Израиль Ливаны хооронд дайн дэгдвэл Европын арал болох Кипр улсыг онилно гэж Хезболла бүлэглэлийн удирдагч Хассан Насралла Лхагва гаригт мэдэгдэв. Израиль дайн өргөжиж магадгүй гэж Ираны дэмжлэгтэй Хезболла бүлэглэлийн эсрэг анхааруулга өгсний дараа Хассан Насралла Кипр арлыг сүрдүүлжээ. Учир нь Израиль дайны бэлтгэлээ хангах зорилгоор Кипр улстай хамтран ажиллаж байгаа. Мөн тус улс Израильтай хамтран ажилласаар байвал Хезболла довтлох болно гэдгийг Хассан Насралла анхааруулжээ.
Кипр арал нь Газар дундын тэнгист оршдог бөгөөд Ливанаас 200 км зайд орших Европын холбооны гишүүн юм. Мөн 2014 оноос хойш Израильтай хамтарсан цэргийн сургуулилалт хийж байгаа ба Хезболла бүлэглэл анх удаа Киприйг заналхийлж буй. Насралла Кипр арлын улсыг заналхийлснээр Израильд анхааруулга өгч байна. Тэрбээр өөрийн бүлгэмийн чадварыг баталж, Израилийг сүйрүүлнэ гэж мөн мэдэгджээ.
Хамас бүлэглэл аравдугаар сарын 7-нд Израиль руу довтолсноос болж Израилийн Батлан хамгаалах салбар Газын зурваст геноцид үйлдэж буй. Үүнээс болж Хезболла болон

Израилийн хооронд хурцадмал байдал нэмэгдсээр байна. Сүүлийн долоо хоногт Хезболла болон Израилийн хооронд сүрдүүлсэн хандлага эрчимжиж байгаа тул олон улс дахин нэг дайн гарахаас эмээж байна.
Түүнчлэн, Мягмар гаригт Израилийн хамгийн том хот болох Хайфагийн иргэд, цэргийн объектыг дроноор бичсэн бичлэг Хезболла бүлэглэл нийтэлсэн. Үүгээрээ Хезболла бүлэглэл цаг хугацаа хамаарахгүй Израиль руу довтолж чадна гэдгээ нотолсноор нөхцөл байдал улам дордов. Израилийн Гадаад хэргийн сайд Израиль Кац бичлэгийн харуйд, Хезболла бүлэглэлийг устгаж, Ливанд хүчтэй хохирол амсуулна гэж сүрдүүлжээ.

Насралла 2006 онд Израильтай хийсэн дайны үеийн Хезболлагийн уриа лоозонгоос иш татан "Бидэнд Хайфа хот, хотын захын хэсгүүд болон Хайфагийн бидэнтэй учирсны дараах бүх бичлэг байна" гэж тохуурхсан байна. Анх 2006 онд Хезболла бүлэглэл Израильтай хийсэн дайны хүрээнд Хайфа хотыг пуужингаар харваж, их хэмжээний хохирол учруулж байжээ.
Хезболла болон Израилийн хоорондох хурцадмал байдлын хариуд Киприйн ерөнхийлөгч Никос Кристодулидес "Кипр ямар ч дайнд оролцоогүй бас оролцохгүй.Бүгд Найрамдах Кипр улс бол асуудлын нэг хэсэг биш. Бүгд Найрамдах Кипр улс бол шийдлийн нэг хэсэг. Түүнчлэн хүмүүнлэгийн замаар бид үүрэг гүйцэтгэж байгааг зөвхөн Арабын ертөнц төдийгүй олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрч байна" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Associated Press