"2023 онд ослын улмаас 53 хүүхэд нас барсан"

Хуучирсан мэдээ: 2024.06.20-нд нийтлэгдсэн

"2023 онд ослын улмаас 53 хүүхэд нас барсан"

"2023 онд ослын улмаас 53 хүүхэд нас барсан"

Энэ оны эхний таван сарын байдлаар орон нутгийн замд 1640 осол гарчээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.8 хувиар өссөн үзүүлэлт аж. Урин дулааны цаг ирж хөдөө орон нутгийг зорих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдсэн байна. Орон нутгийн замд гарч буй осол гэмтлийн талаар болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамираас тодрууллаа.


-Урин дулааны цаг эхэлж иргэд хөдөө орон нутаг руу ихээр зорчиж байна. Ингэхдээ хурд хэтрүүлэх, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс осол гаргах нь цөөнгүй байдаг. Жишээ нь, саяхан орон нутгийн замд ноцтой осол гарч, нэг хүүхэд амиа алдсан?

-Зуны улиралд хөдөө орон нутгийг зорих иргэдийн хөл хөдөлгөөн эрс нэмэгддэг. Энэ оны эхний таван сарын байдлаар орон нутгийн замд 1640 осол гарсан. 2023 онд зам тээврийн ослын улмаас 53 хүүхэд нас барсан. Үүний 32  нь орон нутгийн замд ээж аав, асран хамгаалагчтайгаа зорчиж явахдаа зам тээврийн осолд өртөж амь насаа алдсан харамслатай статистик гарсан.

Энэ оны эхний таван сарын байдлаар 19 хүүхэд зам тээврийн ослоор амь насаа алдсан байна.

Үүнээс 16 мөн  орон нутгийн замд гарсан зам тээврийн ослоос болж амиа алдсан. Эцэг эхчүүд хүүхдүүдээ буруу тээвэрлэснээс үүдэж нас барах тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна.

-Монголчууд зориулалтын суудал хэрэглэхээсээ илүү хүүхдээ өвөр дээрээ авч явдаг нь амь нас, эрүүл мэндийг нь эрсдэл хүргэх нь бий?

-Хүүхдийг өвөр дээрээ суулгаж явах мөн арын суудал дээр сул чөлөөтэй авч явснаас болж осол гарах үед хүүхэд бэртэж гэмтэх, улмаар амь насаа алдаж байна. Эцэг эхчүүд хүүхдээ буруу тээвэрлэдэг. Ялангуяа холын замд зориулалтын суудалд суулгадаггүй. Энэ нь хүүхэд эрсдэл орох нэг шалтгаан болж байгаа юм. Жишээлбэл, өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутгийн зам хоёр осол гарсан

Дорноговь аймагт /2024.06.16/зам тээврийн осол гарч, “приус” загварын хоёр автомашин мөргөлдсөнөөр нэг хүүхэд газар дээрээ нас барж, хоёр хүүхэд гэмтсэн.

Хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа. Мөн Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын нутаг дэвсгэрт энэ сарын 15-ны өдөр “Приус” машин онхолдож ослын улмаас нэг том хүн, нэг хүүхэд нас барсан.

Орон нутгийн замд зорчихдоо хурдаа тохируулах, аль болох шөнө оройн цагаар зорчихгүй байх, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж тээвэрлэдэг байх, нойр дутуу үедээ болон архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байхыг онцгойлон анхааруулъя.

-Тээврийн цагдаагийн албанаас зам тээврийн ослыг бууруулах тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

-Урин дулааны цаг ирж орон нутгийг зорих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Цагдаагийн байгууллагаас тухайн цаг үед зориулсан нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Жишээ нь, "Шугаман хэсэг- Хар эргүүл" гэсэн арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн.

Ингэснээр 21 аймгийн замын эвдрэл гэмтлийн судалгааг гаргаж авто зам арчлалтын байгууллагуудад мэдэгдэл хүргүүлсэн. Мөн амь аврах алтан гурвалжин хамгаалах бүсний нөлөөллийн аянг найман сар дуустал явагдана.

-Орон нутгийн замд зорчих гэж буй иргэдэд анхаарах шаардлагатай зүйлсийг хэлж өгөхгүй юу?

-Иргэд орон нутгийн замд зорчихдоо нэгдүгээрт тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангах, замын хөдөлгөөний дүрмийг баримталж зорчих хэрэгтэй. Мөн жолооч өөрөө сайтар амарсан байх шаардлагатай. Хол замд явахдаа хурдаа тохируулж явах, хориглосон нөхцөлд гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх ёстой. Орон нутгийн замд хүн тээврийн норм хэтрүүлсэн зөрчил нийтлэг илэрч байна. Мөн хүүхдийг зорчигчийн тооноос хасаад өвөр дээрээ суулгаж явах зэрэг зөрчлүүд их илэрч байгаа Хүүхдийн аюулгүй тээвэрт анхаарах шаардлагатай байна.

Энэ жил хур бороо элбэг байна гэсэн мэргэжлийн байгууллагын урьдчилсан мэдээ гарсан. Ойрын өдрүүдэд нийт нутгаар түр зуурын бороо орох төлөвтэй байгаа.

Тиймээс хол замд явахдаа цаг агаарын мэдээг цаг алдалгүй авч байхыг зөвлөж байна. Үзэгдэх орчин хязгаарлагдсан үед хурдаа зөв тохируулж аюулгүй байдлаа хангаж зорчоорой. Мөн Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэх үед хүүхэд машины доор болон ард байж ухрах болон урагшлахад мөргүүлж амь насаа алдаж байна. Тиймээс тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэхдээ зам орчноо сайн шалгаж байхыг онцгойлон анхааруулъя. Мөн аль болох шөнө оройн цагаар хол замд зорчихгүй байхыг сануулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж