ОХУ-ын ерөнхийлөгч Путин Лхагва гаригийн өглөө эрт Пёньянд хүрэлцэн иржээ. Энэ бол Путины 24 жилийн дараах анхны Пёньяны айлчлал юм.
ОХУ-ын ерөнхийлөгчийг онгоцны буудал дээр Ким Жон Ун өөрийн биеэр угтан авсан бөгөөд тэд хамтдаа Путины байрлах "Кумсусан" зочид буудал руу явжээ. "Кумсусан" нь төрийн айлчлалд зориулсан зочид буудал юм. Айлчлалд зориулж Пёньяны гудамж талбайг Оросын туг далбаа болон Путины зургаар чимжээ. Мөн төв талбайд томоохон хэмжээний парад зохион байгуулахаар бэлтгэж буйг "Planet Labs" болон "Maxar Technologies" компаниудын хиймэл дагуулаас авсан зургууд харуулна.
Энэ удаагийн айлчлал нь онцлон тэмдэглүүштэй чухал үйл явдал гэдгийг Путины туслах Юрий Ушаков хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн юм. Хоёр улсын удирдагч айлчлалын үеэр шинэ стратегийн түншлэлийн гэрээ хэлэлцээнд гарын үсэг зурна. Ушаковын мэдээлснээр энэхүү гэрээ нь бусад улсын эсрэг өдөөн хатгасан аливаа агуулгагүй, харин Зүүн хойд Азийн тогтвортой байдлыг хангах зорилготой. Удирдагчид ОХУ, Пёньяны хооронд байгуулсан 1961, 2000, 2001 оны гэрээ хэлэлцээрүүдийг шинэчлэн гарын үсэг зурцгаана.
Дашрамд дурдахад, Сөүлийн Евха их сургуулийн профессор Лейф-Эрик Эйсли уг айлчлалын талаар хэлэхдээ “Путиныг угтан авах хүсэлтэй орнуудын жагсаалт өмнөхөөсөө цөөрсөн ч Ким Жон Уны хувьд энэ айлчлал ялалт боллоо. Дээд хэмжээний уулзалт нь АНУ тэргүүтэй олон улсын дэг журмыг эсэргүүцэж буй орнуудын дунд Хойд Солонгосын статусыг дээшлүүлнэ. Ингээд зогсохгүй дотоод дахь хууль ёсны байдлыг нь ч бэхжүүлнэ. ОХУ нь эдийн засгийн хувьд Хятадыг орлож чадахгүй ч эл хамтын ажиллагаа нь Пёньянд сонголт байгаа гэдгийг харуулж байна” гэжээ.








Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ