Нүүрсний хулгайн улмаас улсад 40 их наяд төгрөгийн хохирол учирсан гэх дуулиан 2022 онд дэгдэж, ард иргэдийг бухимдуулсан. Үүнтэй холбоотойгоор хуулийн байгууллагаас нүүрсний хулгайн хэргийг шалгасан бол Засгийн газраас энэ асуудалд анхаарч, "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоосон юм. Тодруулбал, Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Ж.Ганбатыг Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон. Түүнийг анх томилохдоо Монгол Улсын төлбөрийн тэнцэлтэй холбоотойгоор валютын нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой арга чиглэл авах, “Эрдэнэс Тавантолгой” ХХК энэ оны 500 сая долларыг татан төвлөрүүлэх, “Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр”-т 300 сая ам.доллар татан төвлөрүүлэх, уул уурхайн бусад компаниудад уул уурхайн борлуулалт хийсэн бүтээгдэхүүнийхээ мөнгийг татан төвлөрүүлэх үүрэг өгсөн байдаг. Энэ хугацаанд тус компанийн үйл ажиллагаа сайжирч, “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсээ хил нөхцөл болон биржээр борлуулж 278.6 сая ам.долларын нэмэлт орлого олсон гэдгийг албаныхан мэдээлж байв.
Мөн тус компанийн санхүүгийн сахилга батыг сайжруулан өр төлбөрийг хоёр их наядаар бууруулж, 363.2 тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн байна. Нүүрс олборлолтыг гурав дахин, нүүрс тээврийг 3.5 дахин, нүүрс борлуулалтыг 3.8 дахин нэмэгдүүлж төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар төлжээ. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” компани түүхэндээ байгаагүй их олборлолт, борлуулалт хийж, улсын төсвийг давуулан биелүүлсэн гэсэн үг. Үүний үр дүнд иргэдийн 1072 хувьцаа бодитоор амилж, өнгөрсөн хавар хоёр удаа ногдол ашиг хүртсэн.Иргэдэд 2022 оны ногдол ашиг 116 мянга, 2023 оны ногдол ашиг 286 мянган төгрөг олгосон юм.
Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийхдээ "2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын 893,432 иргэнд 1072 хувьцааг шинээр эзэмшүүлэх шийдвэрийг УИХ-ын 2024 оны 10 дугаар тогтоолыг үндэслэн гаргасан. Ингэснээр Монгол Улсын нийт 3.4 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн шууд хувьцаа эзэмшигч болж байна" гэдгийг онцолж байв. Монгол Улсын Засгийн газар 2022 оны 466 дугаар тогтоолоор "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ийг баталсан. Энэ тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр борлуулах анхны дуудлага арилжааг 2023 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр хийсэн.Тухайн үед нийт 14 удаагийн биржийн арилжааг амжилттай зохион байгуулж, 768 мянган тонн нүүрсийг борлуулсан нь Монголын нийт биржээр арилжсан нүүрсний 60 орчим хувийг эзэлж байсан талаар мэдээлж байв.
Мөн тус компани 2023 оны гуравдугаар сарын 24-ний өдөр эрчим хүчний нүүрсний, мөн оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр хагас коксжих нүүрсний анхны дуудлага арилжааг амжилттай зохион байгуулсан байна. Нүүрсийг биржээр борлуулснаар олон эерэг үзүүлэлт гарч, биржийн арилжаанаас нэмэлт орлого олох боломжтой болжээ. Ингэснээр нүүрсний борлуулалтын ил тод, нээлттэй байдал, оролцоо хангагдаж байгааг Бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат онцолж байсан удаатай. Ийнхүү Засгийн газраас Монгол Улсын эдийн засгийн гол эх үүсвэр нүүрсний хулгайг цэгцэлж, эерэг эдийн засгийн үзүүлэлтийг авчирч чадсанд иргэд талархаж байна.
Холбоотой мэдээ