Монголд хамгийн өндөр тархацтай модны төрөл бол улиас бөгөөд жил бүрийн зургадугаар сарын дунд үеэс хойш бидний хэлж заншсан модны хөвөн буюу боловсроогүй үр нь гудамж талбай, олон нийтийн газар их хэмжээгээр унаж буй. Үүнтэй холбоотойгоор иргэд модны хөвөнг шатаах, гал түймэр гаргах эрсдэл өндөр байна. Энэ талаар мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Ё.Шижиртуяагаас тодруулахад "Нийслэлийн хэмжээнд сүүлийн хоёр хоногт бүртгэгдсэн гал түймрийн 40 дуудлагаас 31 нь модны хөвөн шатсан гэх дуудлага мэдээлэл байна. Модны хөвөн нь шатамхай чанартай тул иргэд тамхины иш санамсаргүй хаях болон бусад санаатай үйлдлээс гал түймэр гарах, бага насны хүүхдүүд сониуч зангаар хөвөнг шатааснаас бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй юм.
Тиймээс иргэд өөрсдийн үйлдэлд хянамгай хандаж, хүүхэддээ модны хөвөн шатаасны улмаас үүсэж болох хор хохирлын талаар сайтар хэлж ойлгуулах шаардлагатай..
Мөн амралт зугаалгын үе эхэлж, гэр бүлээрээ хөдөө орон нутагт зорчих, аялах, бага насны хүүхдийг хөдөө ах дүү, эмээ өвөөгийнх рүү явуулахдаа хараа хяналтыг сайжруулахыг зөвлөе. Мөн харгалзах хүнгүй гол, мөрний эрэг дагуу тоглуулахгүй байх, байгалийн болон ахуйн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна" гэв.
Холбоотой мэдээ