Улсын хэмжээнд эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ 2022 оны тавдугаар сарын 1-нээс хойш үргэлжилж байна. Тус үзлэг орон нутагт хийхгүй зогссон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж буй. Энэ талаар мэдээллийг ЭМЯ-ны Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуягаас тодруулахад "Орон нутагт эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ зогссон гэх мэдээлэл худлаа. Энэ оны долдугаар сарын 1-нд эрт илрүүлэг, шинжилгээний эхний цикл дуусна. Долдугаар сараас хойш дараагийн цикл эхлэх байдлаар эрт илрүүлэг, шинжилгээ ямар нэгэн тасалдалгүй үргэлжилж байна " гэв.
2022 оны тавдугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэл нийт нэг сая 368 мянган иргэн буюу нийт иргэдийн 40.6 хувийг эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамруулаад байна.
Үүний 50.8 хувь нь Улаанбаатар хотод, 49.2 хувь нь хөдөө орон нутгийн иргэд байна. Зонхилон тохиолдож байгаа өвчлөлүүдийг авч үзвэл, хоол боловсруулах замын эмгэг, шээс бэлгийн тогтолцооны эмгэг, зүрх судасны эмгэгүүд давамгайлж байна. Энэ хугацаанд нийтдээ хортой болон хоргүй хавдрын 8000 гаруй тохиолдлыг илрүүлж, оношийг баталгаажуулахаар лавлагаа шатлалын эмнэлгүүд руу илгээжээ. Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд харьцангуй өөрийгөө эрүүл мэндийн асуудалгүй гэж бодож байгаа иргэд хамрагддаг бөгөөд зургаан төрлийн үзлэг шинжилгээнд хамрагдах боломжтой юм. Нийт 0-18 насны хүүхдийн багцыг анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд дээр, 18-аас дээш насны иргэд лавлагаа шатны эрүүл мэндийн байгууллага буюу дүүрэг, аймгийн нэгдсэн эмнэлгүүд, Эрүүл мэндийн яамны харъяа төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүд дээр хийж байна.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс сүүлд гаргасан нэмэлт өөрчлөлтөөр 18-30 насны иргэдийн эрт илрүүлэг, үзлэг шинжилгээг шинжилгээ хийх боломж бүхий анхан шатны эрүүл мэндийн байгууллага буюу сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийх боломжийг нээж өгсөн.
Гэхдээ анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад эрт илрүүлэг, үзлэг шинжилгээг бүрэн хийх нөхцөл хараахан бүрдээгүй байгаа юм. Тийм учраас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудад эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдах боломжтой. Эрүүл мэндийн яамнаас эрт илрүүлэг, үзлэг шинжилгээг эхлэхийн өмнө 20 аймаг, хоёр сум дээр эрүүл мэндийн үйл ажиллагаа явуулж байгаа нэгдсэн эмнэлгүүдэд "Эрүүл мэндийг дэмжих төв" байгуулжээ. Эдгээр төвүүдэд мөн үйлчилгээ авах бүрэн боломжтой юм.