Лука Модрич: Бид алдаа гаргах эрхгүй

Хуучирсан мэдээ: 2024.06.19-нд нийтлэгдсэн

ЕВРО-2024

Лука Модрич: Бид алдаа гаргах эрхгүй

Лука Модрич: Бид алдаа гаргах эрхгүй

Евро 2024 тэмцээний хэсгийн шатны хоёрдугаар тойрог өнөөдөр/2024.06.19/ эхэлнэ. Үүнтэй холбогдуулан та бүхэндээ тоглолтын өмнөх мэдээллийг хүргэе.


ХОРВАТ – АЛБАНИ /21.00 цаг/

Хорват, Албани хоёр хоёулаа нээлтийн тоглолтдоо хожигдол хүлээсэн. Хорват эхний тоглолтдоо Испанид 0-3 гэсэн харьцаатай хожигдсон учир өнөөдрийн тоглолтод заавал хожих даалгавартай. Багийн ахлагч Лука Модрич ч "Бид алдаа гаргах эрхгүй. Нэг талаараа энэ нь зөв зүйл. Учир нь бид ялахаас өөр сонголтгүй гэдгээ мэдэж байна" гэжээ.

Харин Албани нээлтийн тоглолтод Италийг багагүй сандаргасан. Недим Бажрами Еврогийн түүхэн дэх хамгийн хурдан гоолыг аваргуудын хаалганд оруулж, түүх бүтээв. Гэхдээ дараалан хоёр гоол алдаж, Италид тахим буулгасан. Бажрами тоглолтын өмнө Хорватын талаар "Би Брозовичийг сайн мэднэ. Учир нь түүний эсрэг Сери-А лигт тоглож байлаа. Модрич, Ковачич хоёр дээд зэрэглэлийн тамирчид. Тиймээс тэдний эсрэг 100 хувь төвлөрөх хэрэгтэй" гэжээ.

ГЕРМАН – УНГАР /00.00 цаг/

Германы шигшээ эх орондоо нээлтийн тоглолтод таван гоол оруулж, ард түмнээ баярлуулсан. Жамал Мусиала, Флориан Виртц нар энэ Еврогийн гол төлөөлөгчид байна гэдгээ зарлачихав. Гэхдээ өнөөдөр Унгартай амаргүй тоглолтыг хийнэ. Учир нь тэд Унгарын эсрэг сүүлийн гурван тоглолтдоо нэг хожигдож, хоёр тэнцжээ.

Германы хагас хамгаалагч Эмре Чан "Унгар үргэлж амаргүй өрсөлдөгч байсаар ирсэн. Тэдний эсрэг тоглох хэцүү. Евро 2020 тэмцээний хүрээнд тэдэнтэй 2-2 гэсэн харьцаатай тэнцэж байснаа санаж байна. Бид өөрсдийгөө сайн бэлдэх хэрэгтэй. Хэрэв бид Шотландыг хожсон эрчээрээ тогловол сайн тоглоно" гэжээ.

Тэгвэл нээлтийн тоглолтдоо Швейцарьд хожигдсон Унгарын шигшээ багийн гарааны ихэнхи тоглогчид нь Германд хөлбөмбөгийн боловсрол эзэмшсэн. Тэд ч нээлтийн өдөр тоглосон шигшээ дахиж муу тоглохгүй гэдэгтээ итгэлтэй байна. Унгарын хаалгач Петер Гулаши "Бидний тоглох бүтэц ойлгомжтой. Хүн бүр хэрхэн тоглохоо, үүрэг хариуцлагаа мэднэ" гэлээ.

ШОТЛАНД – ШВЕЙЦАРЬ /03.00 цаг/

Тартаны арми нээлтийн өдөр сүр хүчийг үзүүлсэн ч шигшээ баг нь Германы эсрэг яаж ч чадаагүй. Харин өнөөдөр өөр байх болно гэдгийг Каллум МакГрегор хэлж байна. Тэрбээр "Хүн бүр бидэн дээр ирээд тааруу тоглосныг минь хэлж болно. Гэхдээ тэглээ гээд бид нурж унахгүй. Швейцарь, Унгараас цус үнэртэж байна. Одоо бид бүхнийг засах ээлж ирж байна" гэжээ.

Мурат Якины залуус нээлтийн өдөр Унгарын аргыг олчихсон. Одоо яхир, шархадсан Шотландтай тулна. Багийн ахлагч Гранит Шака "Бид Шотландыг ямар нөөц бололцоотойг мэднэ. Том багуудад тоглодог том тоглогчидтой" гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж