Ливаны Хезболла бүлэг Израилийн цэрэг болон иргэний байршлуудыг зориудаар харуулсан дроны бичлэгийг саяхан нийтэлсэн. Есөн минутын бичлэгийн хариуд Израилийн тал Хезболлад анхааруулга өгчээ. Тодруулбал, Израилийн Гадаад хэргийн сайд Израиль Кац "Бид Хезболла болон Ливаны эсрэг тоглоомын дүрмээ өөрчлөх чухал мөчид тун ойрхон ирээд байна. Бүрэн хэмжээний дайн болвол Хезболла устаж, Ливан их хэмжээний хохирол амсах болно" гэлээ.
Хезболлагийн бичлэгт Израилийн Хайфа хотоос хойд зүгт орших хүн ам ихтэй суурин хотуудын нэгдэл болох Крайот орчмыг харуулжээ. Крайот нь Ливаны хилээс өмнө зүгт 28 км зайд орших бөгөөд худалдааны төв, өндөр барилга олонтой. Мөн Израилийн зэвсэг үйлдвэрлэгч Рафаэл компанид хамаарах цэргийн цогцолборыг харуулжээ. Хайфа орчимд байх уг цогцолборт пуужингийн агуулах, радарын бааз, цэргийн завь, хөлөг онгоц, газрын тосны агуулах зэрэг байгууламжууд бий.




"Хятад, Энэтхэгийн томоохон компаниудын хариуцан ажиллуулдаг байгууламжуудын бичлэгийг хийснээрээ Хезболла өнөөдөр онгирч байна" гэж Израиль Кац хэлжээ. Энэ үгээрээ тэр Хайфад хийх халдлага нь дэлхийн хэмжээний үр дагавартай гэдгийг онцолсон юм.
Хайфа дээгүүр Хезболлагийн дрон хэдэн өдрийн турш олон цагаар ниссэн гэж таамаглаж байна. Дрон нь Иранд үйлдвэрлэсэн "Касаф-2к", эсвэл Ливаны дотоодын үйлдвэрийн загвар байж магадгүй гэж зэвсгийн шинжээч Вим Звижненбург хэлжээ.
Хайфа хотын дарга Ёна Яахав Хезболлагийн бичлэгийн сэтгэл зүйн заналхийлэл гэж нэрлээд, хотыг хамгаалахыг эрх баригчдад уриалсан байна. Мөн аравдугаар сарын 7-ноос хойш Хайфад огт ирээгүй гэж Израилийн хүчний командлагчдыг шүүмжлэв.
Харин Хезболла энэ бичлэгээ дөнгөж эхний анги гэж танилцуулжээ. Тиймээс цаашид Израилийн нутаг дэвсгэрийн өөр бичлэгүүд гарч ирнэ гэсэн үг юм. Мөргөлдөөнийг хурцатгахгүй байхыг АНУ болон холбоотнууд Хезболлад хэдэн сарын өмнөөс анхааруулсан. Гэвч сүүлийн долоо хоногуудад мөргөлдөөн улам хурцдах төлөвтэй байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ