Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил нийт нутгаар хур бороо элбэг байж үерийн аюул учирсан. Өнөө жил ч үерийн эрсдэл өндөр байгаа тул үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэл болон 21 аймгийн Онцгой байдлын газрын дэргэд "Үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах шуурхай штаб" байгуулжээ.
ХОВД АЙМАГ ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭГЭЭР ДУНД ЭРСДЭЛТЭЙ ГЭЖ ҮНЭЛЭГДЖЭЭ
Ховд аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд “Ховд аймгийн хувьд эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр дунд эрсдэлтэй гэж үнэлэгдсэн. Тиймээс эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан үерийн эрсдэлтэй газар суурьшсан айл өрхүүдийн судалгааг яаралтай гаргах чиглэл өгсөн. Иргэдэд зөвлөмж мэдээллийг өгөхөөс гадна үерээс хамгаалах далан, суваг, шуудуунд үзлэг шалгалт зохион байгуулаад байна. Мөн гарц, урсацыг нээж, хяналт тавьж ажиллах, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэж ажиллаж байгаа. Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээллийг хүргэх зэрэг ажлууд дээр анхаарч ажиллах талаар холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллаж байгаа аж. Мөн энэ сарын 17-нд орсон борооны улмаас Увс аймгийн Түргэн сумын голын түвшин ихсэж үерлэжээ. Тиймээс иргэд тухайн аймгийн бүс нутагт зорчихдоо гол усаар гарахдаа баталгаатай зам гүүрээр зорчих, машин техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж явахыг тус аймгийн ОБГ-аас анхаарууллаа.
Завхан аймгийн төв Улиастай суманд уруйн үер буусны улмаас 131 га талбай, 158 өрхийн 449 иргэн үерт өртөөд байна. Үерийн эрсдэлийг бууруулахаар тус аймгийн Онцгой комисс, сумын Мэргэжлийн ангийнхан, Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Цагдаагийн газрын нийт 150 алба хаагч, 27 техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа аж.
Мөн Улсын Онцгой комиссын даргын тушаалаар орон гэргүй болсон 40 өрхөд гэр олгохоор шийдвэрлэсний зэрэгцээ хүнсний багц, 120 тн ариутгалын бодис, усны гутал 50 хос, автомакс 6 зэрэг хамгаалах хувцас хэрэгсэл болон үерийн гамшгийн дараах хор уршгийг арилгахад шаардлагатай 400 сая төгрөгийг шийдвэрлэсэн юм. Тусламжийн цуваа өчигдөр ҮерийнЗавхан аймаг руу хөдөлсөн бөгөөд иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх, ариутгал халдваргүйтгэлийг хийх, шаардлагатай нөхцөл байдалд Аймгийн Онцгой комисстой хамтарч шуурхай дэмжлэг үзүүлж ажиллаж байна.
Ус цаг уур орчны шинжилгээний газраас зургаа болон долдугаар сард түр зуурын аадар бороо орох урьдчилсан төлөвийг танилцуулсан. Энэ жилийн хувьд хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэх төлөв ажиглагдаж байгааг цаг уурчид сануулав.
Ойрын өдрүүдэд орох түр зуурын аадар борооны улмаас хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх төлөвтэй байгаа аж.
Тиймээс иргэд үер усны аюулаас хэрхэн сэрэмжлэх талаар зөвлөмжийг хүргэж байна.
-Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах
-Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдирол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх
-Үерийн аюултай бүс нутгаас нүүх
-Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
-Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх
-Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх
Чухал бичиг баримт, үнэт зүйлсээ үерийн усанд урсах, норохоос хамгаалсан найдвартай газар хадгалах, түүнийг гэр бүлийн гишүүд мэддэг байх
-Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байхыг анхааруулж байна.
Холбоотой мэдээ