Казахстаны сөрөг хүчний зүтгэлтэн, "YouTube" суваг дээрээ 1 сая гаруй дагагчтай нэрт Айдос Садыков Киев дэх гэрийнхээ ойролцоо буудуулж, эмнэлэгт хүргэгджээ. Түүнийг гаднын орноос захиалгаар хөнөөх гэж завдсан гэж цагдаагийн алба үзэж байна. Айдос Садыков 2014 онд Украинд орогнох эрх авсан ба түүний эхнэр Наталья Садыкова олон нийтийн сүлжээнд “Өнөөдөр Киевт гэрийн ойролцоо Айдос Садыковын амь насанд халдахыг завдсан” гэж бичжээ.
Садыков эхнэрийнхээ хамт Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевыг шүүмжилдэг. Мөн Айдос Садыковыг өнгөрсөн жилээс Казахстанд эрэн сурвалжилж байгаа. Киевийн албаныхан мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн гэж мэдэгдээд "Урьдчилсан мэдээллээр хохирогч эхнэрийн хамт байсан. Тэдний машин руу буутай үл таних этгээд гүйж ирээд эрэгтэйг буудаж, дараа нь зугтсан. Одоо Айдос Садыковын биеийн байдал муу байгаа ба эмнэлэгт эмчлүүлж байна. Хууль сахиулах байгууллага халдлага үйлдэгчийг тогтоох арга хэмжээ авч байна” гэж мэдэгджээ. Наталья Садыкова ерөнхийлөгч Токаев нөхрийг нь алах тушаал өгсөн гэж буруутгав.
Эх сурвалж: Guardian