Оросын хөрөнгийг Украинд хэрхэн ашиглах вэ?

Хуучирсан мэдээ: 2024.06.20-нд нийтлэгдсэн

Оросын хөрөнгийг Украинд хэрхэн ашиглах вэ?

Оросын хөрөнгийг Украинд хэрхэн ашиглах вэ?

Москва 2022 онд Украин руу түрэмгийлснээс хойш барууны орнууд Орост хориг арга хэмжээ авсан. Үүний нэг хэлбэр нь Оросын гадаад дахь хөрөнгийг данснуудыг битүүмжлэх явдал байв. Дайны нөхцөл байдал хүндэрсэн тул Украин сүүлийн 28 сарын турш барууны орнуудаас зэвсэг, хөрөнгө мөнгө, эрүүл мэндийн тусламж гуйж ирсэн. Тиймээс "Их-7"-гийн бүлгэм Оросын битүүмжлэгдсэн хөрөнгийн хүүгээс 50 тэрбум ам.долларыг Украинд зээлүүлэх шийдвэр гаргасан.

АНУ, Их Британи, Герман, Итали, Канад, Япон, Франц болон Европийн холбооноос бүрдсэн бүлгийн удирдагчид Италийн Пуглиа (Апулия) хотод жил бүр болдог дээд хэмжээний уулзалтын үеэр Украинд зээл олгохоо мэдэгдлээ. "Их-7" бүлгийн удирдагчдын энэхүү мэдэгдлийг Украины ерөнхийлөгч Зеленский сайшааж, "Украиныг дайнд ялахад тогтвортой дэмжлэг үзүүлэх чухал алхам" гэсэн юм.

Гэвч Оросын хөрөнгөнөөс зарцуулах болсонд Москва дургүйлхжээ. "Их-7" мэдэгдэл гаргаснаас хэдхэн цагийн дараа Оросын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова барууны орнууд болон Украинд хохирол учруулах хэмжээний харуй арга хэмжээ авна гэж мэдэгдсэн юм. Тэгвэл Оросын царцаасан хөрөнгө хаана байгаа болон зээл хэрхэн хэрэгжих зэрэг асуултууд олны анхаарлыг татаж байна.

БИТҮҮМЖЛЭГДСЭН ХӨРӨНГӨ ГЭЖ ЮУ ВЭ? 

Орос 2022 онд Украинд түрэмгийлсний дараа барууны орнууд өөрсдийн нутаг дэвсгэр дээрх Оросын Төв банкны хөрөнгийг битүүмжилсэн. Эдгээр битүүмжлэгдсэн хөрөнгө нь ойролцоогоор 300 тэрбум ам.доллар юм. Эдийн засгийн хориг арга хэмжээний дараа битүүмжлэгдсэн хөрөнгийн хүү нь жил бүр гурван тэрбум ам.доллар болж байна. АНУ тус Оросын хөрөнгийн хүүг Украинд дэмжлэг болгох журмаар ашиглах санааг удаан хугацаанд дэвшүүлж ирсэн. Оросын хөрөнгийн ихэнх хэсэг нь Европын холбооны орнуудын банкинд хадгалагдсан байдаг.

Европын холбооны албан тушаалтнуудын үзэж буйгаар, Оросын хөрөнгөнөөс үүссэн хүү нь хууль ёсны дагуу Москвагийнх биш юм. Тиймээс битүүмжилж буй явдал нь Европын орнуудад гэнэтийн ашиг авчирч буй. Гэхдээ Украинд шилжүүлэх барууны шахалттай учирч байгаа тул Европын холбоо хөрөнгийн асуудлыг шүүхээр шийдүүлэх хүсэлтэй байна. Битүүмжилсэн хөрөнгө нь ихэвчлэн тухайн хөрөнгийн өмчлөгчийн эд зүйлд ордог. Тиймээс барууны шахалтаас болж Европын холбоо гэнэтийн ашиг олохоо болих болон хуулийн асуудалд орж магадгүй болоод байна. Одоогийн байдлаар Оросын хөрөнгийг битүүмжилсэн орнууд нь:

  • Франц- 71 тэрбум ам.доллар
  • Япон- 58 тэрбум ам.доллар
  • АНУ- 38 тэрбум ам.доллар
  • Герман- 55 тэрбум ам.доллар
  • Австри- 17 тэрбум ам.доллар
  • Канад- 16 тэрбум ам.долларыг тус тус битүүмжилсэн байна.

ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ? 

Нарийвчилсан мэдээлэл бага багаар ил болсоор байгаа. Үндсэндээ, "Их-7" бүлгийн салбар байгууллага, эсвэл гишүүн орнууд олон улсын зах зээлээс 50 тэрбум ам.долларын зээл  гарган авч, Украинд тусламж болгон ашиглах юм. Дараа нь гаргаж авсан зээлийн хүүг Оросын битүүмжилсэн хөрөнгийн хүүгээр төлнө.

Украин тус 50 тэрбум ам.доллараар ​​зэвсэг худалдаж авахаас гадна бүтээн байгуулалтад зарцуулах төлөвтэй байна. Учир нь Дэлхийн банкны хоёрдугаар сард гаргасан тайланд, Украины сэргээн босголтын зардал ирэх 10 жилийн хугацаанд 486 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолжээ. Олон улсын зах зээлээс гаргаж авсан тус мөнгө энэ оны эцэс гэхэд Киевт олгогдох төлөвтэй байна.

Гэхдээ зээл гарган авах нь тийм ч амархан, хурдан болдог зүйл биш. Зарим шинжээчдийн үзэж буйгаар, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден улс төрийн хүрээнд ганхсан байр сууриа сэргээхийн тулд Украинтай 10 жилийн аюулгүй байдлын шинэ төлөвлөгөөг баталсан. Тиймээс Европийн холбоо болон түншүүдээ шавдуулж, Украинд зээл олгох хүсэлтэй байна. Хэрэв Украинд хөрөнгө босгох хүсэлгүй байгаагаа мэдэгдсэн Дональд Трамп ерөнхийлөгч болбол Жо Байдены Киевт үзүүлэх нөлөө нуран унана. Трампын хувьд ерөнхийлөгчийн анхны бүрэн эрхийн хугацаандаа Парисын уур амьсгалын өөрчлөлтийн гэрээ, Ираны цөмийн хэлэлцээр зэрэг дэлхийн хэмжээнд АНУ-ын арилжааны нөлөөг нэмэгдүүлэх гэрээнүүдээс татгалзаж байсан.

ЗЭЭЛ ОЛГОХ НЬ ЭРСДЭЛТЭЙ ЮУ?

Зээл авах нь эрсэлтэй болохыг олон улсын шинжээчид бүгд хэлсэн. Хэрэв Орос дайнаа зогсоож, хөрөнгөө эргүүлэн авч чадвал барууны орнууд болон "Их-7" 50 тэрбум ам.долларын зээлээ төлж чадахгүй болно. Мөн Оросын битүүмжилсэн хөрөнгийн хүү зах зээлийн хэлбэлзлээс болж зээлийн хүүг төлөх хэмжээний болж чадахгүй бол "Их-7"-ийн орнууд эргэн төлөлтийг санхүүжүүлэх өөр арга зам хайх шаардлага гарна.  Гэсэн хэдий ч Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейен "Их-7"-ийн бүх улс орнууд зээл авахад хувь нэмрээ оруулна гэсэн. Гэхдээ тодорхой мэдээлэл олгоогүй аж.

Түүнчлэн Европ дахь Оросын хөрөнгийн эсрэг хориг арга хэмжээг Европын холбооны бүх гишүүн орнууд хамтран жил бүр батлах шаардлагатай. Жишээ нь ерөнхийлөгч Владимир Путинд зөөлөн ханддаг Европын холбооны гишүүн Унгар нь Оросын хөрөнгийг битүүмжлэхээс татгалзвал зээлийн эргэн төлөлтийг тасалдуулж болзошгүй. Учир нь Унгар энэ оны эхээр Украинд үзүүлэх Европын холбооны тусламжийн нэг хэсэгт оролцохоос татгалзсан.

Эх сурвалж: Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж