Эдийн засагч Д.Амгалантай УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөж байгаа нам, эвсэлүүд мөрийн хөтөлбөртөө эдийн засгийн талаар ямар бодлого тусгасан талаар ярилцлаа.
-Улс төрийн намуудын мөрийн хөтөлбөртэй танилцав уу. Хэр бодитой мөрийн хөтөлбөрүүд боловсруулсан байна вэ?
-Эдийн засгийн өнцгөөс харвал нам эвслүүд дийлэнх нь төсөв мөнгөө хэмнэлтэй байлгана. Татварын оновчтой орлого, бүсээс хамаарсан шаталсан бодлого хэрэгжүүлнэ, зээлийн хүүг нэг оронтой тоонд барина, үнийн өсөлтөөс хамгаална, иргэдээ сайхан амьдруулна гэсэн байна. Сайхан л амлалтууд, ажил, биеллээ олох болтугай.
–Намуудын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс анхаарал татаж байгаа асуудлууд юу байна?
-Анхаарал татаж буй зүйл бол үнийн өсөлт/инфляци/юм. Энэ тал дээр намууд дараах байр сууртай байна. Жишээ нь, МАН инфляцийн түвшинг тогтвортой байлгах, төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалах,тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих мөнгөний зохистой бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Харин Ардчилсан нам үнийн өсөлтийг хязгаарлаж, инфляцийн түвшинг нэг оронтой тоонд тогтворжуулна. Гадаад валюттай харьцах төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хадгална гэсэн бол Үндэсний эвсэл инфляцийг нэг оронтой тоонд тогтвортой барих төсөв, мөнгөний оновчтой бодлого хэрэгжүүлнэ. Валютын нөөцийг нэмэгдүүлэх замаар урт хугацаанд ханшийн тогтвортой байдлыг хангах бодлого хэрэгжүүлнэ гэжээ . Энэ бүгд хангалттай биеллээ олно гэдэгт итгэхэд хүнд байгаа юм л даа. Яагаад гэхээр нэг талаас эдийн засгийн гадаад нөхцөл, нөгөө талаас өмнөх төсөв, мөнгөний тэлсэн бодлого ялангуяа сонгуулийн жилийн хэт тэлсэн төсвийн бодлого, улс төржсөн санхүүгийн шийдэл, хуваарилалтын үр дагавраас үүдэлтэй эдийн засгийншок үүсэх магадлал өндөр хувьтай харагдаж байна.
Тодруулбал, сүүлийн хагас жилийн хугацаанд зах зээл дээр бэлэн мөнгөний нийлүүлэлт хэт нэмэгдсэн.
Тухайлбал, төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэврийг дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлж, ногдол ашиг тараасан. Цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 100,000 төгрөгөөр нэмэгдүүлэх, Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 100,000 төгрөгөөр нэмэгдүүлж мөн халамжийн тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэмжийг 50,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийтээр нь 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх гэх мэттэй холбоотойгоор төсөв дээр 130 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай болсон. Түүнчлэн УИХ-аар “Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль батлагдсанаар малчид хоршоо байгуулж 3-5 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй 50 хүртэлх сая төгрөгийн зээл авах болсон буюу нийт 5 их наядын хөтөлбөр хэрэгжих болсон.
Өнөөдөр арилжааны банкны зээлийн хүү 20 хувь зөрүү нь13-14 хувь буюу 600-700 тэрбум төгрөг төсөвт байхгүй, эх үүсвэрийн дарамт ирнэ. Нөхөхийн тулд мөнгө хэвлэх үү гэх мэт асуудал тулгарна. Энэ мэтчилэн мөнгөний эх үүсвэрийг хэрхэхээс эхлээд асуудал шүү.
Бэлэн мөнгөний нийлүүлэлт дунд урт хугацаандаа эдийн засаг, инфляцид хэрхэн нөлөө үзүүлэх бол гэдэг дээр нь суурь үнийн асуудал байна. Энд цахилгаан дулааны эх үүсвэрийн хомсдол, өртгийн өсөлт. Мөн гадаад талдаа ОХУ, Украйны дайнаас үүдэлтэй түлш, шатахууны хомсдол, үнийн өсөлтийн эрсдэл бий, Тайван Хятадын харилцаа, Хятадын гангын үйлдвэр, барилгын салбарын уналт, эдийн засгийн агшилттай холбоотой, тэдний эдийн засгийн бодлоготой холбоотой нүүрсний импортын хязгаарлалт зэрэг олон олон сөрөг нөлөөллүүдийг тооцох л ёстой.
-Эрх баригчид эдийн засаг өслөө гээд байна. Энэ нь иргэдийн амьдрал бодитоор мэдрэгдэх нь бага байна. Харин ч эсрэгээрээ бараа бүтээгдэхүүний үнэ өсч, төгрөгийн худалдан авах чадвар улам буурлаа. Тэгэхээр сонгуулийн дараа байгуулагдах шинэ Засгийн газар юуг анхаарах ёстой вэ?
-Өнөөдрийн төсвийн тэлэлт нь өдрөөс өдөрт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлтийг улам өдөөх байна. Иргэдийн бодит худалдан авах чадвар муудсаар, өмнөхөөсөө улам дордсоор байна. Монгол төгрөгийн ханш улам бүр үнэгүйдэж цаас болоход хүргэлээ. Жишээ нь 2016 оны хоёрдугаар хагаст дундаж цалин тэр үеийн үндэсний статистикийн мэдээлснээр 888 000 төгрөг. Энэ нь тухайн үеийн ханшаар тооцвол 445 ам.доллар гэсэн үг. Харин 2023 оны эцэст дундаж цалин 1 700 000 төгрөг гэж байсан. Энэ нь 480 орчим ам.доллар болж байна. Эндээс дундаж цалин тоон дүнгээр өссөн ч чанарын хувьд ямар ч өсөлтгүй нь харагдаж байна.
Мөн 2016 оноос хойших энэ хугацаанд гол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 98-200 хувь өссөн. Тухайлбал, талх 145 хувь, мах 130 хувь, гурил 140 хувь, элсэн чихэр 200 хувь гэх мэт өссөн нь иргэдийн цалингийн чанар, төгрөгийн ханш ямар байгааг илтгэнэ.
Хамгийн гол асуудал төгрөгийн ханшаа хамгаалж чадахгүй бол хэчнээн цалин нэмээд үр дүнгээ өгөхгүйг ойлгох хэрэгтэй. Тиймийн тулд төсөв мөнгөний бодлогоо уялдуулдаг, эдийн засгийн тооцоо, судалгаатай ажилдаг, санхүүгийн сахилга баттай болох хэрэгтэй.Ялангуяа төсөв, мөнгө хэлэлцэхдээ анхаарах хэд хэдэн асуудал бий. Нэгдүгээрт, хөгжлийн бодлого, эрх зүйн шугамаа барих. Хоёрдугаарт, эдийн засгийн гадаад дотоод шок, түүний одоо ба ирээдүйн төлөвийг судлах, үндэслэх. Жишээлбэл: Дунд, урт хугацааны гадаад өрийн дарамт, дэлхийн улс орнуудын эдийн засгийн агшилт, таагүй харилцаа, мөнгө, зээлийн хүнд нөхцөл гэх мэтийг харгалзан үзэх. Гуравдугаарт, нийгэм- эдийн засгийн харилцаан дах асуудлыг эрэмбэлэх, түүнд чиглэгдэх. Жишээлбэл, Соёлын төвийн барилга байшин, хөшөө дурсгал, угтах, үдэх үүд, хаалга, самбар гэх мэт яг одоо хэрэгтэй бус дунд, урт хугацаанд төсвийн урсгал зардалд дарамт болох, 10, 20 дугаарт байгаа асуудлыг зүтгүүлэх бус, тулгамдаж байгаа асуудлаа эрэмбэлэх. Дөрөвдүгээрт, төсвийн хөрөнгө оруулалт үр ашигтай, орлого олдог зүйлд чиглэхэд анхаарах. Тухайлбал, төсөвт дэм болох үндэсний болоод экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарыг дэмжих бодлого барих. Энэ нь дунд, урт хугацаанд эргээд төсвөө тэтгэх болно. Тавдугаарт, УИХ, Монгол банк, Засгийн газар нэгдмэл, залгамж бүхий тогтвортой мөнгө санхүүгийн бодлого барихад чиглэж ажиллах шаардлагатай. Залгамж байдал алдагдсанаас үнэ өснө, өр өснө, ханш унах гэх мэт эдийн засгийн суурь харилцааг бодох хэрэгтэй.
Зургадугаарт, Удирдлагын чадварлаг, цомхон баг чухал. Өнөөдрийн манай төр засгийн нүсэр, чиг, толгойгүй, үүрэггүй бүтцийг халж , цахим бодлогоо бүтэц, хөгжилдөө нийцүүл. Долдугаарт, зардлын үр ашигтай, ончтой хуваарилах. Наймдугаарт, аж ахуйн нэгж, үйлдвэр эрхлэгчдээ урт хугацаанд бага хүүтэй санхүүгийн эх үүсвэрээр дэмжих орон зайг төсөвт бодлогоор суулгахад онцгойлон анхаарах. Есдүгээрт, өрийн асуудал бидний дунд, урт хугацааны мөнхийн хүнд сорил болсоор байгааг анхаарч төсөвт хандах, нимгэлэх орон зайг гаргах. Өрийг өрөөр дарах, бондыг бондоор солих, өрийг зээлээр хаадгаа болих, дотоод эх үүсвэр, нөхцөл боломжоо шахах шаардлагатай байгааг анхаарах хэрэгтэй.
-Өнгөрсөн хугацаанд төсөв хэт данхайсан, төсвийн үргүй зардал нэмэгдсэн нь худлаа биш. Мөрийн хөтөлбөртөө нам, эвслүүд энэ талаарх зохицуулалт оруулж өгч үү?
-ДНБ, болон Төсвийн хүрээний асуудалд хэрхэн хандаж байгаа байдлыг харьцуулан харвал, эрх баригч нам болон МАН улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 25 хувь хүртэл болгож бууруулна. Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг үр өгөөжөөр нь эрэмбэлж, эдийн засгийн үр өгөөжтэй, ажлын байр бий болгох төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зарчим баримтална гэжээ. Харин Ардчилсан нам ДНБ-ий 2024-2028 оны жилийн дундаж өсөлтийг 6 хувиас бууруулахгүй байх тогтвортой бодлого хэрэгжүүлнэ. Монгол Улсын нэгдсэн төсвийн зардлыг 20 хувиар танана гэсэн бол Үндэсний эвсэл төсвийн зарлагын тэлэлтийг багасгаснаар мөнгөний бодлогыг уян хатан хэрэгжүүлэх орон зай бий болгож, банкны салбарын тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авна.
Мөн ИЗНН-ын хувьд ДНБ-ий өсөлттэй уялдуулан төсвийн зардалд сахилга батыг хатуу мөрдөж, тогтвортой өсөлтийн зорилтод нийцсэн мөнгөний ухаалаг бодлого хэрэгжүүлнэ гэж онцолсон байна. Энэ бүгдээс харахад нам эвслүүд бүгд л өнөөгийн төсөв мөнгөний бодлого уялдаагүй, үрэлгэн,асуудлаа эрэмбэлдэггүй, сахилга батгүй байгаагаа ойлгосон юм шиг байна. Энэ бүгдийг залруулж ажиллахаа ийнхүү дээрх байдлаар томьёолсон нь асуудлыг зөв харжээ гэж ойлгогдож байна.
-Татварын асуудалд аль намын бодлого танд таалагдав?
-МАН-ын хувьд бүсчилсэн хөгжлийн хүрээнд бүсийн ялгаатай болон шаталсан татварын эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Суутган төлөгчөөр бүртгүүлэх босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлж бизнесийн орчин,хөрөнгө оруулалтыг дэмжсэн НӨАТ-ын хуулийн шинэчлэлийг олон улсын жишигт нийцүүлэнхийнэ.Гарааны бизнесийг татварын бодлогоор дэмжих, гурван жилийн хугацаанд татварын хөнгөлөлт эдлэх, шаталсан татвар тогтоох боломжийг бүрдүүлнэ.Бага орлоготой иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор тансаг хэрэглээнд өндөр, энгийни хэрэглээнд бага татвар ногдуулах татварын тогтолцоог бүрдүүлнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан байна лээ. Харин Ардчилсан нам татвар төлөгчийн суурийг өргөжүүлэх замаар төсвийн орлого тогтвортой өсөх нөхцөлийг бүрдүүлнэ.Ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлдэг тодорхой салбаруудад татварын хувь хэмжээг бууруулах бодлого хэрэгжүүлнэ.НӨАТ-ын тухай хуулийг шинэчилж, бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлнэ. Орчин үеийн өндөр технологи бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн уян хатан бодлого. хэрэгжүүлнэ.Боловсролын тэтгэлэгт зарцуулсан аж ахуйн нэгжийн зардлыг татвар ногдох орлогоос чөлөөлнө гэжээ. Мөн ХҮН намын хувьд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шатлалын босго дүнг 6 тэрбумаас 10 тэрбум болгох замаар бизнесийн үйл ажиллагааг тэлэх боломжийг дэмжих бодлого баримтална.
Нэмүү өртгийн албан татвар ногдуулалт, буцаан олголтын өнөөгийн тогтолцоог судлан,бичил,жижиг болон дунд бизнес эрхлэгч, гарааны бизнесүүдийг дэмжиж бизнесийн орчинг сайжруулах бодлого баримтална гэсэн байгаагаас харахад нам, эвслүүд ихэнхдээ татварын суурийг өргөтгөх, ялгавартай ногдуулах гэсэн хоёр эсрэг туйл, утгыг зэрэг дэвшүүлсэн байгаа нь анхаарал татаж байна.
-Эцэст нь нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа хэр бодит тооцоо судалгаатай хандсан байна вэ?
-Намууд мөрийн хөтөлбөртөө тусгасан амлалтуудаа тодорхой хэмжээний тооцоо судалгаан дээр суурилж боловсруулсан байх. Гэхдээ нэг хачирхалтай зүйл ажиглагдсан нь нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөр дэх эдийн засгийн асуудалд хандаж байгаа өнцөг нь агуулгын хувьд нэгэн ижил байгаагаас харахад Монгол нэг л намтай болчихсон мэт сэтгэгдэл төрүүлж байна.
Холбоотой мэдээ