Мөрийн хөтөлбөр: МАН дотооддоо зэвсэг үйлдвэрлэж, АН дроныг зэвсэгт хүчинд ашиглана

Хуучирсан мэдээ: 2024.06.20-нд нийтлэгдсэн

Мөрийн хөтөлбөр: МАН дотооддоо зэвсэг үйлдвэрлэж, АН дроныг зэвсэгт хүчинд ашиглана

Мөрийн хөтөлбөр: МАН дотооддоо зэвсэг үйлдвэрлэж, АН дроныг зэвсэгт хүчинд ашиглана

2024 оны УИХ-ын сонгуульд оролцох 19 нам, хоёр эвслийн мөрийн хөтөлбөрийг олон нийтэд ил болгосон. Нэр дэвшигчдийн сурталчилгаа ид өрнөсөн энэ үед улс төрийн нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрөөс цувралаар онцлон танилцуулж байна. Энэ удаа гадаад харилцаа болон үндэсний аюулгүй байдлын салбарт хийх ажлуудыг хүргэе.


ЗЭВСЭГ, ТЕХНИКИЙГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖ, НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛНЭ 

МАН:

  • Монгол Улсын аюулгүйн нөөцийн бараа материалын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, тоо хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор дараах барилга байгууламжийг ашиглалтад оруулна. Үүнд: Хөргүүр бүхий автоматжуулсан махны агуулах, зоорь, Хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалт бүхий иж бүрэн автоматжуулсан агуулах, зоорь, Шатахуун, шатах тослох материалын бүтээгдэхүүнийг хадгалах зориулалттай агуулах.
  • Агуулах, туннель, зам дэд бүтцийн байгууламжуудыг гамшгийн үед ашиглах боломжтой хоргодох байрны түвшинд хангаж шинэчлэн өөрчилж, тоо хэмжээг нэмэгдүүлнэ.
  • Батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлж, иргэдийн эх орноо хамгаалах бэлтгэлжилтийг дээшлүүлнэ.
  • Цэргийн зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогын хүрээнд батлан хамгаалахын аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, цэргийн зориулалттай зарим төрлийн зэвсэг, техникийг дотооддоо үйлдвэрлэх боломж, нөхцөлийг бүрдүүлнэ. 
  • Улсаа хөгжүүлэх стратегийн бүтээн байгуулалтыг дэмжиж, Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлнэ. Төрийнхөө энхийг эрхэмлэсэн гадаад бодлогод хувь нэмрээ оруулж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах үйлсэд Зэвсэгт хүчний оролцоог тогтвортой хадгална.
  • Хугацаат цэргийн алба хаах хугацаанд мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Цэргийн албыг дүйцүүлэн хаах журмыг боловсронгуй болгоно.
  • Цэрэг, эх оронч үзэлд суурилсан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутны тоог шат дараатай нэмэгдүүлж, хугацаат цэргийн алба хаах хугацаанд мэргэжил, ур чадвар олгох хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Гамшгийн үеийн бэлэн байдал
  • Олон нийтийг хамарсан халдварт өвчин, цар тахал, байгалийн гамшиг зэрэг аюулыг эрсдэлгүй даван туулахад бэлдэж, нэгдсэн стратеги бүхий цогц эрсдэлийн менежментийг шинэчлэн баталж, үндэсний хэмжээнд мөрдүүлнэ.
  • Иргэдээ эх оронч сэтгэл, хандлагатай болгох, орон нутгаа хамгаалах, гамшиг, эрсдэлтэй нөхцөлд бүх нийтийн бэлэн байдлын чадавхыг дээшлүүлж, бие бялдрын хөгжлийг нь дэмжиж, иргэний боловсролын хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Байгаль, цаг агаарын аюулт үзэгдлийг урьдчилан мэдээлэх, сэрэмжлүүлэх чадавхыг бэхжүүлж, таваас доошгүй байршилд радарын станц байгуулна.
  • Гамшигт үзэгдлүүд (ган зуд, газар хөдлөлт, хүчтэй шороон шуурга г.м)-ийн тархалт, давтамж, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, эрсдэл аюулын талаар судалгааг тогтмол явуулж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх бодлого хэрэгжүүлнэ.
  • Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдалд зориулалттай эрсдэлийн сан байгуулна.
  • “Бүх нийтийн цэргийн сургалт бэлтгэлийн шаталсан цугларалтын хөтөлбөр”-ийг шинээр боловсруулан хэрэгжүүлж, ахлах ангийн сурагч, оюутан залуус, цэргийн насны эрчүүдийг гамшгийн үед ажиллахад сургах цэрэгжилтийн хичээлийг орон даяар явуулна.
  • Онцгой байдлын албаны санхүүжилт, хангамжид үнэлгээ хийж, хариуцлага, бэлэн байдлын стандартыг шинэчилнэ.
  • Гамшиг, ослын үеийн бэлэн байдлыг орчин үеийн техник, технологиор бүрэн хангаж, гамшгийн үед аврах чадавхыг бэхжүүлнэ.
Амар тайван орчин
  • Кибер аюулгүй байдлын үндэсний стратегийг боловсруулна.
  • Кибер аюулгүй байдлыг хамгаалах тогтолцоог олон улсын түвшинд хүргэн бэхжүүлж, төр, иргэний цахим мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах бодлого хэрэгжүүлнэ.
  • Хүүхэд, оюутан, залуучууд, өсвөр үеийнхнийг гаднын сөрөг нөлөө, бусдын дарамт, гэмт хэрэгт өртөх, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхээс сэргийлэх, цахим орчин дахь аюулгүй байдлыг хангах хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Эрүүл, аюулгүй орчныг бий болгох зорилгоор камерын нэгдсэн системийг суурьшлын бүсийн 80 хувьд хүргэнэ.

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛНА

АН:

  • Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулж, үндэсний аюулгүй байдлын стратеги, батлан хамгаалах номлолыг шинэ цаг үед нийцүүлэн батална.
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүтцийг өөрчилж, Улсын Их Хурлын даргыг уг бүтцээс гарган парламентын хяналтыг хангана.
  • Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн боловсруулж, бизнесийн төсөл, иргэний бүтээн байгуулалтыг улсын нууцад оруулан тендергүй, хяналтгүй төсөв завшдаг явдлыг зогсооно.
  • Үндэстнийг хуваах, нийгмийг хагаралдуулах зорилготой хуурамч мэдээлэлтэй тэмцэх, иргэний цахим эрх чөлөөнд халдсан бүх төрлийн халдлагатай тэмцэх тусгайлсан хөтөлбөр гаргаж ажиллана.
  • “Эрчим хүчний тусгаар тогтнол” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, гуравдагч болон хөрш орнуудтай хамтарсан олон улсын цөмийн болон сэргээгдэх эрчим хүчний мега төслүүдийг эхлүүлнэ.
  • Үндсэн хуулийн үзэл санааны эсрэг аливаа хэлбэрийн халдлагатай хатуу тэмцэж, Үндсэн хуулийн цэцийн доор тусгай нэгж байгуулна.
  • Монгол хүн үндэсний өв соёлоороо бахархах, өвлүүлэх, үндэсний хэл, бичигт суралцахыг дэмжих замаар үндэсний эв нэгдлийг сахин хамгаална.
  • Улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулсан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Улс орны язгуур эрх ашгийг нэн тэргүүнд эрэмбэлж, Үндсэн хууль, ардчилал, хүний эрх, хуулийн засаглалыг хамгаална.
  • Үндэсний эв нэгдэл, оюун санааны нэгдмэл байдал, үндэсний өв соёл, бахархлыг бодлогоор дэмжинэ. Өв соёл, эх түүх, хэл бичиг, соёлын дархлаа бүхий монгол бахархлыг дэмжих замаар үндэсний эв нэгдлийг сахин хамгаалах цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Үндсэн хуулийн үзэл санааны эсрэг аливаа хэлбэрийн халдлагатай хатуу тэмцэнэ.
  • Иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр төрийн аливаа шийдвэрийг судалгаанд суурилсан байх шаардлага тавина.
  • Иргэн бүрийн аюулгүй байдлыг хангахад хэрэгтэй мэдлэг, мэдээллийг нийгэмд түгээж, иргэдийн оролцоог дэмжинэ.
Батлан хамгаалах, зэвсэгт хүчин
  • Батлан хамгаалах яаманд тавих иргэний хяналтыг сайжруулах бодлогыг тууштай дэмжинэ.
  • Нисгэгчгүй онгоц, дроныг зэвсэгт хүчний тусдаа төрөл болгон хөгжүүлж, шинэ ангиудыг бий болгоно.
  • Энхийг сахиулах ажиллагаанд үргэлжлүүлэн оролцож, бүс нутгийн хэмжээний энхийг сахиулагчдыг сургах олон улсын төвийг Монголд байгуулна.
  • Улаанбаатар хот болон аймаг, суурьшлын бүсүүдэд байгаа хуучин зөвлөлтийн цэргийн хотхон байсан газруудыг зах зээлийн эргэлтэд оруулах хувийн хэвшлийн санал, санаачилгыг дэмжинэ.
  • Батлан хамгаалах үндэсний үйлдвэрлэлийн хөгжлийг тууштай дэмжиж, сум, дроны үйлдвэрүүдийг хувийн хэвшилтэй хамтран ажиллуулна.
  • Иргэдэд мэдээлэх мэдээллийн цахим систем бий болгоно.
  • Батлан хамгаалах яамыг ерөнхий чиг үүргийн яам болгоно.
  • Улсын хилийн халдашгүй дархан байдлыг бэхжүүлж, хил хамгаалах орчин үеийн техник, технологи нэвтрүүлнэ.
  • Хөрш орнууд болон гуравдагч хөрш, стратегийн түншлэл бүхий орнуудтай аюулгүй байдлын салбарт нягт хамтран ажиллаж, аюулгүй байдлын гэрээ байгуулна.
  • Шинжлэх ухаан, инновацид суурилсан батлан хамгаалах аж үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хөгжүүлнэ.
  • Мэргэжлийн цэргийн тоог нэмэгдүүлж, хиймэл оюун ухаан, технологийн өндөр чадавхи бүхий кибер цэргийн ангийг шинээр байгуулна.
  • Эх оронч, үндэсний үзлийг дээдлэх сургалтын агуулгыг боловсролын хөтөлбөрт оруулна.
  • Зэвсэгт хүчний гэрээт цэргийн албаны сургалт, хангалтын тогтолцоог бэхжүүлж, хүндэт харуул, барилга, инженер, хил, дотоодын цэрэг болон бусад төрөл, мэргэжлийн ангиудыг нөхөн хангаж төлөвшүүлнэ.
  • Цэргийн албыг мэргэжлийн боловсрол эзэмших, эх оронч сэтгэлгээтэй, амьдрах чадвартай иргэн бэлтгэх үе шат хэмээн үзэж, англи хэл, техник, мэргэжлийн боловсрол, технологи эзэмших сургалтаар баяжуулна.
  • Дэлхийн халуун цэгүүдэд сэргээн босголтын ажилд идэвхтэй оролцохыг дэмжинэ.
  • Энхийг дэмжих ажиллагааны чанарыг дээшлүүлж, тусгай хүчин, барилга, инженерийн, тээврийн анги салбаруудыг оролцуулах боломжоор хангана.
  • Барилга, инженерийн цэргийн анги, байгууллагуудын хүч хэрэгслээр улсын нууцын зэрэглэлтэй болон стратегийн ач холбогдол бүхий томоохон бүтээн байгуулалтад оролцуулах замаар бэхжүүлэх, бүтээн байгуулалтаас орох өгөөж, үр дүнгээр зэвсэг, техникийн шинэчлэл, байнгын бүрэлдэхүүний нийгмийн хамгааллыг дэмжинэ.
  • “Зэвсэгт хүчин – 2030” хөгжлийн хөтөлбөр, “Монгол Улсын зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг тус тус хэрэгжүүлнэ.
Онцгой байдлын салбар
  • Онцгой байдлын салбарт илэрч буй алдааны үндэс болох холимог тогтолцооны гажуудлыг засч, иргэнээ хамгаалах зорилгоор иргэний аюулгүй байдлын төрийн нэгжийг шинээр байгуулан түргэн тусламж, галын дуудлага, аваар осол, халдварт өвчин, гамшгийн үеийн удирдлагыг нэгтгэнэ.
  • Стандартын шинэчлэлийг бүрэн эхлүүлж, бүс нутгийн онцлогт тохирсон, дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн үндэсний нэгдсэн стандартыг шинэчлэн батална.
  • Онцгой байдлын салбарын хүний нөөцийн бодлогыг тогтвортой ажиллуулах чиглэлээр хууль, эрх зүйн орчныг сайжруулна.
  • Онцгой байдлын албан хаагчдыг олон улсын аврах ажиллагаанд тогтмол оролцуулж, өндөр хөгжилтэй орнуудтай хамтран аврагчдын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлнэ.

ХИЛ ХАМГААЛАЛД ОРЧИН ҮЕИЙН ДРОН, САНСРЫН ТЕХНОЛОГИ, ХЯНАЛТЫН КАМЕР АШИГЛАНА

ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ:

  • Орчин үеийн, мэргэжлийн, зэвсэгт хүчин, боловсон хүчнийг бэхжүүлэх хүрээнд анги нэгтгэлүүдийн дэд бүтцийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх, мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх, дээшлүүлэх зорилгоор сургалт, сургуулилалт, дадлага тогтмол хийх санаачилгыг хэрэгжүүлнэ.
  • Хил хамгаалалд орчин үеийн дрон, сансрын технологи, хяналтын камер, цахилгаан хяналт, автоматжуулсан системүүдийг ашиглан, өндөр зэрэглэлд хүргэнэ.
  • Батлан хамгаалах ажиллагааг явуулах чадвартай, олон талт, олон улсын стандартад нийцсэн орчин үеийн зэвсэглэлийн шинэ системтэй болох ажлыг олон улсын хамтын ажиллагааны хүрээнд эрчимжүүлнэ.
  • Зэвсэгт хүчний техник, технологийн сургалтыг виртуал ба дижитал сургалтын системүүдийг ашиглан явуулах, хиймэл оюун ухаан, робот технологиор технологиор сургалтын чанарыг сайжруулж, мэргэжлийн ур чадварыг өндөр түвшинд хүргэнэ.
  • Мэргэжлийн зэвсэгт хүчний хөгжилд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, батлан хамгаалах салбарын олон улсын стандарт, дүрэм журамд нийцүүлэн ажиллаж, хээрийн дасгал сургуулилалт, семинар, сургалтад оролцох, мэдээлэл, туршлага харилцан солилцох боломжийг дэмжинэ.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭД ВИЗГҮЙ ЗОРЧИХ УЛСЫН ТООГ НЭМЭГДҮҮЛНЭ

МАН:

  • Монгол Улс бусад улстай харилцахдаа бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдлыг хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, энхийг эрхэмлэсэн, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрэмд тодорхойлж, нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг удирдлага болгоно.
  • Монгол Улсын гадаад бодлогын нэгдмэл, залгамж чанарыг хангах “Нэг цонх – Нэгдмэл гадаад бодлого”-ыг үргэлжлүүлнэ.
  • ОХУ, БНХАУ-тай тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийг улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын хүрээнд өргөжүүлнэ.
  • АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс орнуудтай “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
  • Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллага болон бусад олон улсын байгууллагуудтай тогтоосон нягт хамтын ажиллагааг улам идэвхжүүлж, олон улсын энхийг дэмжих үйл ажиллагааг дэмжиж, олон улсын байгууллагуудад ажиллах Монгол Улсын иргэдийн төлөөллийг нэмэгдүүлнэ.
  • Иргэд хоорондоо харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, мэдээлэл, соёлын харилцааг дэмжсэн гадаад бодлогыг хэрэгжүүлнэ.
  • Далайд гарцгүй хөгжиж байгаа улсуудын эрх ашгийг хамгаалах ажилд ахиц гаргах, их далайн нөөцөөс ашиглах боломжийг хэрэгжүүлнэ.
  • Хүчирхэг Монгол паспорт: Монгол Улсын иргэд визгүй зорчих улсын тоог нэмэгдүүлнэ.
  • Бусад улстай хоёр талт болон олон талт олон улсын гэрээ байгуулах замаар хилийн чанадад зорчих иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчилнө.
  • Дипломат албан хаагчдын ёс зүй, сахилга бат, мэргэжлийн ур чадварт тавигдах шаардлагыг улам өндөржүүлж, хариуцлагыг дээшлүүлнэ.
  • БНСУ, БНХАУ, Евроазийн орнуудтай эдийн засгийн түншлэл, чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулж, Монгол Улсаас экспортлох бараа бүтээгдэхүүнд ногдох татвар, тарифын хэмжээг бууруулна.
  • Бүс нутгийн эдийн засгийн интеграцад нэгдэж, гадаад худалдаанд тулгарч байгаа хүндрэлүүдийг арилгаж экспортыг нэмэгдүүлнэ.
  • Түнш, улс орнуудтай хамтран ажиллах эдийн засгийн чиглэлийг нарийвчлан тодорхойлж, хөрөнгө оруулалт, экспорт, бизнесийг дэмжсэн харилцааг хөгжүүлнэ.
  • Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, бүс нутгийн эдийн засгийн интеграцд нэгдэх, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээ хийх чадавхыг бэхжүүлнэ.
  • Экспорт хийх, бусад улс орноос хөрөнгө оруулалт, дэвшилтэт техник, технологийг татахыг дэмжсэн гадаад бодлого хэрэгжүүлнэ.
  • Засгийн газар хоорондын эрхзүйн харилцан туслалцааны гэрээ болон нийгмийн даатгал харилцан зөвшөөрөх, орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх хэлэлцээртэй улс орны тоог нэмэгдүүлнэ.

ГАДААД УЛС ДАХЬ МОНГОЛ УГСААТНУУДАД МОНГОЛ ХЭЛ, ТҮҮХ, СОЁЛ, ӨВ УЛАМЖЛАЛЫГ СЭРГЭЭНЭ

АН:

  • Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт халдашгүй дархан байдлыг бэхжүүлж, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлнэ.
  • Хоёр хөрштэйгөө найрсаг, тэнцвэртэй харилцаж, өөрийн үндэсний эрх ашигт нийцсэн өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
  • Гуравдагч хөршийн орнуудтай бүх талын харилцаа, хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх чиглэл баримтална.
  • Гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангаж ажиллана.
  • Дэлхий нийтийн болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулна.
  • НҮБ болон олон улсын бусад байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, баримт бичигт заасан ардчиллын үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан байр сууринаас үйл ажиллагаа явуулна.
  • Олон улсад өрсөлдөх чадвартай, эдийн засгийн суурь салбарыг хөрөнгө оруулалтаар хөхиүлэн дэмжиж, гадаадын хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого хэрэгжүүлнэ.
  • Хөрш орнуудтай хил залгаа аймаг, сумдын нутаг дэвсгэрийн хязгаараар зааглан татваргүй (татварын хөнгөлөлттэй) орчин бүрдүүлэх замаар эдийн засгийн чөлөөт бүсийн тодорхой бодлого боловсруулж, хэрэгжүүлнэ.
  • Дипломат албыг бэхжүүлэхэд тусгайлан анхаарч, тус албанд ажиллагсдыг сургаж бэлтгэх, давтан сургах, томилон ажиллуулах асуудлыг Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үздэг, ёс суртахууны өндөр шаардлага тавьдаг журмыг хэвшүүлэхийг зорьж ажиллана.
  • Гадаад бодлогыг улс төржилтөөс ангид, нэгдмэл байлгах зарчим баримтлан төр, засгийн байгууллагуудын гадаад харилцаанд нэгдсэн зохицуулалт хэрэгжүүлнэ.
  • Хөрш орнуудтай хамтран “Эдийн засгийн коридор” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ.
  • Монгол Улсын эрх ашигт нийцсэн эдийн засгийн үр ашигтай, сөрөг үр дагаваргүй, бүс нутгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг дэмжинэ.
  • Улс орноо гадаадад сурталчлан таниулах, гадаад улс дахь монгол угсаатнуудад монгол хэл, түүх, соёл, өв уламжлалыг сэргээхэд дэмжлэг үзүүлнэ.
  • Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын байршил, бүтэц, ажлын байранд дүн шинжилгээ хийж, иргэндээ үйлчлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх чиглэлээр өөрчлөн зохион байгуулна.

АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА, ТҮНШ УЛС ОРНУУДТАЙ ХАМТАРНА

ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ:

  • Олон улсын энхийг сахиулах, аюулгүй байдлыг хангахад олон улсын байгууллага, түнш улс орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ.
  • Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд экспортын чиг баримжаатай салбарт түлхүү хамтран ажиллана.
  • Гадаад улс, оронтой хийх хоёр талт эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт бараа бүтээгдэхүүний худалдаа, гарал үүслийн журам, гаалийн горимыг харилцан тохиролцох, эрүүл ахуй, ургамлын эрүүл ахуй, худалдаан дахь техникийн саад тотгорыг арилгах, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, оюуны өмч, цахим худалдаа, өрсөлдөөний бодлого, маргаан шийдвэрлэх зэрэг тодорхой асуудлаар зохицуулалт хийх тухай тусгана.
  • Олон улсын боловсрол, судалгаа шинжилгээ, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны хүрээнд их, дээд сургуулиуд, судалгааны байгууллагууд хооронд солилцоо, хамтарсан төслүүдийг хөгжүүлж, шинэ мэдлэг, технологийг бий болгоход идэвхтэй хамтран ажиллана.
  • Соёл урлагийн салбарт олон улсын наадам, фестиваль, үзэсгэлэн, урлаг-соёлын солилцооны өргөн цар хүрээтэй арга хэмжээ зохион байгуулж, Монгол урлаг, соёлыг дэлхийн тавцанд таниулж, сурталчлах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж