Спорт улс төрөөс ангид байх ёстой гэж ярьдаг ч аль хэдийнэ салшгүй цул болсон гэдгийг сонгууль харуулж байна. Спорт сонирхогчид улс төрийг үзэн ядаж, хайртай, дуртай тамирчин, спортыг нь муухай харагдуулж, улс төрийн сурталчилгаа, тархи угаалтад ашиглаж байна гэж их ярьдаг, шүүмжилдэг. Ихэнх нь спорт улс төрөөс ангид байх ёстой гэдэгтэй санал нийлдэг. Гэхдээ олон улсад ч, Монголд ч "уже" спорт, улс төр хоёр нэг бүхэл болчихсон аж.
Эвлэрэхэд хэцүү ч эсэргүүцэхэд дэндүү оройтсон.
Монголд, улс төрийн нам хүчин, гишүүд спорт холбоодыг өмчилдөг, тэргүүн болчихдог тогтолцоо бий. Энэ жилийн УИХ-д өрсөлдөж буй хэд хэдэн нэр дэвшигчид "хувьдаа" холбоотой. Тухайлбал,
- МАН-ын нэр дэвшигч Т.Мөнхсайхан сагсан бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч
- АН-ын нэр дэвшигч Х.Баттулга жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч
- МАН-ын нэр дэвшигч Г.Дашням жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч
- МАН-ын нэр дэвшигч Б.Жавхлан хоккейн холбооны ерөнхийлөгч
- Шинэ намын нэр дэвшигч Ц.Гантулга ширээний теннисний холбооны ерөнхийлөгч
- АН-ын нэр дэвшигч А.Ганбаатар олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн
- Шинэ намын нэр дэвшигч Ч.Амарсанаа олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн
- ИЗНН-ын нэр дэвшигч Х.Цагаанбаатар пара жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч
Үүнээс гадна спортын баг ивээн тэтгэдэг, компани, байгууллагынхаа нэр дээр бөх, тамирчинтай нэр дэвшигчид арваар тогтохгүй олон. Монгол шиг хөгжингүй гэдэг ч спортын салбар нь сайн хөгжөөгүй, хөрөнгө оруулалт багатай улсад улстөрчид, бизнесийнхэн л дутууг нь нөхөж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг нь хийх боломжтой. Тиймээс спорт холбоо, улстөрч хоёрын ашиг сонирхол нэг зүйл дээр огтлолцдог.
Спорт холбоод хүссэн санхүүжилт, хөрөнгө мөнгөө, улстөрчид хүссэн дэмжлэг, нэр хүндээ авдаг.
Үүнийг буруутгах аргагүй. Хамгийн харамсалтай нь улс төрийн намууд өөрсдийн гэсэн спорт холбоотой болох гэж дотоод сонгуулийг нь будилаантуулж, "мөнгөөр зодох" үзэгдэл цөөнгүй. Олимпийн хорооных нь сонгууль хүртэл МАН, АН-ын гэх тодотголтой болж, тэргүүн нь аль нэг намын хүн байх жишээтэй.
Та бүхний дэмждэг баг, тамирчид сонгуулийн сурталчилгаанд явж, дагадаг спорт холбооны тань цахим хуудсан дээр сонгуулийн сурталчилгаа байгааг харж байгаа биз. Энэ л улстөрчдийн хүсч, хөрөнгө оруулсан дэмжлэг.
Угтаа УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хугацаанд төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаалыг хавсран гүйцэтгэхийг хориглосон байсан боловч энэхүү заалтыг өнгөрөгч 2020 оны долдугаар сарын 9-ний өдөр хүчингүй болгож, өөрчлөн шинэчилжээ.
Монгол Улсын Их хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 42 дугаар зүйл. Гишүүн хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаал гэсний 42.1.4-д "Гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал хавсран гүйцэтгэх эрхтэй" гэж өөрчлөн баталжээ. Ингэснээр УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хугацаанд спортын холбоодын Удирдах зөвлөлд сонгогдож, ерөнхийлөгчөөр нь ажиллах бүрэн боломжтой болж байгаа юм.
Олон улсад, сүүлийн жилүүдэд спорт, улс төрийн харилцаа хамаарал дэндүү ихэссэн. Премьер лигийн тоглолт бүрийн өмнө тоглогчид шүгэлийн дууны дараа газар өвдөглөж суугааг та бүхэн харсан байлгүй. Энэ бол улс төрийн хөдөлгөөнийг дэмжиж буйгаа илэрхийлсэн хэлбэр. "Black Lives Matter" гэх өнгөт арьстнуудыг эрхийг хамгаалах улс төрийн хөдөлгөөн спортод нэвтэрснийг харуулав. Зарим тамирчид үүнийг эсэргүүцэж, тамирчид улс төрийн хөдөлгөөнийг сурталчлах, тэдний утсан хүүхэлдэй байх ёсгүй гэж эсэргүүцэж, өвдөглөж суухыг эсэргүүцдэг. Тэдэнд үүнээс илүү тэмцэх арга бий гэдэгт итгэдэг.
Сүүлийн жилүүдэд Оросын Украинд явуулж буй цэргийг ажиллагааг эсэргүүцэж, Украиныг дэмжиж буйгаа талбай дээр, цэнгэлдэх дотор илэрхийлсэн тамирчин олон. Тэд бүгд л улс төрийн хөдөлгөөнийг сурталчилж байгаа хэрэг. Олон улсын олимпийн хороо хүртэл улс төртэй хутгалдаж, Орос, Беларусийн тамирчдыг тэмцээн, уралдаанд оролцох эрхийг нь хасчихсан. Шалтгаан нь Оросын эрх баригчдын үйл ажиллагаа, тэднийг дэмжиж буй Беларусийн бодлогыг эсэргүүцсэн хэрэг.
Спорт ер нь анхнаасаа л улс төрөөс хамааралтай байсан мэт. Хүйтэн дайны он жилүүдэд, дэлхийн хоёрдугаар дайны үед ч ялгаагүй нэг улс нөгөөгөө бойкотолж, тамирчдынхаа олимпод орох эрхийг хязгаарладаг байв. Хожим нь олимпийн наадам улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх талбар болсон. 1968 оны олимпийн наадмын медалийн тавцан дээр АНУ-ын гүйгч Томми Смит, Жон Карлос нар хар бээлийтэй гараа өргөж, арьс өнгөний үзэл, шударга бус байдлыг эсэргүүцсэн.
Ингээд бодохоор улс төр, спорт хоёр үргэлж л хамтдаа байжээ. Спорт бол ард түмэн, иргэдийг татах соронз. Харин улс төр тэр соронзны эзэн болчихсон. Тэд бие биенийхээ хүссэн зүйлийг өгч чаддаг.
Холбоотой мэдээ