ. Аав нь хүүхдээ асрах тохиолдол Өмнөд Солонгост 6.8 хувьтай байна. Үүнийг 50 хувь хүртэл нэмэгдүүлэхээр зорьж байна. Цаашилбал, ажлын уян хатан цагийг хэрэгжүүлэх, бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн ажлын цагийг өөрчлөх, нярай хүүхэдтэй өрхүүдэд орон сууц олгох, зээлийг бага хүүтэй олгох, хүүхэдтэй өрхүүдэд олгох татварын хөнгөлөлтийг нэмэх гэх мэт арга хэмжээ багтсан.
Эцэг эхийн ачааллыг хөнгөвчлөхийн тулд бага сургуулиудын хичээлийн дараах хөтөлбөрийг өргөжүүлэхээ Юн Сук Ёл амлажээ.
Дээрх арга хэмжээний хэрэгжилтийг хангахын тулд Хүн амын стратеги төлөвлөлтийн яамыг шинээр байгуулах болжээ. Яамны сайд нь Нийгмийн асуудал эрхэлсэн дэд сайдын албыг хаших аж. Тус яам нь хүн амын асуудал, төрөлт багатай, хөгшрөлттэй нийгэм, цагаачлалын бодлого зэрэгтэй холбоотой стратеги боловсруулах, төсвийг хянах, бусад холбогдох төслүүдийн талаар мужийн захиргаатай зөвлөлдөх эрх мэдэлтэй байх болно.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ